Шонхорын ангуучид цагдаа нараас зугтжээ
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас идлэг шонхор барих зөвшөөрлийг гаргасантай холбогдуулан арабчуудын хууль бус үйлдэл дэлгэгдэж эхлэв бололтой.
Бидэнд ирсэн мэдээллээр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар шонхор барих гэж байсан Араб иргэд цагдаагийнханд баригджээ. Эх сурвалжийн хэлснээр есөн жийп машин хөлөглөсөн арабчууд шонхор ангуучилж яваад хуулийнхнаас зугтсан байна.
Цагдаагийнхан тэднийг хөөж гурван машиныг нь зогсоон шалгасан аж. Харин үлдсэн зургаан машин нь зугтжээ. Уг хэргийг аймгийн Цагдаагийн хэлтсийн албан хаагч н.Цогтгэрэл шалгаж байгааг эх сурвалж хэллээ. Түүнээс энэ хэргийн талаар тодруулахад “Би мэдэхгүй. Хэлэх боломжгүй” гэсэн юм. Харин амьтны эрхийг хамгаалдаг байгууллагуудаас лавлахад “Шонхор агнах зөвшөөрөл батлагдахаас өмнө арабчууд хөдөө орон нутагт тандалт хийж байсан гэх мэдээлэл бий. Тэд аль нутагт шонхор элбэг байна гэдгийг судалдаг гэсэн. Тэгээд зөвшөөрөл батлагдмагц барьж эхэлдэг юм билээ” гэсэн хариултыг өгөв.
Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шонхор агнасан иргэдийн талаарх мэдээллийг гаргаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, шонхор агнах гэж байсан араб иргэдийн талаарх мэдээллийг орон нутгийнхан хуулийн байгууллагад мэдэгдэж байсан удаатай. Үүнд албаныхан тайлбар өгөхдөө “Шонхорын тоо толгойг судалж буй мэргэжилтнүүд” хэмээн мэлзэж байсан. Гэтэл өнөөх мэргэжилтнүүд нь үнэн хэрэгтээ шонхор агнах гэж ирсэн арабчууд байсан бололтой.
А.Лхагважав http://niigmiintoli.mn/
URL:













