Иргэдийг “айлгадаг” байцаагчтай болъё

-Орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагч үгүйлэгдэж байна-

Хэд хоногийн өмнө Дашчойлин хийдийн хашаан дотор алхаж явтал 50 орчим насны болов уу гэмээр хоёр эрэгтэй хүн хоорондоо их л таарамж муу яваа бололтой тэр хавиар нэг том дуугарсаар хийдийн хашаанд орж ирэв.

Хоёр биенийхээ хойно урд орон бухимдангуй гэгч нь алхаж яваа тэдний арай ахмад нь байх гэмээр эр “олон хүний дунд яваа байж нус, шүлсээ ч хямгадчихаж чадахгүй. Хүний салхин дээр шууд л нусаа нийж гэнэ. Яасан дүүрчихсэн заваан нөхөр вэ” гэх дуулдав. Харин цаад хүн нь хариуд нь “хурал номын газар орж ирчихээд хэрүүл хийж байхаар ганц хүрд эргүүлэхээ бод” хэмээв.

“Тэгэхгүй яадаг юм” хэмээн цаадах нь мөчөөгөө өгсөнгүй. Тэр хоёр ийн маргалдсаар хийдийн эзэмшлээс гарч одлоо. Хоёр эр хүн гудамжинд нус, шүлсээ замбараагүй хаялаа хэмээн нэгнээ зэмлэж байхыг хараад үнэндээ баярласан. Нэг ч гэсэн хүн олны дунд явж байхдаа биеэ боловсон авч яв. Миний эрх таны эрхээр, таны эрхээр миний эрх хязгаарлагдана хэмээж байна.

Бидэнтэй нус шүлсээ хаях байтугай бүдүүлэг гэмээр зүйл өдөр бүр тааралддаг. Эрэгтэй эмэгтэйгүй гудамжинд нус, цэрээ нийж, шүлсээ хаяна. Дээрээс нь эрчүүд нь энд тэндхийн булан тохой бараадан хээв нэг морь харах энүүхэнд. Гэтэл бид та ингэж хаа таарсан газраа нус, шүлсээ хаяж болохгүй хэмээн нэгэндээ шаардлага тавьж чаддаг бил үү.

Ихэнх нь дэмий л яасан бүдүүлэг нөхөр вэ гэж бодоод, хэлэх гэсэн үгээ залгиад өнгөрдөг. Тиймээс л хүн бүр өөрийн дураар хязгааргүй эрх чөлөө эдлэн гудамжинд бие засч, хаа таарсан газартаа татсан тамхиныхаа ишийг шидчихдэг хэрэг. Тэгсэн атлаа нийслэл маань хогтой, бохир байна хэмээн гомдоллох дуртай.

Бид хэдий хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч эрх, эрх чөлөөгөө эдэлж байгаа нь энэ хэмээн хаана хамаагүй хог, үнсээ асгаж, дугуй шатаан, машин угаагаад баймгүй. Эзэнтэй атлаа эзэнгүйдчихээд буй нийтийн эзэмшлийн зам талбайгаа эзэнтэй болгох цаг хэдийнэ болсон.

Манай сонин нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, хороолол доторх зам, талбайг эзэнжүүлэхээр орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагч үгүйлэгдэж байгаа талаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ.

Дүүрэг, хороо, хэсэг ийм байцаагчтай болсноор аж ахуйн нэгж, байгууллага, иргэд угаадас, үнс, хогоо хааш нь асгах, хэзээ ачуулах, хэн нь ил задгай хаяж байгааг хянах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, хэн буруутай нь түүнийхээ хариуцлагыг хүлээж нийслэл цэвэр цэмцгэр болно гэсэн. Хэн нэгэн нь гудамжинд хог хаявал хаа нэгтэйгээс таних тэмдэг зүүсэн орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагч гарч ирэн түүнийг торгож, арга хэмжээ авна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайг бохирдуулчихаад мөнгө төлж чадахгүй гэх хүн цөөнгүй таарна байх. Эдгээр хүмүүсийг бохирдуулсан газрыг нь хэд дахин ихэсгэн цэвэрлүүлж болох юм. Хэрэв энэ санаа ажил хэрэг болж чадвал хот цэвэр цэмцгэр болохоос гадна ажлын байр нэмэгдэнэ.
Нийслэлчүүд нэг хоёроороо траншейнд унаж энддэг, явганаас хальтирч унан хөл гараа гэмтээхээс сэргийлж эдгээр байцаагч нар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад танай эзэмшлийн газар мөстэй, траншей чинь онгорхой байна хэмээн анхааруулж орчны аюулгүй байдалд санаа тавих юм.

Гэхдээ энэ ажлыг ямар хүмүүсээр хийлгэх, урамшуулал, цалинг нь хэрхэн шийдэх зэрэг асуудал босч ирэх нь дамжиггүй. Доорх хувилбаруудаас амьдралд хэрэгжүүлэхэд болохгүй гэх газаргүй.

ХУВИЛБАР 1

Орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагчаар ажиллахад хамгийн тохиромжтой хүмүүс бол хэсгийн ахлагч нар. Нийслэлд эдүгээ 1000 гаруй хэсгийн ахлагч ажилладаг. Төрийн албаны хамаг л хар бор ажлыг нугалдаг тэд хариуцсан хэсэгтээ танихгүй хүнгүй, татаагүй хаалгагүй хүмүүс. Хэсгийн ахлагч нар энэ ажлыг хийхэд тухайн хороо, хэсгийн аль хэсэгт хэнийх амьдардаг, хаана юу байдгийг андахгүй давуу талтай.

Тэд элдэв судалгаа авах, зар түгээх, хэсгийнхээ айлуудын хогийг ачуулах гэж тавхайгаа эргэтэл явдаг атлаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний урамшуулал авдаг. Тиймээс хэсгийн ахлагч нар зөрчил гаргасан иргэдийн торгуулийн мөнгөний тодорхой хувийг нэмж аван амьдрал ахуйдаа нэмэрлэхэд болохгүй юм байхгүй.

ХУВИЛБАР 2

Хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй иргэдийг орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагчаар ажиллуулж болох юм. Иргэдийг “айлгадаг” байцаагч ажиллуулж эхэлснээр хот цэвэр цэмцгэр болохоос гадна ажлын байр нэмэгдэнэ.

Эдгээр байцаагчийн ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, орон тоо бий болгох нь чухал. Орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагч нар зөрчил илрүүлж, торгуулийнхаа тодорхой хувиар урамшуулал эсвэл цалин авч болно.

ХУВИЛБАР 3

Утааны байцаагч ажиллуулахаар шийдвэрлээд байгаа. Энэ утааны байцаагчид орчны аюулгүй байдал, ариун цэврийн байцаагчийн ажлыг хавсаргаж болно. Ингэлээ гээд илүү зардал гарахгүй.

ХУВИЛБАР 4

Бүр болохгүй бол төсөвт байгууллагуудын танил талдаа зориулж бий болгодог орон тоог цомхотгож оронд нь эдгээр байцаагчийг цалинжуулж яагаад болохгүй гэж. Нэн түрүүнд эдгээр байцаагч нарыг хариуцсан нутаг дэвсгэр, эрх мэдэлтэй болгох нь чухал.

Мөн иргэд орчны ариун цэвэр, аюулгүй байдлын талаар эдгээр байцаагч нарт мэдээлэл өгдөг тусгай дугаар ажиллуулах хэрэгцээ гарна. Ийм утас байдаггүйгээс иргэд энэ төрлийн зөрчлийн талаар хаана, хэнд хандахаа мэддэггүй. Тодорхой дугаар хаяг байхад иргэд эрх ашгийнхаа төлөө болохгүй нэгнээ барьж өгч л таарна.

Уг нь хоёр жилийн өмнө нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд тохижилт үйлчилгээний олон нийтийн байцаагч ажиллуулахаар болсон. Гэвч энэхүү санаачилга бодит амьдрал дээр ажил хэрэг болсонгүй өдийг хүрлээ. Эдүгээ дүүргүүдэд иргэдээс мэдээлэл авч, энэ дагуу ажилладаг, зөрчил гаргасан иргэдийг торгох эрхтэй байцаагч нар алга.

Зарим дүүрэг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс түр ажлын байр гаргаж орлогогүй, амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага орлоготой тодорхой тооны иргэдийг жилийн хугацаанд байцаагчаар ажиллуулж эхэлжээ. Энэ ажил шуудайд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг дүүрэг тус бүрт ийн харилцан адилгүй байна.

Эдүгээ хөгжлөөрөө гайхагддаг гадны улсууд буруутай этгээд нь түүнийхээ хариуцлагыг хүлээх зарчим бий болгосноор хотууд нь цэвэр цэмцгэр байж чаддаг гэдэг. Тиймээс юуны түрүүнд иргэдийн ухамсрыг дээшлүүлж тэднийг “айлгах” орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагчтай болъё.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих