Даншиг нь том уу, Наадам нь том уу

32_ac82139d4b8f83b102fe35181e03ccb18b26c723“Даншиг наадам – Хүрээ цам” шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнгөрөгч өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадам гэхээсээ шашин соёлын үйл ажиллагаа хөтөлбөрт түлхүү байв. Бидний тэмдэглэж заншсан наадмаас Даншиг наадмын ялгагдах ялгаа нь энэ. Мэдээж төр, шашин хослон байсан цаг үеийн гол арга хэмжээ байсан учраас үйл ажиллагааны чиглэл нь шашны сэдэвтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ түүхээ сэргээж, соёлоо сурталчилж байна гээд төрт ёсоо мартаж хэт туйлширчихав уу даа. Тухайн үед төр, шашин нэг дор байж. Тиймээс зарлиг гаргах, цол олгох асуудлыг шашин төрийн тэргүүн гүйцэтгэдэг байв. Харин энэ цагт төр, шашны эрх мэдэлд зааг ялгаа бий болсон.

Ядаж л хэн цол олгох ёстой вэ гэдгийг хууль, тогтоомжид тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэтэл энэ жил соёлын арга хэмжээний хүрээн дээр л бөхчүүдэд цол олгоод явчихсан байх юм. Ингэхдээ Бурхан шашинтны төвийн тэргүүн гарын үсэг зураад л начин, заан, арслан зэрэг цолыг олгожээ. Ёстой л “утгаа алдана” гэдэг энэ байх. Юманд чинь эрэмбэ дараа, эрх дарх гэж бий шүү дээ. Эсвэл хэн дуртай нь наадам хийгээд л түүнийгээ Даншиг гэж нэрлээд л шөвгөрсөн бөхчүүдэд өөрөө гарын үсэг зураад цол олгоод байх уу. Сүүлдээ ч бүр Бурхан Шашинтны төвийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй адил эрх мэдэлтэй болоо юу даа гэж ч бодогдох шиг. Цаашлаад Даншигт шөвгөрч авсан цол, улсын наадамд шөвгөрч авсан цол хоёрын аль нь дээр эрэмбэлэгдэх вэ. Даншигийн цол аймаг, сумын наадмын цолоос дээр үү, доор уу. Зүгээр л бэлэг тэмдэг үү, эсвэл бөхчүүдийн эрэмбэд нөлөөлөх үү.

Мөн Даншиг гээд байгаа энэ наадам нь хотын наадам уу, эсвэл Гандангийн наадам уу гээд л эргэлзэх, асууж тодруулмаар зүйлс маш их гарч ирж байна. Бай шагналыг нь нийслэлээс гаргаж байгаа болохоор нийслэлийн наадам юм шиг. Тэгсэн цол зарлиг дээрх гарын үсгийг нь харахаар Гандангийн наадам ч юм шиг. Толгой эргэж гүйцэх нь дээ. Даншиг наадмыг жил бүр зохион байгуулна хэмээн албаныхан ам гарч байгаа харагдсан. Тэгвэл энэ бүх эргэлзээг арилгаж, нэг талд нь гаргачихаад хал палгүй наадаж суувал ямар вэ гэсэн нөхөрсөг санал дэвшүүлье.


URL:

Нэр: утга учир нь хаанаа байнаа Огноо: 10 August 2015

Даншгийн цол гэж анх байж байгаад улсын цол болоогүй юмуу, найр наадам утгаа алдлаа бөхийн холбоо, Монгол улсын ерөнхийлөгч яагаад тайлбар хийдэггүй юм, шашин төрийг хослуулан баригч болцгоосонуу. тэгээд нийслэлээс зохион байгуулсан гэсэн.их л мөнгөтэй байх шиг тэгсэн хэрнээ улс нь нийслэл нь аймаг сум нь хөгжиж дэвшсэн нь байнуу

Нэр: Anonymous Огноо: 10 August 2015

Даншигийн арслан сумын заан 2-ын аль нь өндөр чансаатай вэ?

Сэтгэгдэл бичих