Төсөв үү, өршөөл үү

1sf23dfssfd
Хуулийн дагуу намрын ээлжит чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийх учиртай. Харин чуулган нээхээс урд УИХ-ын даргын болон эрх баригчдын өмнө төсөв үү, өршөөл үү гэх ярвигтай асуулт гарч ирээд байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёрын аль нь чухал болохыг тогтоох шаардлага тулгарчихаад байна.

Уг нь улс орны эдийн засаг эрчимтэй уруудаж байгаа өнөө үед энэ оныхоо төсөвт тодотгол хийх, ирэх оныхоо төсвийн төсөөллийг ярилцах нь нэн тэргүүний ажил баймаар. Тэгээд ч Засгийн газрын Тэргүүн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Сангийн сайдыг дуудаж уулзаж, даалгавар өгөхдөө “төсвөө намрын чуулганы эхэнд хэлэлц” гэчихсэн.

Сангийн сайд ч хамгийн түрүүнд төсвөө хэлэлцүүлэх чиглэл барьж байгаагаа дуулгасан. Энэ бол Ерөнхий сайд болон Сангийн сайдын санаачилга. Харин тэдний энэ санал санаачилга дээр хуулийн заалт нэмэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хуулийн дагуу аравдугаар 1-нд ирэх оны төсвөө өргөн барих учиртай.

Энэ үүднээс нь харвал УИХ намрын чуулганаа эхлүүлсэн даруйдаа төсвөө хэлэлцэж эхлэхээр харагдаж байгаа юм. Гэтэл УИХ энэ зун хоёр ч удаа ээлжит бус чуулган зарласан. Ингэхдээ хоёулаа “ацаг”-тай байсан нь төсвийг түрүүлж хэлэлцүүлэхгүй ч байж магадгүй нөхцөл үүсгээд байна.

Учир нь, эхний ээлжит бус чуулганаар эрх баригчид хаалттай хаалганы цаана хоёр талын /АН, МАХН/ ашиг сонирхлыг хангах үүднээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Энэ нь араасаа маш олон асуудал дагуулсан учраас хоёр дахь удаагаа ээлжит бус чуулган зарласан юм. Ийнхүү УИХ хоёронтоо хуралдаад ч Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр болгож чадаагүй юм.

Тодруулбал, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хоёр дахь ээлжит бус чуулганаар хүлээн авсан ч хуульд оруулах нэмэлт өөрчлөлт хийх Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг бантан хутгачихсан нь Өршөөлийн хуулийн цаана “наранд гарахаар” хоног тоолон хүлээж суугаа олон мянган иргэнийг хүлээлтийн байдалд оруулсан хэрэг.

Том зургаар нь харвал Өршөөлийн хуулиар бүх ард түмнийг, улс орны эдийн засгийг хүртэл барьцаалчихлаа гэж хэлж болохоор байна. Яагаад гэвэл байж болох бүх хэмнэлтээ хийхээр болоод байгаа энэ үед цаг алдалгүй төсвөө хэлэлцмээр байгаа ч Өршөөлийн хууль ийнхүү барьцаа болж байна.

Ингээд ч зогсохгүй УИХ-ын дэд дарга “Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэсэн. Энэ тухай намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо” гэж мэдэгдсэн. Харин үүний дараагаар УИХ-ын дарга намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо нийт 27 асуудлыг хэлэлцэхээр тогтсон ч хамгийн эхэнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрэмбэлсэн.

УИХ-ын даргын захирамжаас харвал УИХ намрын чуулганаа эхэлсэн даруйдаа Өршөөлийн хуулиа хэлэлцэж эхлэхээр байна. Гэтэл нэг асуудлыг хэлэлцэнэ гэдэг нэлээд хэд хоногийг барна гэсэн үг. Тэр дундаа нэгнээ барьцаалж, шантаажилсан Өршөөлийн хуулийг тэд хэдхэн хоногт нугалчихгүй нь ойлгомжтой.

АН олонхоороо хүлээгээд авчихсан учраас Ерөнхийлөгчийн хоригийн дагуу нэмэлт өөрчлөлт хийхийг зорих нь ойлгомжтой ч МАХН-ынхны гол зорилгыг Ерөнхийлөгч хуулиас сугалчихсан нь ийнхүү асуудал дагуулаад байгаа нь нууц биш. Хэдийгээр гурван ч сайдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт багтаасан ч Н.Энхбаярыг нь цэвэрлэх заалт Өршөөлийн хуульд багтаагүй цагт тэд эрх баригчдыг бойкотолсоор байх нь гарцаагүй.

Ингээд бодохоор намрын чуулган хэл амтай асуудлаар эхэлж, эцэстээ ямар шийдэлд хүрэх нь эргэлзээтэй харагдаж байгаа юм. Гэтэл энэ бүхний цаана улс орон, ард түмэн, Засгийн газар, ерөөсөө бүгдийн эхэнд эрэмбэлэгдэх учиртай төсөв хол хаягдаж магадгүй нөхцөл байдал харагдаад байгаа юм.

Төсвийн тодотгол гэдэг нь буруу тооцоолол, алдаагаа засахын л нэр. Нэгэнт УИХ буруу тооцооллоор энэ оныхоо төсвийг баталсан, тиймдээ ч их наядаар орлого нь дутахаар байгаа энэ үед тодотголоо яаралтай хэлэлцмээр. Гэтэл МАХН-ын барьцаа юунд ч хүргэж болзошгүй. Эцсийн дүндээ эрх баригчид улс эх орноо бодох уу, нэг хүний эрх ашгийн төлөө нийтийн ашгийг цааш тавих уу гэдгийг харах л үлдлээ.

М.Өнөрөө

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Нэр: Монгол Огноо: 28 September 2015

Юу вэ!!! Бүхэл бүтэн Монгол улсын Нэг аймгын БҮтэн нэг сумаар тоголсон С.Баярт хариуцлага үүрүүлээгүй байж нэгхэн хүний захиалгаар нэг хүний амь, амьдралыг дээсэн дөрөөн дээр аваачиж наадан тоглоно гэдэг чинь АРИУН ЯВДАЛ УУ???

Сэтгэгдэл бичих