Алтны жишиг үнийг 1895 ам.доллар болгов

Татварын ерөнхий газар уул уурхайн бүтээгдэхүүний энэ сард баримтлах жишиг үнийг зарлав.

Үүнд алт, мөнгөний ханш өнгөрсөн сарынхтай харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байна. Ойролцоогоор нэг унци алтны жишиг үнэ 1895 ам.доллар, нэг унци мөнгөний үнэ 42.71 ам.доллар, нэг килограмм зэс 9.04 ам.доллар болов.

Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийн жишиг үнэ 9040 ам.доллар болсон гэсэн үг. Харин төмрийн хүдэр, хайлуур жонш зэрэг холимог металлын үнэ ялимгүй буурчээ. Түүнчлэн нүүрсний үнэд бага зэргийн өөрчлөлт орсон байна.

Тухайлбал, 4000 хүртэл ккал илчлэгтэй нэг тонн нүүрсний үнэ 72 ам.доллар, 5500 ккалаас дээш илчлэгтэй нүүрс тонн тутамдаа 114 ам.долларын жишиг үнэтэй болжээ. Энэ нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад ялимгүй өссөн үзүүлэлт юм. Экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоохдоо манай улс ихэвчлэн Лондонгийн Металлын бирж дээрх арилжааг харгалзан үздэг.

Харин тэнд уржигдар арилжаа хаагдах үед нэг тонн зэсийг 8935 ам.доллараар худалдаж байжээ. Мөн ирэх гурван сард нийлүүлэлтэд гарах нэг тонн зэсийн үнэ 8962 ам.доллар болсон байна. Гэтэл Татварын ерөнхий газар Лондонгийн Металлын бирж дээрх үнээс илүү өндөр жишиг үнэ тогтоосон аж. Ер нь сүүлийн үед зэсийн үнэ буурах хандлагатай байгаа юм.

Үүнд Хятадын аж үйлдвэрлэлийн индекс буурсан нь томоохон нөлөө үзүүлсэн. Хятадын Засгийн газар эдийн засгаа хөргөх зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хумих бодлого баримталж байгаа. Гэтэл зэс бол бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн ажилд хамгийн өргөн хэрэглэгддэг металл. Тиймээс Хятадын эрх баригчдын бодлогыг дагаад зэсийн эрэлт ч буурах хандлагатай байна.

Учир нь Хятад бол дэлхийн зэсийн нийт эрэлтийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг орон. Олон улсын бирж дээр зэсийн үнэ ийнхүү буурч байхад алт, мөнгөний ханш эсрэгээрээ өсөх хандлагатай болжээ. Өнгөрсөн сарын 28-нд нэг унци алтны үнэ дээд амжилт тогтоож, 1913.5 ам.доллараас давсан билээ. Гэтэл Нью-Йоркийн Худалдааны бирж дээр даваа гарагийн арилжаа хаагдах үед нэг унци алтны ханш 1921.15 ам.доллар болж, дахин дээд амжилт эвдэв. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд суларч байгаагаас болоод ам.долларын ханш тогтворгүй болж, хөрөнгө оруулагчид алтанд гол анхаарлаа хандуулах болсон.

Төв банкууд нөөц дэх ам.доллараа алтаар солихыг эрмэлзэж байна. Үүнээс үүдээд хэтдээ алтны үнэ ийнхүү өсч байгаа юм. Цаашид ч энэ байдал үргэлжлэх нь тодорхой байна. Тиймээс алт олборлогч компаниуд үүнийг ашиглаж, олон улсын биржүүдээс олох ашгаа нэмэхийг хичээсээр байна.

Харин манай албаныхан экспортоор гаргах алтны жишиг үнийг олон улсын биржийнхээс нэлээд багаар тооцжээ. Гэхдээ жишиг үнийг хэд гэж тооцохоос үл хамаараад алтны олборлолтыг хуулийн дагуу хянах боломжгүй байгаа учраас энэхүү металлын арилжаагаар Монголын Засгийн газар ашиг олж чадах нь эргэлзээтэй юм.

Манай улсын хувьд уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг тооцохдоо Лондонгийн Металлын бирж дээрх арилжааг голчлон харгалзаж үздэг. Харин олон улсын бирж дээрх үнэд тээвэрлэлтийн зардал, НӨАТ болон бусад татвар, боловсруулах зардал бүгд шингэсэн байдаг аж. Ийн нэлээд өндөр тогтоосон жишиг үнээр нь тооцож, татвар авдаг билээ.

Гэтэл монголчууд боловсруулаагүй түүхий эд экспортод гаргадаг учир өртөг, үнэ нь илүү хямд тусдаг байна. Тиймээс манай уул уурхайн компаниуд хилийн үнээс дээгүүр жишиг үнэ тогтоож, түүнд нь нийцүүлэн худалдахыг шаардаж буйд нэлээд ундууцдаг юм.

Т.Элиса


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих