Улс төр дахь бохирыг бүрэн цэвэрлэе

159797-11042015-1428725233-826809675-ordon1Ардчилсан намын 25 жилийн ойн баярын хурал дээр зарим гишүүн нь “Намаа хорлодог УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооц!”, “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ” гэх зэрэг уриа лоозон барьж “сюрприз” үзүүлсэн. Энэ нь дарга нартаа таалагдаагүйн учир хурлаасаа хөөгдсөн явдал гарсан.

Энэ яахав ардчилалд байх л ёстой зүйл гэдгийг хэн ч хэлэх, харин энэ хурал дээр Ардчилсан намын дарга З.Энхболд тавьсан илтгэлдээ. -Өнөөдрөөс эхлэн фракцгүй Ардчилсан нам болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдэж байна. Иймээс манай нам доторх фракцийн удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрч зөвхөн улс, эх орныхоо төлөө зүтгэх АН гэдэг ганц фракцид нэгдэхийг уриалж байна гэсэн нь бүхний анхаарлыг татсан юм.

Энэ үгийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байх шиг. Монгол төрийн албыг намаар бас улстөрөөр талцдаг хийрхлээс гаргах алхам гэж хэлэх хүн байна. Гэтэл зарим нь З.Энхболд шоудаж байгаа юм. Өөрөө “Шонхор” фракц байгууллаа гээд шувууны баримал тэврээд харайлгаж байсан БҮРЭН ЦЭВЭРЛЭЕ нөхөр. Тэр нь ч өөрт нь тус болсон байлгүй дээ.

Бид “Шонхор”-ынхон гэж хашгирч байгаад шинэчлэлийн Засгийн газраа унагахад гол үүрэг гүйцэтгэсэн. Бас Н.Алтанхуягийг “Алтан гадас”-тай нь намын готигонд орхиод өөрөө намын дарга болсон зальтай нөхөр шүү дээ гэж эргэлзэж байх юм. Ер нь албан тушаалын томилгоо, Засгийн газар байгуулах, огцруулах зэрэг улстөрийн хүрээний амин гол асуудал намууд, тэр доторх фракцын шийдвэрийг л хардаг нь нууц биш.

Ерөнхий сайд байлаа ч тэдний амыг харж суудаг, өөрөө нэг сайд саналаараа томилчих эрхгүй байдаг гээд бод доо. Энэ бүхний бурууг З.Энхболд дарга сая ухаарав уу. Үнэхээр л хэлсэндээ хүрэх юм бол сайн л хэрэг. Та өнөөгийн бохирдсон улстөрийг цэвэрлэх эхний алхмаа зөв хийвэл цаана нь бас “хог шаар” их л бий шүү дээ. Даангүй Улсын Их Хуралд.

Үнэндээ УИХ-ын гаргаж байгаа шийдвэр болон олон эрх мэдлийг булааж авсан нэг хууль бус хүчин бол намын бүлэг. Тэгэхлээр фракцыг үгүй хийсэн шигээ УИХ дахь намын бүлгийг орвонгоор нь “арчмаар” байна. Намын бүлгүүд гэдэг хийрхэл УИХ-ын дээр суучихсан шүү дээ. УИХ-ын үйл ажиллагааг хэн гацаадаг вэ гэвэл намын бүлэг. Бүр эрт гэхдээ З.Энхболд даргыг парламентад сууж байхад хэсэг бүлэг нөхдийн хуйвалдаанаар Үндсэн хуулийн заалтыг зөрчиж УИХ-ын дэг гэгчдээ “УИХ-д намын бүлэг байна” гэсэн заалт оруулж амжсан байдаг.

Үүнийг одоо өөрчлөх цаг нь болсон биш үү. Социализм гэгчийн үед нам төвтэй улстөр гэгч гай байсан гэж өнөөгийн улстөрчид сүржигнэдэг. Тэгвэл Монголын өнөөгийн төр чинь нам төвтэй л байна шүү дээ. Намын бүлгийг даруйхан устгахгүй бол удахгүй хэлэлцэх сонгуулийн хууль ч олигтой болохгүй. Хууль хэлэлцээд эхлэхтэй зэрэг тэр намын бүлгүүд улам идэвхжээд чуулганыг гацаана. Намын эрх ашгаа улс орны эрх ашгаас дээгүүр тавьдаг.

Ингээд юу ч биш болгож сонгогчдын эрхийг хязгаарлан “тал сонгууль” хийж намын жагсаалт нэрээр болох бүтэхгүй, мөнгө хөрөнгөтэйчүүдийг бас олон удаа түшээ болж сандал бөглөгчдийг дахин сонгох луйвраа хийнэ дээ. Харж байгаарай. Сонгуулийн хууль боловсруулагчид нь яг л хуучнаараа байгаа. Тэд 50:50 гэсэн харьцаатай сонгуульдана гэж бий. Ийм төсөл ярьж байгаа дуулдана лээ.

Тэгэхлээр УИХ-ын 76 гишүүний 38-ыг нь сонгогчид сонгох нь. Үлдсэн 38ыг нь намууд цаасан дээр нэр бичиж ирээд л түшээ болгочихно гэсэн үг. Ер нь намын жагсаалт гэдэг боловсон луйвар нь Монгол Улсын Үндсэн хуулийг улайн цайм зөрчиж буй хэлбэр. Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авч байгаа гэмт хэргийн шинжтэй ч гэж арай дөнгүүр мэдлэгтэй хүмүүс, хуульчид хэлж байдаг юм. Ийм болохоор УИХ-ын үйл ажиллагааг ч иргэд тоохыг больж байна шүү дээ.

Намуудын бохир ажиллагааг төрийн үйл хэрэгт аваачиж хутгалдуулсан нөхцөлд З.Энхболд даргын амласан нам нь фракцгүй байх чиглэл ч бүтэхгүй биз. Тиймээс нэг зөв алхам хийсэн бол хоёр гурав дахь алхмаа зөв хиймээр байна. Намыг том гэж боддог буруу ойлголтоосоо салъя. Уг нам гэдэг чинь сонгуульд орлцох үедээ л ажил үйл нь тодорч харагддаг зүгээр нэг олон нийтийн байгууллага шүү дээ. Улстөрийн ухагдахууныг зөв авч явья гэвэл ингэж л ойлговол зохилтой. Энэ мэтээр улстөр дахь бохирыг бүрэн цэвэрлэмээр байна. Монголын нийгэм үүнийг л шаардаж байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих