Оюутан тээвэрлэхэд хяналт тавина
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв, ЦЕГ хамтран улс хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Уг арга хэмжээ энэ сарын 12-ноос ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ үеэр хөдөөнөөс хотыг зорих зорчигчийн урсгал эрс нэмэгддэг тул аж ахуйн нэгж болон тээвэрлэгч жолооч нарт хяналт шалгалт хийнэ. Мөн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхгүй байх, зорчигчдын зааланд гар тээшнээс бусад овор хэмжээ ихтэй ачаа ачсан, бага оврын автобусан дээр ачаа ачиж тээврийн хэрэгслийн тэнцвэржилтэд нөлөөлөх аюултай байдал үүсгэсэн бол жолоочид хариуцлага тооцох аж.
Түүнчлэн шөнийн цагаар гэрэл шилжүүлээгүйгээс болон гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч наагаагүйгаас шалтгаалан осол аваар гарах нь олонтаа тохиолддог тул орон нутагт зорчиж буй жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн үндэсний төвөөс жолооч нарт анхааруулж байна.
URL:




