Хөгжим чагнахуйн урлаг
Үгээр хэлж үзгээр бичиж боломгүй мэдрэмж, илэрхийллүүд ялангуяа хөгжмөөр дамжин хүнд хүрэх нь бий. Хөгжмийн гоо сайхан, гүн гүнзгийд нэвчин уусч, дэвтэн уярч, хөглөгдөн тэмүүлж, хөг алдан гаслах бүхий л мэдрэмжид хөтлөгдөн тэмтчих их аянд хил хязгаар, төгсгөл гэж үгүй. Сэтгэл хөдлөл, бодол бясалгалын охь болсон энэхүү урлагийг мэдэрч сурах нь дотоод хүнээ хөгжүүлэх, мэдрэх чадвараа сайжруулахад онцгой ач тустайн учир “хөгжим чагнах урлаг”-ийн тухай ярилцъя. Чихнээ амархан хоногшиж, зүрхний гүнд шууд хүрдэг сайхан аялгуу олон. Төвлөрч сонсоогүй байхад ч сэтгэл зүрхэнд хүрч, оюун бодлыг бүхэлд нь эзэмддэг тэдгээр аялгуу юутай сайхан. Түүнчлэн анхаарал илүү шаарддаг, “чагнах” мэдрэмжийг илүүтэй нэмэгдүүлэх хөгжмийн төрөл зүйлүүд бас бий. Хөгжмийг чих тавин чагнах үед сонсож буй хөгжмөөсөө авах таашаал, мэдрэмж нэмэгдсээр байдаг. Тиймээс ч хөгжмийг аль болох амьдаар буюу дэргэдээс нь сонсох, үзэх, эсвэл сайн чихэвчээр сонсох нь аливаа нэг үйл, үйлдэл хийж байх явцдаа хөгжим сонсохоос арай өөр түвшний мэдрэмж, таашаал төрүүлдэг билээ. Хөгжмийг анхааран сонсох тусам тухайн хөгжмийн цаана юу байгааг олж мэдэх эрэл хайгуулд хорхойсч, улмаар хөгжмийн илэрхийллийн утга учир, сэтгэгдэл, мэдрэмж, цаад уялдаа холбоосуудыг ойлгож эхэлдэг нь гайхалтай. Түүнчлэн хөгжимд буй шинэ, өөр мэдрэмжүүдийг өөртөө нээж илрүүлэх нь хөгжим чагнан таашаал авахын сайхан нь юм. Уртын дууг анхааран чагнах үед эхний сонсолтоор үг хэллэгийг нь бүрэн ойлгохгүй байж болох ч аялгуу, хоолойн цар хүрээ, түүнд багтах сэтгэлгээний гүн гүнзгий өгүүлэмж нь сонсогчийн зүрх сэтгэл рүү нэвтрэн орж, ойлгон тунгаахад хүргэх нь бий. Мэдээж, дуучин сайн дуулж, дуугаа илэрхийлж чадаж байвал шүү дээ. Үүнээс үзвэл, хөгжим сонсох, илэрхийлж буй утга санааны чинад учигт хүрч мэдрэх соёл монголчууд бидэнд эртнээс уламжлагдан ирсэн аж. Монголчууд найр наадам дээр ая дууны дугарааг чагнаж суунгаа тогтоож аваад, төд удалгүй түрэн дуулж эхэлдэг. Тийнхүү эзгүй хээр давхихдаа найрнаас сурсан дуугаа дуулж бататган хоолойгоо задалж, сэтгэлээс ундрах ая хөг хийгээд шүлэг, үгний утгыг тунгаан тогтоож, дууг нэгмөр өөрийн болгон сурч авдаг нь нүүдэлчин ардын маань уламжлалт сайхан соёл юм. Хөөмэйн урлаг буюу нэг хүн дангаар хөгжмийн хоёр өнгийг хоолой салган дуугаргах үзэгдлийг чагнан мэдэрснээр хөөмэйн олон төрөл зүйлийн өвөрмөц, гайхалтайг олж харах боломжтой. Бусад хөгжмийн тухайд, өрнийн сонгодог хөгжим бол яахын аргагүй чагнаж байж таашаал авдаг урлаг. Бүх анхаарлаа хандуулж, ажиглаж, сонсож байж таашаал авах буюу ойлгож эхэлдэг. Яагаад гэвэл, сонгодог хөгжмийн агуулга нь гүн гүнзгий, олон нарийн ажилбар, мэдрэмж орсон, ухааны цар хүрээ шаардаж бичигдсэн байдаг юм. Зуун зууны туршид шилэгдэн сонгогдож үлдсэн суутнуудын сор бүтээлүүд учир чагнах мэдрэмжийг илүүтэй шаардах ба хүмүүний зүрх сэтгэлд нөлөөлөх гоо зүйн таашаал, хүртээмжээрээ өндөр ач холбогдолтойд тооцогддог. Цаашлаад рок, транс гэх мэт хүнд төрлийн хөгжмүүд ч чагнах мэдрэмж шаардана. Эдгээр хөгжмийн төрлийг ямар нэгэн юм хийх зуур, эсвэл хоол унд идэхдээ хань болгох нь тааламжгүй, чихэнд чийртэй санагдаж мэднэ, мэдээж энэ төрлийн хөгжмүүдээр тэжээгдэж сураагүй бол шүү дээ. Харин дээрх төрлүүдэд дуртай, донтсон хүмүүсийн хувьд хаана ч, яаж ч сонсох чадвартай болсон байдаг. Рэп, хип хоп хөгжмийн хэмнэл, үгийн утгыг бүрэн мэдрэхийн тулд мөн л анхааран чагнах хэрэгтэй. Поп, R&B, блюз, жазз болон бусад хөнгөн төрлийн хөгжмүүд хүнд харьцангуй амархан хүрнэ. Эдгээрээс блюз, жазз хөгжмүүд бусдаасаа илүү ажиллагаа орсон байдаг тул чагнах мэдрэмжийг ч илүү шаарддаг. Зоогийн газар, дэлгүүр, онгоцны буудалд, мөн олон нийтийн үйл ажиллагааны үеэр сонсогддог хөнгөн төрлийн төгөлдөр хуур, хийлийн аязууд, симфони найрал хөгжмийн хөнгөн дуугаралтыг сонгодог хөгжим гэж ойлгодог хүмүүс олон бий. Үнэндээ тэдгээр нь хөнгөн сонгодог буюу поп хэлбэрт оруулсан Light Classical төрөл юм. Энэ нь чихэнд сонсголонтой, хөнгөн агаад наалдацтай учир тийм ч их анхаарал, чагнах чадвар шаарддаггүй, поп хөгжмийн урсгалтай ойролцоо төрөл юм. Хүн өөрөө хүсээд, эрэл хайгуул хийх аваас хүний мэдрэмжүүд хөгжсөөр байдаг. Хөгжмийг анхаарал тавин чагнаснаар сонсох мэдрэмж өсөн нэмэгдэнэ. Тэгээд ч сэтгэлийн, оюуны таашаал, цар хүрээ тэлэхэд хөгжим ихээхэн нөлөөлдөг. Хэрэв та аливаа дууны үг, аяас бусдад анхаарал хандуулдаггүй бол нэг дууг хэд дахин анхааралтай чагнаад үз. Ингэхдээ хөгжмийн зэмсгүүд болон хэмнэл, нарийн бүдүүн өнгөнүүдийн дуугаралт сүлбэлдэх зохицлыг анзаарч мэдрэхийг хичээгээрэй. Харин та энэ бүхнийг хангалттай ялгаж сонсдог бол хөгжмийн төрөл зүйлүүдээ өргөсгөн өөрчилж, цаашид илүү эрэл хайгуул хийж, ухаж чагнаарай. Сонсож үзэхээсээ өмнө утга агуулгыг нь танин мэдэх хэрэгтэй байдаг сонгодог хөгжим, тэр дундаа үйл явдлыг нь эхлээд мэдэх хэрэгтэй байдаг дуурийн хөгжмийг театрт зорьж очоод амьдаар тоглохыг нь сонсоод үз. Мэдээж үйл явдлыг нь уншиж мэдчихээд очих хэрэгтэй. Мөн ямар нэгэн хөгжмийн зэмсгээр хичээллээд үз. Ямар ч хамаагүй хөгжмийн зэмсэг оролдож, дуугаргаж байсан хүмүүсийн сонсох мэдрэмж хөгжим тоглож огт үзээгүй хүмүүсийнхээс хавьгүй илүү байдаг. Найрал дуунд хамрагдах боломжтой бол оролцоод үзэхэд бас илүүдэхгүй. Бусадтай хамт дуулах, ялангуяа хоолой салган дуулж сурах нь сонсголыг ихээхэн хөгжүүлдэг. Эцэст нь хэлэхэд, хөгжим сонсохдоо сайн чанартай чихэвчээр аль болох анхаарч чагнаарай. Сампилноровын Одгэрэл
Мэдээний эх сурвалж: http://time.mn/63960
URL:




