Ц.Оюунгэрэл: Шинэ хуульд “Байгаль орчны боловсрол” гэсэн бүлэг шинээр оруулсан
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл шинэчлэн боловсруулж буй Хог хаягдлын тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар эмнэлгийн хог хаягдал устгадаг газар,ТҮК-ийн ажилчид, дахивар бүтээгдэхүүн цуглуулдаг иргэдтэй уулзаж тухайн газар дээр нь очсон юм. Тэрээр Багануур, Багахангай дүүрэгт ажилласныхаа дараа эмзэг бүлгийн хүмүүсийг нэгтгэж ажиллаж амьдрах боломжоор хангадаг “Зөв амьдрал” ТББ болон Цагаан даваа, Улаанчулуутын хогийн цэгийн дахивар бүтээгдэхүүн цуглуулдаг хүмүүстэй уулзаж, цэвэрлэх байгууламжуудаар орлоо. Энэ үеэр Ц.Оюунгэрэл гишүүнээс шинэчлэн боловсруулж буй Хог хаягдлын тухай хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
Эмзэг бүлгийн хүмүүсийг нэгтгэж ажиллаж амьдрах боломжоор хангадаг “Зөв амьдрал” ТББ болон Цагаан даваа, Улаанчулуутын хогийн цэгийн дахивар бүтээгдэхүүн цуглуулдаг хүмүүстэй уулзаж, цэвэрлэх байгууламжуудаар орлоо.
-Хог хаягдалтай харьцаж байгаа хүмүүс болон иргэдтэй уулзах үеэр олон санал хэлж байна.“Зөв амьдрал” ТББ-тай танилцах үеэр эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлж байгаа ажлыг төрөөс дэмжих хэрэгтэй юм шиг санагдлаа?
-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг авч тусгахаар гурван хоног газар дээр нь ажиллалаа. Хуулийн төсөлд тусгамаар зөв зүйтэй саналуудыг иргэд хэлж байна. Саналыг нь ч олзуурхаж тэмдэглэж авч байгаа. Бидний танилцсан “Зөв амьдрал” ТББ дахивар ялгадаг, Нарангийн энгэр болон Цагаан даваанд амьдарч байсан хүмүүсийг төвдөө авчирч амьдрах ухаанд төлөвшүүлж, ажил эрхлүүлж байна. Дахивар ялгадаг, шоронгоос суллагдсан, хүчирхийлэлд өртсөн хүмүүст шинэ амьдрал бэлэглэж төрийн үүргийг гүйцэтгэж байгаад талархаж байна. Хамтын хүчин чармайлтаар нийгэмшиж байгаа “Зөв амьдрал” ТББ-ын хүмүүсийн амьдрал, орчинтой танилцсаныхаа дараа хамгийн гол нь энэ хүмүүст төрийн халамж хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Төрөөс бүх талаар нь дэмжих ёстой. Ялангуяа хогийн цэг дээр дахивар цуглуулдаг хүмүүсийн ариун цэврийн үйлчилгээнд анхаарах хэрэгтэй юм. Мөн хог хаягдлын байгууламжуудад хогийг ялгах ангилах, дахин ашиглах эрхийг хуулийн дор нээж өгөх хэрэгтэй. Олон төрлийн дахивар нөөцийг ашиглаад ирэхээр дахивар нөөцийн эрүүл ахуйн шаардлагыг хангах шаардлагатай болно. Жишээлбэл, нохой гэхэд л өвчинтэй эсэхийг нь шинжилгээнд хамруулж байж арьс, соёо, шагайг нь авна гээд хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр энэ эрсдлийг яаж багасгаж байж эрхийг нь өгөх вэ гэдэг дээр хуулиар хаалгыг нь нээж өгөх хэрэгтэй юм. Дахивар цуглуулж байгаа хүмүүс бохир бүтээгдэхүүнтэй гараараа харьцаж байна гэдэг чинь халдварт өвчин үүсгэнэ гэсэн үг. Тиймээс эрүүл ахуйн наад захын шаардлага хангасан хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай. Албан бус секторыг дэмжих чиглэлээр хог хаягдлаа багасгасан улс олон байдаг.
-Шинээр боловсруулж байгаа хуульд дахивар нөөцийн үйлдвэрлэлийн талаар юу гэж тусгаж байгаа вэ?
-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хог хаягдлыг дахин ашиглах, дахивар нөөц бүрдүүлэх дахиврын үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах талаар тусгаж өгсөн. Ингэснээр хуулиас иргэд нөөцөө олж харах юм. Мөн хог хаягдлын эдийн засгийн зохицуулалт гэдэг бүлэгт хог хаягдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны үүргийг тодорхойлж өглөө. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн иргэн аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг ч нэмж тусгасан.
-Дахивар цуглуулж амьдралаа залгуулдаг хүмүүст тулгараад байгаа гол асуудал бол үнэ. Тодруулбал, дахивар нөөцийн үнэ адилгүй байгаагаас тэд хохирч байх шиг?
-Тайвань, Япон, Герман зэрэг гадаадын ихэнх улс оронд дахивар нөөцийн үнэ орон даяар адилхан байдаг юм билээ. Энэ маш чухал гэдгийг дахивар нөөц цуглуулж байгаа хүмүүстэй биечлэн уулзаад мэдлээ. Хуулийн төслийн төсөөллийг хийхдээ уншсан мэдсэн зүйлийнхээ хүрээнд хийсэн. Заалт бүр дээр энэ амьдралд хэрэгжих үү үгүй юу гэдгийг нэг бүрчлэн судлахын тулд газар дээр нь танилцсандаа олзуурхаж байна. Өөрөөр хэлбэл дахивар бүтээгдэхүүний нөөцийн үнэ нэг газраа үнэтэй байх юм бол хямдхан газрын хог нь хөглөрөөд байдаг юм байна. Тиймээс бүх газар анхан шатны дахивар нөөцийн үнэ адилхан байх ёстой юм гэдгийг хуулинд тусгаж өгнө. Хог хаягдлаа цэвэрлэх утгаараа ч энэ их зөв механизм юм байна. Чөлөөт зах зээлийн асуудал биш хогоо цэвэрлэх менежмент гэж ойлгож болно.
-Хог хаягдлыг ангилж хаях асуудал нэг талаараа иргэдийн ухамсартай холбоотой байх. Нөгөө талаараа хуульчилж өгөх хэрэгтэй гэдгийг иргэд дэмжиж байна?
-Хогийг ангилж хаях асуудлыг хуульд шийтгэлийн аргаар оруулаагүй. Хүүхдээс авахуулаад иргэн, айл өрх, аж ахуй нэгжид байгаль орчны боловсрол олгох шаардлагатай байна. Тиймээс Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгадаа Байгаль орчны боловсрол гэсэн бүтэн бүлэг шинээр оруулж өгч байгаа. Энэ бүлэгт байгаль орчны боловсрол олгох байгууллагын эрх үүрэг, хамрах хүрээг тодорхойлж өгсөн. Айл өрх, аж ахуй нэгж хогоо тушаахдаа дахивар нөөцөө тусад нь хог хаягдлаа тусад нь өгөх шаардлагыг тавина гэсэн үг. Ингэснээр байгаль орчны нөлөөг багасгаж, ачилтын ажилтны хөдөлмөрийг хөнгөвчилнө гэж ойлгож болно.
-Цэвэрлэх байгууламжуудтай танилцаж явахад химийн бодистой, бохирдол нь стандартаас хэтэрсэн ус нийлүүлж байгаа газарт торгууль ноогдуулах талаар ярьж байсан. Эдийн засгийн талаасаа үйлдвэрлэгчдэд хүнд тусах юм биш үү?
-Нийслэлийн хэмжээнд байгаа бүх цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Цэвэрлэх байгууламжууд руу үйлдвэрээс ирж байгаа ус стандартад нийцэхгүй бол нэмэлт төлбөр төлүүлэхээр хуулинд зааж байгаа. Хэрэв илүү төлбөр төлөхгүй гэвэл химийн бодис хэрэглэдэг үйлдвэрүүд усаа саармагжуулж, стандартын дагуу төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх хэрэгтэй юм. Мэдээж нэмэлт тоног төхөөрөмж суурилуулж, цэвэрлэх байгууламж барина гэхээр хөрөнгө их шаардагдана. Нийтийн аюулгүй байдал, байгаль орчны төлөө учраас үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагыг бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлээр дэмжих талаар хуульд оруулж өгөх хэрэгтэй юм.
-Аюултай хог хаягдал тээвэрлэхэд тусгай зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай байна гэдгийг ТҮК-ийн ажилчид хэлж байна.Ийм заалт орж байгаа юу?
-Ахуйн хог хаягдлын хувьд аж ахуйн нэгж, байгууллагад энгийн зөвшөөрөл олгодог хэвээрээ байна. Харин аюултай хог хаягдал тээвэрлэх асуудалд нарийн шаардлага тавих хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг тухайн орон нутагтай гэрээ хийсэн компани гүйцэтгэнэ. Сумын төвд аюултай хог хаягдлыг тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компани байхгүй гэж бодоход химийн мэргэжилтэй хүн байж болно. Мөн мэргэжлийн хүний байгуулсан нөхөрлөл, хоршоо, аж ахуй нэгж аюултай хог хаягдлыг цуглуулаад бэлтгэн нийлүүлж болно. Шинэчилсэн найруулгын төсөлд хог хаягдал хаях газрын байршлыг тогтоох, тухайн газар тавигдах шаардлагыг оруулсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:














