Марко Поло худалч байсан уу?
Алдарт худалдаачин, аялагч Марко Поло Алс Дорнодод хэзээ ч очиж байгаагүй бөгөөд Хар тэнгисээс цааш явж үзээгүй байх магадлалтай гэж Италийн эрдэмтэд дүгнэсэн байна. Түүний бичсэн номд түүхийн чухал үйл явдлуудтай харьцуулсан судалгаа хийжээ. Гэтэл таарж тохироогүй зүйл их байсан бөгөөд түүхийн гэрч гэж хэлж боломгүй зүйлс бичсэн байгаа аж.
Марко Поло өөрийн номондоо 1271-1291 онд Хубилай хаанд зүтгэж байсан гэдгээ бичсэн байдаг. Гэвч судалгааны үеэр эрдэмтэд Хубилай хааны Япон руу дайрсан тухай үйл явдлуудтай Марко Пологийн бичсэн дүрслэлүүдийн ихэнх нь таарч тохирохгүй байна гэжээ. “Тэр хоорондоо долоон жилийн зайтай 1281 оны үйл явдлыг 1274 оныхтой хольсон байсан” гэж Неаполийн Их сургуулийн профессор Даниэль Петрелла ярьсан байна.Малталт хийх үеэр ч гэсэн түүний дүрслэн бичсэн зүйлс жинхэнэ олдвортойгоо тохирохгүй байсан аж.
Судлаачид түүнийг номондоо персийн худалдаачдын Монгол, Хятад, Японы тухай яриа түүхийг цуглуулан өөрт төрсөн сэтгэгдлүүдээ нэмэн бичсэн гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм.
“Марко Поло Хубилай хааны флотыг дүрслэн бичихдээ “chunam” гэдэг үг ашигласан ба энэ нь монгол, хятад хэлэнд байдаггүй үг. Харин перс үг байсан. Ямар нэгэн газар байршил дүрслэхдээ тэрээр персийн нэр томъёог ашиглан Монгол, Хятадын газруудыг дүрсэлж бичсэн байна. Мөн Марко Пологийн нэр орчин цагт үлдсэн Монгол, Хятад тэмдэглэлүүд дээр дурсагдаагүй байна” гэж профессор ярьсан байна.
Өмнө нь бас түүхч судлаачдын дунд Марко Пологийн тухай эргэлзээ төрдөг байжээ. Британийн судлаач Фрэнсис Вуд 1995 онд “Марко Поло Хятадад очсон уу?” гэдэг ном гаргасан ба “Марко Поло Хар тэнгисээс цааш хэзээ ч явж байгаагүй” гээд “түүний ном бол аялагч худалдаачдын ярьсан үлгэрийн алдартай түүвэр зохиол юм” гэжээ.
А.Цацрал
Эх сурвалж: www.dailymail.co.uk
URL:













