Эх оронд илүүдэл иргэн гэж байдаггүй

Улс орны хөгжил хүн амынхаа далттэй салшгүй холбоотой байдаг. Тэр тусмаа хүн амынхаа бүтцэд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь өндөр бол улсын хөгжил төвөггүйхэн урагшлах нь зүйн хэрэг. Монгол Улсын хүн амын бүтцийн насны ангиллыг харвал нийт хүн амын дийлэнхийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг.

Өнгөрсөн оны хүн ам орон сууцны тооллогын дүнгээс харвал нийт хүн амд 0 -14 насныхны эзлэх хувийн жин 27.3, 15-44 насанд 69, 65, түүнээс дээш насанд 3.7 байна. Гэтэл манай улс ид хөдөлмөрийн насныхныгаа улс орныхоо хөгжилд ашиглаж чаддаггүй. Хамгийн эрүүл чийрэг биетэй, ид хөдөлмөрлөх насны залуусаа харь орон руу “экспортлодог”.

Энэ гэм нь эргээд Монгол Улсын хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа юм. Мөн тооллогоор нийт хүн амаас гадаадад зургаан сараас дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат иргэн 107140 байна гэх тоо гарсан. үүнийг бас баттай тоо гэж үзэх үндэс байхгүй. Мэдэгдэж байгаа нь энэ болохоос үүний цаана хэдэн монгол хүн тооллогод хамрагдалгүй үлдсэнийг хэлж мэдэхгүй.

Хэдийгээр монголчуудын багагүй хэсэг нь гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа ч мөнгөний урсгалыг эх орон руугаа чиглүүлж буй нь тодорхой.

Гэхдээ зөвхөн мөнгөний урсгалыг эх орондоо татлаа гээд манай улсын эдийн засаг бэхжинэ гэдэг боломжгүй зүйл. Залуус эх орондоо хөдөлмөрлөж, бүтээж байж Монгол Улс хөгжинө.

Бүхнийг гадаадаас гэдэг “уриа”-гаа одоо орхих цаг болсон. Дотооддоо хэнд ч гологдохгүй, чанартай үйлдвэрлэл эрхэлж, гадагшаа гаргадаггүй юм аа гэхэд дотоодын зах зээлдээ нийлүүлж болно. Уг нь ийм эрх монголчуудын өмнө нээлттэй байгаа.

Гэвч иргэд татвараас болоод бизнес эрхэлж, хөл дээрээ зогсч чаддаггүй хэмээн гомдоллох нь бий. үүнээс харвал шинээр бизнес эрхлэх гэж буй хүмүүст Монгол Улс халгаатай.

Тэгсэн мөртлөө малдаа асар их мөнгө зарцуулдаг эрүүл бус тогтолцоотой. Тэнэмэл гэгддэг гэр оронгүйчүүд байсаар атал тэднийгэрүүлжүүлэх, нийгмийн амьдралдтатан оролцуулах бодлого баримталдаггүй байж мал эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгө зарлагаддаг.

Хөдөө аж ахуйн салбар Монгол Улсад ашигтай, ээлтэй байдаг байлаа ч түүнийг хөгжүүлэхийг хүнээс дээр авч үзэх нь хачирхалтай. үнэнийг хэлэхэд Монголд иргэн хүний үнэ цэнэ гэж алга. Төр нь иргэдээсээ дэндүү холдчихсон. Харин малдаа хайр зарлачихсан тийм л эрүүл бус үзэгдэл Монгол оронд бий болчихож.

Өөрийгөө малаас дорд үзэж байгаа төрдөө гомдсон иргэд олон бий. Монголын төр иргэн хүний үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хаа сайгүй тааралдах гэр оронгүйчүүдээс эхлээд эрүүл хүн Монголд бараг байхаа больж. Дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн тун ховор болохоор хаа тааралдсан хүнсийг хэрэглэж, тэр нь хорт хавдар элдэв төрлийн өвчин тусах нөхцөл болж байна.

Хүн амыг эрүүлжүүлэхийн тулд хийх анхны алхам нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулах. Монгол Улсын хүн амын өсөлтийг чөдөрлөж байгаа нэг зүйл нь яах ч аргагүй нөхөн үржихүйн эрүүл мэнд. Эмч нар үүнийг батлан хэлдэг ч өнөөдрийг хүртэл нөхөн үржихүйн эрүүл мэндэд чиглэсэн дорвитойхон бодлого алга.

Архичин, тэнэмэл хэмээн дуудуулж яваа хүн бидний дунд цөөнгүй байн Тэднийг зөв замд нь татан оруулах нь монголчуудын үүрэг. Угтаа бол гэр оронр гэгдэж яваа хүн машин хөлөглөн салхи татуулан давхих хүн хоёр тэгш эрхтэй.

Гэтэл өнөөгш нийгэмд энэ хоёрыг ялгаварлан харьцах явдал түгээмэл байгаа нь харамсалтай юм. Тэдэнд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн л ялгаа байхаас адилхан л эрдэнэт хүний биеийг олж төрсөн байдаг.

Амьдралдаа алдсан хүмүүсийг өөд нь татах бодлого манайд аль аль шатан үгүйлэгддэг. Хувь хүнээсээ эхлээд төр засгийн хэмжээнд энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь ямар ч улс оронд илүүдэл иргэн гэж байдаггүй.

Ж.Тагтаа
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих