100 оноо
Цаана чинь төр засаг минь түмэн олон жолооч нараа журамлах гээд арга хэмжээ авч зуун оноо хүртэл торгох,торгуулийн оноо нь барагдчихвал машины жолоо барих эрхээ хасуулаад зогсохгүйгээс гадна гаргасан зөрчил бүрдээ торгуулна гэж хууль гаргасныг хэдэн жил гэмгүй сайхан ханилсан хань ижил хүүхдүүдийн минь ээж сонсчихоод тэр санаа оноогийн нь мэргэн цэцэн гэж үзэж надад дээр туршиж хэрэгжүүлж үзээд амжилттай бол ар гэртээ нэвтрүүлж хэрэгжүүлэх болсноо мэдэгдээд унтаж нойрсох цаг болсон тул орондоо орон дуг нойрондоо дугжирч байгаад өглөө аргагүй ажилдаа явах цаг тулсан тул нүдээ нухалсаар босож нүүрээ угааж өглөөний цайгаа уухаар ширээнээ тухлан суутал нэг цаасан дээр бичсэн зүйлийг уншиж үзээд уусан цайндаа хахаж цацаж үхэхээ шахав би гэдэг хүн.
Жирийтэл бичсэн зүйлсийг нь зах зухаас нь уншиж үзвэл би гэдэг хүн цалин буулаа л бол өчиггүй талыг нь авгайдаа авчирч тушаах,тушаахгүй бол надад олгох зуун онооноос хорин оноо, өөр авгай хүүхэн харж хандарсан бол гучин оноо,гэртээ ажил тарснаас хойш оройтож ирвэл дөчин оноо гэр орондоо хонохгүй бол зуун оноо хасаж гэр бүл цуцлах хүртэлх арга хэмжээ авах болно мөн оноо хасалт бүр тэдэн төгрөгний торгуультай гэх мэтээр бичиж жагсааснаас гадна хийсэн хоол ундыг нь голж шилэхгүй идэхгүй бол бас торгуультай гэж бичжээ.
Бичсэнийг нь хальт уншиж аваад хошуугаа хацарт нь хүргэчихээд ажил руугаа жирийв.
Өдөр ажил төрөл гэсээр яах ийхийн зуургүй өнгөрч ажил тарах болоод гадагшаа гартал утас дуугарахаар нь автал цэрэгт байсан онжав нутгаасаа хотод ирээд хэд хонолоо,уулзаж жаахан буу халж сууя гэхээр нь үгүй гэж хэлж чадсангүй хэтэвчин дэхь хэдээ тоолж үзээд л заасан газар нь харайлгалаа даа.
Онжавууд уулзаад юу эсийг ярихав ажил төрөл арилжаа наймаа авгай хүүхдээ хүртэл ярьж суутал авгайн өглөө уншуулсан дүрэм журам заалт бодогдоод тоглосон байлгүй дээ гэж бодсоор овоо хэдэн шил шар айраг харуулчихаад овоо халж цаг орой болсон тул гэр лүүгээ харихаар онжаваасаа салаад таксидаж гэрийнхээ үүдэнд бууж аахилсаар таван давхар луу мацаж хаалгаа онгойлгуулан гэртээ ортол авгай их ширүүн маягтай та оройтон ирснээс гадна архи дарс үнэртүүлэн ирсэн тул таны зуун онооноос хорийг хасаж дөчин мянгаар торгоно гэхээр нь тэг тэг гээд автал бэлнээр нь нэхэхээр бага зэрэг дургүй хүрсэн боловч гаргаад өгчихлөө.
Иймэрхүү маягаар гурав дөрвөн өдөр өнгөрч ямар нэг шалтаг олж оноо хасаж мөнгөн торгууль тавиад байхаар нь нэг чанга дуугарч ширүүлчихээд унтаад өглөө сэрсэн чинь ширээн дээр танаас зуун оноо хасагдаж би чамаас саллаа гэсэн бичиг орхиод явчихсан байдаг юм байна.
Эхэндээ ч нэг их тоохгүй хүүхнүүд маяглаж байдаг юм гэж бодож гүрийсээр явтал хоёр сар шахам гэртээ ганцаараа амьдарсан байв.
Ингээд авгайгаа авчирахаар шийдэж сайн гуйж царайчилж,шинэ дэглэм ёс журмыг биелүүлнэ гэж байж хүүхдүүдээ ээжтэй нь авчирснаас хойш хэд хоног эвтэй байснаа би нэг ганц шар айраг уусны төдийгөөр торгоод л гэртээ торгуулийн байцаагчтай болсноос хойш би ч хүмүүжиж авгай сайхан загнах болсноор оноогоор тооцож дүгнэх туршилтын ажил амжилттай болж дууссан бөгөөд үр дүнд нь би халбага ч шар айраг уухаа больж,ажлаа тараад гэр лүүгээ хурдалдаг болсон юм даа.
Х.Оюунболд
URL:






