Улс төрийн “шаналгаат улирал” эхэллээ
УИХ энэ зун амарсангүй. Хаврын чуулганыг завсарлуулснаас хойш хоёр ч удаа ээлжит бусаар цуглав. Эхний удаад МАН-ыг Засгийн газраас гаргаж, сайдуудыг нь огцруулсан. Удаах нь огцорсон сайдуудын оронд нөхөн томилгоо хийлээ. Гэхдээ ээлжит бусаар хоёронтоо цуглачихаад зөвхөн томилгоо тойрсон асуудлыг ярьсан хэрэг биш. Галт зэвсгийн тухай хуулиас эхлээд Эдийн засгийн ил тод байдал болон Эрүүгийн өршөөлийн тухай хуулийг ч баталж амжсан. Угаас байнгын ажиллагаатай парламенттай оронд УИХ амрахгүй байсны муу ч гэж байхгүй.
УИХ ийнхүү зогсолтгүй “хөдөлмөрлөхтэй” зэрэгцээд улс төрийн намууд бас амрахыг мартжээ. Тодорхой хэлбэл, тэд Монгол орныг бүсчлэн хувааж, хурал зөвлөгөөн, кампанит аянаар орон нутгийнхныг булах шиг болж байна. Сонгуулийн өмнөх сурталчилгааны ажил орон даяар албан ёсоор эхэлсэн нь энэ.
Засгийн газарт хамтарч буй АН, МАХН-ынханорон нутагт өөр долгион дээр ярьж байна
Хүчтэй, сонирхолтой, хөгжилтэй, завгүй, чөлөөгүй энэ уур амьсгал ирэх жилийн зуны дунд сар гартал үргэлжилнэ. Харин хөдөлгөөнтэй энэ хэдэн сарыг буюу 2016 оны сонгууль хүртэлх хугацааг монголчууд “Улс төрийн шаналгаат улирал” хэмээн нэр хайрлачихаж. Уулзалт зөвлөгөөнүүдэд ярьж буй сэдэв нь ч улирлын онцлогтойгоо зохицно.
Ардчилсан намын сонгуулийн туг нь Чингис бонд болон түүнийг тойрсон бүтээн байгуулалтууд аж
Тодруулбал, энэ сарын 11-12-ны өдрүүдэд Ардчилсан намаас хангайн бүсийн чуулганыг Архангайд зохион байгуулав. Өнгө зүс, хэлбэр дүрс нь өөр хоорондоо ялгараад байх юмгүй ийм арга хэмжээг МАХН-ынхан Өвөрхангайд нэг өдөр зохиогоодохов. Түүнээс арав хоногийн дараа МАХН зүүн бүсийнхэнтэй Хэнтийн Дадалд уулзахад, Ардчилсан нам төвийн бүсийнхнийг Дарханд цуглуулах жишээтэй. Дадал сумд Ардчилсан намынхан хэдийнэ оччихсон сураг байсан. Хэнтийн аймгийн Дадал сум хүн амын тоо их, улс төрийн идэвхи өндөртэйдээ намуудын бүсийн уулзалт болоод байгаа юм биш. Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ улс төрийн намуудын хувьд орон нутгийн “түшиц” газар болсон нь энэ.
Хамгийн сонирхолтой нь, Засгийн газрыг бүрдүүлж буй гол хоёр хүчин гэхэд АН, МАХН-ынхан иргэд олон нийттэй уулзахдаа хоёр өөр долгион дээр ярьж байх.
Үүнийг өгүүлэхийн өмнө сэдвээ жаахан өөрчилье. Үе үеийн парламентад олонхи болсон хүчин нь УИХ-аас гаргасан түүхэн шийдвэр, түүнийг тойрсон ажлаа сонгуулийн гол хөтөч болгодог. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд нийтэд дэлгэсэн баримт сэлтээс үзвэл үе үеийн парламентад түүхэн шийдвэрүүд гарч байжээ. Тухайлбал, 1992 онд мал, 1996 онд орон сууц, 2000 онд газар хувьчлах шийдвэрийг УИХ гаргасан түүхтэй. Харин энэ бүх шийдвэр нам хийгээд улс төрчдийн дараагийнх нь сонгуулийн гол хөтөч болж байв. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай бичигдэж, цацагдсан баримт олныг дурдаж болно.
Тэгвэл энэ удаагийн парламентын олонхид тийм шийдвэр байна уу. Эдийн засаг талаасаа бол Чингис бондыг босгож чадсан явдал. Үүнээс цааш нь харвал бондын санхүүжилтээр боссон, бэхэжсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон, шинээр үүсэн байгуулагдсан үйлдвэрүүдийг нэрлэж болох юм. Мөн аймгийн төвүүд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож чадсан нь ч чамлахааргүй амжилт. Энэ бүхнийг өгүүлсний учир Ардчилсан намын сонгуулийн туг нь Чингис бонд болон түүнийг тойрсон бүтээн байгуулалтууд аж. Очсон аймаг бүртээ энэ ажлаа тайлагнан өгүүлж, сайшаан магтах аятай. Харин тэдний гол хамтрагч нь болсон МАХН-ынхан эсрэгээрээ. Чингис бондоос үүссэн өр, үр өгөөжгүй зарцуулалт хэмээн матаж явна. Тус намын дарга Н.Энхбаяр “Ард түмэн бидэн рүү харж, хүлээж байгаа. Тиймээс манай намынхан илүү санаачилга, идэвхтэй байх хэрэгтэй. Ардчилсан намын фракцууд хооронд итгэхгүй байгаа тул, ард түмэнд итгэл үзүүлэхгүй байна. Иймд МАХН-ынхан өөрсдөдөө итгэх ёстой” хэмээн өөрсдийгөө өргөмжлөөд авав.
МАН-ынхны хувьд ч мөн тусгай хуваарийн дагуу кампанит ажил өрнүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Говь-Алтай, Хөвсгөл, Төв аймагт иргэд сонгогчидтой уулзах, намын анхан шатны болон залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагынхантай чуулах нэрээр ажиллаад иржээ. Харин маргааш Хэнтийг /магадгүй Дадалд очих байх/, аравдугаар сар гаргаад баруун таван аймгийг зорихоор төлөвлөсөн байна.
Уулзалт зөвлөгөөнүүдэд ярьж буй сэдэв нь ч улирлын онцлогтойгоо зохицно
Засгийн газарт томилогдсон сайдууд нь кабинетын зарчмаар ажилласан. Гэвч УИХ болон орон нутгийн түвшинд сөрөг хүчин шиг байлаа гэх шалтгаанаар Ч.Сайханбилэгийн танхимаас “хөөгдсөн” гэдэг. Харин өнөөдөр тэд сонгуулийн сурталчилгааны ажлын үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлж явна.
Зарим нэг хүмүүсийн ярьж буйгаар, намууд орон нутагт очоод нэг л зүйл дээр ижил байр суурийг илэрхийлж байгаа аж. Тодруулбал, тэд орон нутагт иргэдтэй уулзахаараа “Монголын хөгжил хөдөөнөөс эхлэх ёстой. Мал аж ахуй бол эдийн засгийн тэргүүлэх салбар мөн. Бид юуны түрүүнд мал аж ахуй, малчдын амьдрал ахуйд шинэчлэл хийх болно” хэмээн ярьж байгаа гэнэ. Угаасаа үүнийг намуудын томилолтын мөрөөр гарч буй мэдээ, нэвтрүүлгээс харж, уншиж болохоор байна.
УИХ-д суудалтай намуудын сонгуулийн кампанит ажил ийн өрнөх зуур парламентын гадна буй хүчнүүд зүгээр суухыг хүссэнгүй. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх иргэдийн орон сууцны зээлийг өршөөх нэрээр төр даах санаачилга гарган, гарын үсэг цуглуулж, иргэдэд хайр зарлаад эхэлчихлээ. Шаардлагыг нь хүлээн авахгүй бол олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна хэмээн хэнийг ч юм айлгахаа бас мартсангүй.
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
URL:













