Агаарын бохирдолтой тэмцэж чадсан Хятадын үлгэр жишээ хот- Шэньян

20150730124051-shenyang_china

Дэлхийн аль ч улс агаар, байгаль дэлхийг бохирдуулалгүйгээр хөгжсөн түүх үгүй. Үүний нэгэн адил Хятадын үйлдвэрлэлийн хөгжилтэй уялдан агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Үүнээс үүдэн Хятадад байгаль, дэлхий тэр байтугай хүмүүс амиа алдсаар байна. Хятадын Засгийн газар үүнтэй тууштай тэмцэж байгаа ч “Greenpeace” олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Хятадад өнгөрсөн онд автомашины утаа, хүнд үйлдвэрлэлээс ялгарах бодисоос үүдэлтэй “PM2.5” агаар бохирдуулагчийн уршгаар 8570 хүн хорвоог харамсалтайгаар орхижээ. Энэхүү харамсалтай үйл явдал Хятадын Бээжин, Шанхай, Гуанжоу, Сиан зэрэг автомашины тоо олонтойн дээр үйлдвэрлэл өндөр хөгжсөн дөрвөн хотод тохиолджээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын эрхтний өвчлөлөөр амиа алдсан хүмүүстэй холбоотой мөнгөн хохирлыг бодож үзвэл нэг тэрбум ам.доллар (6.8 тэрбум юань) болж байгаа талаар “Greenpeace” байгууллага мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад “PM2.5” агаарын бохирдуулагч нь түлш шатаах, ууршуулах мөн металл хайлуулах болон боловсруулах үйл явцаас үүсдэг маш жижиг ширхэгтэй нүдэнд үл үзэгдэгч бодис юм. Тиймээс Бээжин, Шанхай, Гуанжоу, Сианаас гадна автомашины тоо олонтойн дээр үйлдвэрлэл өндөр хөгжсөн бусад хотуудад ч “PM2.5” агаар бохирдуулагчид онцгой анхаарал хандуулахгүй бол цаашид маш олон хүн амиа алдах магадлалтай байна. “Greenpeace” байгууллагын анхааруулснаар Хятад улсын эрх баригчид Бээжин, Шанхай, Гуанжоу, Сиан хот дахь агаарын бохирдлыг бууруулах тал дээр дорвитой ажил зохион байгуулахгүй бол ирэх онд илүү олон хүн амиа алдах эрсдэлтэй байгаа аж.

Хятад улс өнгөрсөн жил агаарын бохирдолтой тэмцэх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм. Энэхүү төлөвлөгөөнд зааснаар 2020 он гэхэд Бээжин хот ойжуулалт хийн, үйлдвэрүүдийг хотоос зайдуу газар шилжүүлэх, хуучин автомашинуудыг унахыг хориглох замаар агаарын бохирдлоо 30 хувиар бууруулсан байх ёстой хэмээн тусгажээ. Түүнчлэн эрчим хүчний бүтцийг өөрчлөх, байгаль орчныг бохирдуулагч бодисуудыг хэрэглэхийг болиулж, нүүрсний хэрэглээг бууруулахын сацуу албан байгууллагуудыг цэцэрлэгжүүлэх ажил явуулах цогц төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Шинэ зорилгодоо хүрэхийн тулд Хятад улс Бээжин, Шанхай зэрэг томоохон хотод машин эзэмших эрхийг журамлах аж.

Үлгэр жишээ хот Шэньян

Хятадад агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээг зохистой авч чадсан хотууд ч байгаа юм. Үүний нэг жишээ бол Шэньян хот юм.

Шеньян хотын тухайд олон үр дүнтэй арга хэрэгжүүлсний дүнд агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулаад байгаа юм. Тус хот 24 сая хүн амтай бөгөөд “Улсын байгаль хамгаалах үлгэр жишээ хот”-оор шалгарч, НҮБ-ын шагнал хүртэж байжээ. Өвлийн улиралд нүүрсийг маш ихээр хэрэглэдэг учраас агаар нь их хэмжээгээр бохирдсон аж. Түүнчлэн дэлхийн агаарын бохирдолтой арван хотын нэгд ордог байна. Иймээс агаарын бохирдлоо шийдвэрлэхээр Засгийн газар, судлаачид, хотын иргэдийн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой шийдвэр гаргажээ. Эхлээд хотын байршлыг өөрчлөх, хуучин үйлдвэрлэлийн газрыг шинэчлэн байгуулж, үйлдвэрлэлийн бүтцийн тэнцвэргүй байдал, хэт төвлөрлийг сааруулах, агаар их хэмжээгээр бохирдуулдаг 500 үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, хоцрогдсон тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Мөн эрчим хүчний агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавьж, халаалтын зуухыг эрчим хүчний нэгдсэн системд холбосон байнаТүүнчлэн хотын замыг чийглэх механикжсан цэвэрлэгээтэй болгож, үйлдвэрийн газрыг тоосноос хамгаалах тусгай тороор бүрхсэн байна.

Түүнчлэн метроны зам тавьж, хуучин автобусуудыг шинэчлэн, троллейбусыг үйлчилгээнд явуулснаар автомашинаас ялгарах хорт утааг бууруулжээ. Хотын иргэдийн байгаль хамгаалах идэвхийг сайжруулах бодлого барьж, 500 хүнийг байгаль хамгаалагчаар ажиллуулж, ногоон байгаль, машингүй өдөрлөгийг сар бүр зохион байгуулдаг байна.

Гэсэн хэдий ч Шэньян хотын агаарын бохирдол хэвийн хэмжээ хүртэл буугаагүй байгаа тул цаашид эрчимтэй арга хэмжээ авахаар хотын удирдлагууд анхааран ажиллаж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулахад цаг хугацаа болоод хөлс хөдөлмөр шаардагдахыг тус хотын жишээ харуулж байгаа юм. Өдгөө тус хотыг Чикаго хотын дүү хэмээн нэрлэх болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих