Ардын болоод ардчиллын түүхэн мөчлөг буюу АНУ, Хятадын санаархал
Шил шилээ дарж, мөрөө балласан айлчлалууд чухам юуг зөгнөв. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байданы араас Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан манай улсыг зорьсон нь гэнэтийн зүйл байсангүй.
Гагцхүү учир битүүлэг түүх дахин давтагддаа. Нэгэндээ өс санаж явдаг хоёр гурний төлөөлөл юуны учраас Азийн цээжинд орших бяцхан улсад нэгнийхээ араас бууж, мордов гэдэг нь өөрийн эрхгүй хардлага төрүүлэх шиг.
1944 оны долоодугаар сард АНУ-ын 33 дахь дэд Ерөнхийлөгч Уэлсс манай улсад айлчилж байлаа. Ардын хувьсгалын 21 жилийн ойн өдрүүд тохиож, гудамж, талбайгаар дайнд ялсан холбоотон их гүрнүүдийн далбааг зориуд намируулж, дэд Ерөнхийлөгчийг угтаж байсан гэдэг. Тухайн үед Уэлсс “Монгол Улс санасныг бодоход хэдэн цагаан байшинтай юм байна” хэмээн басамжилсан өнгө аястай хэлсэн үг хэвлэлийн шар хуудаснаа үлджээ.
АНУ бол дэлхийн нөгөө бөөрөнд оршдог алт ихтэй орон хэмээн дэлхий нийт дүгнэдэг байсан аж. Гэтэл эл айлчлалын дараахан Хятадын үндэсний төв засгийн газрын орлогч сайд Ли Фанжан тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хөл тавьжээ. Ли Фанжаныг гаднаас нь харахад хянуур нямбай, нүд тайлсан хүний төрхтэй, авир зан нь уян хатан нэгэн аж.
Тэрбээр өөрсдийн харьцаа монголчуудад ямар нэгэн эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий гэсэн болгоомжлол хөдөлгөөн бүрт нь нуугдаж байсан гэдэг. Учир нь тухайн үед монголчууд шаахайтнуудтай төдийлөн таатай харьцдаггүй байсан үе. Улмаар дээрх айлчлал нь Хятад манай улсыг ажиглахаар ирсэн хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэж байлаа.
Дээрх үйл явддаас 67 жилийн дараа АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдан Монгол Улсад айлчилсан бол түүний араас Коммунист намын гишүүн хөл тавилаа. Тэр дундаа Кибер халдлагыг зохион байгуулагч гэгддэг Жоу Юнкан түүний мөрийг мөшгөлөө. Хятадын коммунист намынхан АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг урьж авчраад шинэ үеийн сөнөөгч онгоц туршиж харуулсан байдаг.
Энэ нь Хятад хичнээн хүчирхэг болж буйгаа тус улсад харуулсан дохио байсан талаар улс төр судлаачид онцолжээ. Ийн хүчирхэг байдлаараа сүрдүүлж буй урд хөрш юуны учир дэд Ерөнхийлөгчийн мөрийг мөшгөх болов.
Түүнчлэн тэдний айлчлал Ардын хувьсгалын 21 жилийн ойн үеэр огтлолцож байсан бол өдгөө Ардчиллын 21 жилийн ойн түүхтэй мөн л шүргэлцлээ. Цаг хугацааны хувьд ч гэсэн тэд нэг л зүйлийг Монголд зөгнөөд байх шиг.
Уэлсс 1944 онд манай улсын хэдэн цагаан байшинг хараад буцсан бол Жозеф Байдан энэ удаа хүн ам сийрэг, өргөн уудам газар нутгийг нүдээрээ үзээд морддоо. Тиймдээ ч цөмийн хаягдлаа булшлах нөөц хувилбараар Монгол яригдсан байж мэдэх л юм. Нөгөө тал ч ерөнхийд нь энэ санаагаа уламжилсан ч гэж хэлж болно. АНУ эрчим хүчнийхээ 50-60 хувийг цөмийн энергийн эрчим хүчнээс авдаг.
Айлчлалын үеэр энэ тухай цухас дурьдагдаж, Монгол ч гэсэн цөмийн эрчим хүч ашиглах сонирхолтой биз дээ хэмээх тулгангуй өнгө аяс цухалзсан аж. Тэгээд ч Жозеф Байданыг дагалдан яваа хүмүүсийн олонх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан гэдгийг нь сануулж явсан.
Түүнчлэн энд нэг зүйлийг тодруулахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр сарын өмнө АНУ-д албан ёсны айлчлал хийсэн бол Ерөнхий сайд С.Батболд хэдхэн хоногийн өмнө тус улсад амраад ирсэн. Улмаар 67 жилийн дараах дэд Ерөнхийлөгчийн айлчлал эхэлсэн. Гэхдээ ээдрээтэй, үл ойлгогдох асуудалд тэдний хэн нь ч апбан ёсоор хариулт өгсөнгүй.
Зөвхөн иж бүрэн түншлэлээ ахин бататгах, Монголын ардчиллыг дэмжих зорилготой ирсэн хэмээх жижүүрийн хэдэн үгээр зорилгоо тодотгоод буцсан. Тэгэхээр эх газрын эрхэмсэг ноёнтнууд манайх шиг буурай хөгжилтэй оронд ганцхан энэ үгийг дуулгах гэж тив алгасан ирсэн нь бас л хоржоонтой.
Тэгээд ч манай улсын төрийн тэргүүнүүд сүүлийн үед тус улс руу гүйдэлтэй болсныг мөн л бодууштай. Нөгөөтэйгүүр, Жозеф Байдан шууд санаагаа илчилсэн нь “АНУ бол Монгол Улсын гуравдагч хөрш” хэмээх үг байсан. Энэ бол анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Учир нь манай улс гуравдагч хөршөө албан ёсоор өнөөг хүртэл зарлаагүй. Тэгэхээр магадгүй айлчлалын гол утга учир үүнд оршиж байж ч мэднэ.
Тэгвэл Жозеф Байданы мөрийг мөшгиж буй Жоу Юнканы сонирхол юу байв. Энэ оны зургаадугаар сард Хятадын коммунист намын 90 жилийн ой тохиож, хурлаар стратеги, эдийн засаг, батлан хамгаалахын цогц бодлого явуулах зорилго тавьсан. Улмаар гадаад худалдааг ганц юаниар түлхүү хийхийг үүрэгдэв.
Энэ бодлогоо Камбуж, Тажикстан, Балба гэхчлэн оронд танилцуулах найрсаг айлчлал эхэлсэн аж. Жоу Юнканы дараагийн буудал Монгол Улс байж таарсан нь хачирхалтай. Тэр дундаа таагүй харилцаатай орныхоо дэд Ерөнхийлөгчийн араас бууж мордсон нь гагцхүү Хятадын эртний бодлого, стратеги биш гэж үү. Магадгүй Жоу Юнкан найрсаг айлчлал гэх үгнийхээ цаана нэг бодлогоо Монголд хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээр хийсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Жоу Юнканы хэргэм зэрэг нь манайхаар бол УИХ-ын жирийн л нэг гишүүний дайтай. Гэтэл түүнийг Буянт-Ухаа нисэх буудалд газардахаас эхлээд манай хүчнийхэн болоод төрийн тэргүүнүүд хөл алдан хуйлрах аж. Тэрбээр ч намбагүй, тогтворгүй зантай нэгэн бололтой. Айлчлалын маршрутаа гэнэт өөрчлөх эсвэл явах чиглэлээсээ буцах байдлаар зангаа хувиргаж, манай улсын тагнуул, хүчнийхнийг бажигадуулж байна.
Уг нь албан ёсны айлчлал гэдэг тодорхой цаг хугацаатай, төлөвлөгөө, маршрутын дагуу явагддаг. Дипломат ёс гэдэг хэлэх үг, хийсэн үйлдэл бүрээ цэгнэхэд оршдог. Гэтэл Жоу Юнкан 15 минутын уулзалтыг 30-40 минутаар сунгана. Үүгээр ч барахгүй, Төрийн ордонд дуртай үедээ орж, гарч гүйх болсон байна.
Уг нь түүний айлчлалын хөтөлбөрт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрт бараалхахаас өөр шаргал ордонд орох хэрэг зориг байхгүй. Гэтэл тэрбээр өдрийн хэдэн ч удаа орж, гарч, хамгаалалтынхныг гайхшруулах боллоо.
Түүнчлэн хамгаалагчдын хар машины шилийг хагас буулгаж, огцом хөдөлгөөн хийсэн хүнийг буудах тушаалтайгаар хотын төвөөр явж байгаа тухай хамгаалалтын албаныхан ам алдсан. Энэ хүн чухам хэн болоод манай улсын гудамж талбайгаар хөндлөн гулд давхиж, тагнуул, цагдаагийнхан хүртэл “өвдөг сөхөрч” байгаа юм бол.
Тэр ч бүү хэл манай хүчний байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хөдөлгөж, хамгаалагч нар нь буун дуу гаргахад бэлэн байдалтай хотын төвөөр явах болсноос харахад кибер халдлагыг зохион байгуулагч гэдэг нь оргүй бололтой. Манай улсын төрийн тэргүүн ч ийм хамгаалалтаар өөрийгөө хуягладаггүй. Хэдэн зам хаахаас хэтэрдэггүйсэн. Үнэн чанартаа энэ нөхөр өөрийн эх нутагтаа ийнхүү аягладаг нь юу л бол.
Түүгээр зогсохгүй Жоу Юнканы албан тушаалтай дүйх манай УИХ-ын гишүүн өмнөд газарт айлчлахад ийм өндөр дээд эрх олгодог билүү.
Өдгөөгөөс яг 67 жилийн өмнө манай улсад дэлхийн хоёр том гүрний эрх мэдэлтнүүд айлчилж байсан бол өнөөдөр нэгнээ мөшгөсөн хоёр их гүрний айлчлал дахин давтагдлаа.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:













