Ерөнхийлөгчийн “хориг”, сайдуудын сураг

ea92374f490cc655originalЭэлжит бус чуулганы товлосон хугацаа шувтрах дөхөж, хэлэлцэх асуудал ч үндсэндээ дууслаа. Одоо бол огцорсон зургаан сайдын оронд нөхөн томилох сайдуудын нэрийг өргөн барихыг л УИХ хүлээж байна. Тэгвэл Засгийн газарт хамтрах намууд зургаан сайдын суудлаа хэрхэн хуваарилахаа талууд тохирчхоод байгаа аж. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Ардчилсан нам хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дөрвөн сайдын суудал авахаар зөвшилцөлд хүрчээ.

МАН-ын зургаан сайд огцорсон даруйд л тус эвсэл “манайд дөрвөн квот олго” гэх шаардлагыг тавьж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус эвслийн бүлэг байр сууринаасаа ухарсангүй. Харин Ардчилсан нам буулт хийжээ. “Шударга ёс” эвсэл зөвхөн сайдын квотыг өөрсдийн санаснаар аваад зогсохгүй, Өршөөлийн хуулийг түүний өмнө батлуулж дөнгөсөн.

“Шударга ёс” эвсэлд дөрвөн суудал өгч, АН хоёр квоттой үлджээ

Үр дүнд нь МАХН-ын дарга Н.Энхбаяр гэмт хэрэгтэн биш боллоо. Тодруулбал, мягмар гарагийн орой баталсан уг хуулиар өршөөж буй олон хүний дунд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ялгүйд тооцох хугацааг мөн хэлтрүүлж байгаа. Ингэснээр тэрбээр сонгогдох, бас төрийн өндөр албан тушаал хаших эрхтэй болж байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр (өнөөдөр) Монголд ирж байгааг МАХН-ынхан хэлж байна. Солонгост эмчилгээ хийлгэж байсан түүний эх орондоо ирэх болсон шалтгаан нь ялгүй болсондоо ч биш аж. Гол учир нь МАХН- ын квотод багтаж буй Шадар сайдын суудалд тэрбээр очих нь тодорхой болжээ. Түүнээс гадна Зам тээврийн яам, БХБЯ-ыг тус намынхан тэргүүлэх бол БОНХЯ-ыг МҮАН авахаар тохиролцсон аж.

“Шударга ёс” эвслийн шийдвэрийг харж, бүлгийн хуралдаанаа ч хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн Ардчилсан намын хувьд хэнийг сайд болгохоо эхний байдлаар шийдчихсэн байна. Гэхдээ энэ бол эцсийн шийд биш, тус намын удирдлагуудын дунд яригдаж буй хувилбар.

Мэдээж сайдад санаархаж буй олон хүн бий. Гэхдээ фракцын зарчмаар асуудалд ханддаг тус намд энэ удаа ердөө л хоёр квот олдож буй тул санасан болгон сайд болж чадахгүй. Энэ нь фракцуудын эрх ашгийн тэнцвэрт байдлыг хангаж угаас чадахгүй гэсэн үг.

Тэгвэл Ардчилсан нам Зам тээврийн яамыг МоАХ-д өгөхөөр болжээ. Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан, эсвэл эрх барьж буй үед тус салбарыг үеийн үед МоАХ тэргүүлдэг байлаа. Ардчилсан намын “бичигдээгүй дүрэм” энэ удаа ч үйлчилж, Зам тээврийн сайдад МоАХ фракцын гишүүд нэрлэгдэж байна. Тодруулбал, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нарын аль нэг нь Зам тээврийн салбарыг тэргүүлэх аж.

Гэхдээ А.Гансүх хамгийн магадлал өндөртэйд тооцогдож буй ч тэрбээр Х.Баттулгатай эв зүйгээ олсон тохиолдолд энэ хувилбар биеллээ олно. Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг нар Х.Баттулга гишүүний түрүүлж дэлгэсэн “хөзөр” гэж үзэх хүмүүс ч байна.

Харин Сангийн сайдад Р.Амаржаргал, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын нэр яригдаж байгаа юм. Гэхдээ Р.Амаржаргал гишүүнийг дэвшүүллээ ч тэрбээр очихгүй л болов уу. Учир нь шийдлийн Засгийн газрын тэргүүнд Ч.Сайханбилэгтэй өрсөлдөн ялагдсаныхаа дараа тэрбээр “Би Ерөнхий сайд л биш бол аль нэгэн салбарын яаманд очихгүй” гэх мэдэгдлийг хийж байсан юм. Харин Б.Гарамгайбаатарын тухайд Сангийн сайдаас одоогийн хашиж буй бүлгийн даргын суудал нь илүү ашигтай. Учир нь УИХ дахь бүлгийн дарга сонгуульд намын жагсаалтын эхний гуравт эрэмбэлэгддэг тул тэрбээр жил хүрэхүй хаших сайдын суудал биш, 2016 оны сонгуулийн нүүдлээ харах биз.

Тэгэхээр Н.Батбаяр гишүүн Сангийн сайд болох магадлал хамгийн өндөр байна гэсэн үг. Угаас 2016 оны сонгуульд Чингис бондын хөрөнгөөр хийж, хэрэгжүүлсэн ажлаа гол хөзөр болгон орох Ардчилсан намд Н.Батбаяр “гавьяатай” хүн. Мөн Су. Батболд гишүүний хэлсэнчлэн цаашид МАН сөрөг хүчин гэж юу байдаг, ямар асуудлыг яаж шийдвэрлүүлэх нь тэдний тоглолтоор явах нь мэдээж. Ийм үед сөрөг хүчний тоглолтыг давж чадах хүнийг Ч.Сайханбилэгийн танхимын гол яаманд тавина гэж тооцоолбол Ардчилсан намын Засгийн газарт Н.Батбаяр хэрэгтэй хүний тоонд орж болох юм.

Гэхдээ энэ бол эцсийн шийд биш, эхний хувилбар гэдгийг дурдсан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа Өршөөлийн хуульд хориг тавих талаар байр сууриа илэрхийлсэн. Уг хуулийн эцсийн найруулга Ерөнхийлөгчид ирсний дараа тэрбээр хориг тавих бололтой. “Авилга авсан, албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.

Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйлдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид, УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй. Дээрх үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авилгачдын бус, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай.

Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлсэн юм. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсаараа илэрхийлсэн байр суурин дээрээ бат зогсож, Өршөөлийн хуульд хориг тавьчихгүй бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа гишүүдийг өнөөдөр өргөн барина.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 August 2015

za ystoi saihan shudarga yrilaa amjilt zaawal heregjuuleerei

Нэр: Иргэн Огноо: 16 August 2015

Эбэг шударга хүн гэж бодохгүй байна.Ерөнхийлөгчийн өндөр албан тушаалыг эх орны хөгжил биш хувь хүнддхэдэн янзаар гаргаж байгааг та бид бүгд мэдэж байгаа шүү дээ.3 дахь ерөнхийоөгчид яаж хандоаа.одоо яаж хандаж байна.Жастиэ Каплаг уучилж 35 тэрбумаар шатаалаа.Энэ шударга ёс уу.Хувийн өш хрнгозгоо албаны маягаар гаргаж байна.Эв нэгдлийн бэлэгдэл байх атлаа Энхбаярын араас хөөцөлдөх юм.Яасан ядаргаатай хонзон бэ.боль

Сэтгэгдэл бичих