И.А. Крылов: “Дөрвөл”


Сүүлдээ ч Крыловын ёгт үлгэр нь арай дээр юм уу гэж бодох болов…
Сармагчин, илжиг, ямаа, баавгай хэд
Сайхан гэгч нь дөрвөл болохоор шийджээ.
Нот, бүрээ, бишгүүр, хоёр хийл авч
Ногоон зүлгэн дээр хөрөөдөж гарчээ.
Дэлхийг уяруулах урлаг гаргахаар
Дэлдэж гарсан ч хэрэг нь гарсангүй.
Боль, зогс та нар гэж сармагчин хашгирав
Буруу суучихаар хөгжим яаж дуугарах юм гэв.
Бүрээгээ баавгай авч, бишгүүрийн эсрэг суу
Би Та хоёрын өөдөөс харж сууна гэв.
Одоо ингэвэл өөр хөгжим эгшиглэж
Ой мод, уулс бүгдээрээ бүжиглэнэ гэв.
Хөгтэй дөрвөл байраа сэлгэж суув.
Хөг аялгуу ахиад л орсонгүй гэнэ.
Орилоо илжиг Та нар зогс гэж хашгирав.
Одоо л би учрыг нь оллоо гэж орилов.
Өө сэвгүй эгнээ болох илжигний үгэнд орж
Өндөр намаараа зэрэгцэн зогсов, тэд.
Ахиад л дөрвөл ая эвээ олсонгүй.
Аялгуу дуу нь долоон дор болов.
Аятайхан суух адгийн муу хэрүүлээ
Ахиад дэгдээж байхад нь
Алтан гургалдай шувуу
Алсаас тэсэлгүй иржээ.
Хэсэгхэн зуур тэвчээд та
Хэрүүлийг минь шийдэж өгөөч гэж
Хэдүүлээ түүнийг тал талаас нь
Хэрэг болгон гуйжээ.
Хөгжим, нот байсаар атал
Хөгжмийн дөрвөл болохгүй байна.
Хэрхэн, яаж суухыг маань
Хэлж өгөөч гэжээ.
Урлаг соёлд авъяас хэрэгтэй
Урт чих чинь зөөлөн байх ёстой.
Эрхэм Та нар яаж ч суусан
Эрхэмсэг хөгжимд ганц нь ч тохирохгүй гэж
Эелдэг гэгч нь гургалдай хариулжээ.
Орчуулсан: Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

URL:

Сэтгэгдэл бичих