Туркчүүд Османы эзэнт гүрнийг санагалзаж байна
Сүүлийн өдрүүдэд Турк улс өөрийн нөлөөг бүс нутагтаа бэхжүүлэх оролдлого хийж байгаа талаар Оросын “Pravda.ru” цахим хуудсанд нийтлэгдсэн “Туркчүүд Османы эзэнт гүрнийг санагалзаж байна” өгүүллийг товчлон орчууллаа.
Османы эзэнт гүрэн нуран унаснаас хойш 100 жилийн дараа Турк улс олон улсын тавцанд дахин «тодорч» эхлэв. Тус улс 19-20 зууны үед алдагдсан байр сууриа эргүүлэн авахыг эрмэлзэж байгаа нь хөрш орнууд, түүний дотор Орос улсын ашиг сонирхлыг шууд хөндөж буй хэрэг юм. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Туркийн эрх баригчдын хийж буй үйлдлүүд нь Израиль, Сири, Ирак, Иран болон Европын Холбооны гишүүн орнуудыг ихээхэн түгшээх болов.
Ялангуяа Израиль, Туркийн харилцаа нэлээд хурцдах шинжтэй болсон нь юуны түрүүнд Палестины асуудалтай холбоотой юм. 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эрх чөлөөний флотын «Мави Мармара» хөлөг онгоцон дээр гарсан мөргөлдөөний үеэр Израилийн «Шаетет-13» гэдэг тусгай хүчний отрядынхан Туркийн 9 иргэнийг амийг хөнөөсөн билээ.
Хоёр орны харилцаанд бэрхшээл учруулж байгаа өөр нэгэн асуудал бол Курдын асуудал юм. Учир нь, Израиль улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд курдийн салан тусгаарлагчдад нууцаар тусламж үзүүлсээр ирсэн гэдэг нь хэнд ч илэрхий болсон. Тухайлбал, Бегин 1977-1983 онд Израилийн Ерөнхий сайд байх үед Курдистаны нутаг дэвсгэрт израилийн цэргийн зөвлөхүүд ажиллаж байв.
Туркийн удирдлага палестинчуудад ихээхэн дэмжлэг үзүүлдэг, мөн Израилийн цөмийн хөтөлбөрийн явцад мониторинг /шалгалт/ хийх шаардлагыг олонтаа тавьж, Газар Дундын тэнгист орших газрын тос- байгалийн хийн нөөц ихтэй ордуудыг израильчуудад ашиглуулахгүй байх зорилгоор еврейн улсын эсрэг хийсэн алхмууд зэрэг нь энэ бүхнийг тодорхой харуулж байна.
Энэ сарын 7-нд цэргийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар Туркийн засгийн газрын тэргүүн Египетэд айлчилсан нь израильчуудыг ихээхэн тэвдүүлэв. Турк болон Египетэд Израилийн эсрэг уур амьсгал газар авч, мөн Хойд Африкийн орнуудад төр засаг солигдож байгаа зэргийг тооцож үзвээс израильчуудын сандарч байгаа нь аргагүй юм.
Үйл явдал цаашдаа тун «эвгүй» байдлаар өрнөж магадгүй. 1960-70 оны үед Израиль улс өөрт нь дайсагнагч хөршүүдийнхээ бүслэлтэд байсан тэр үеэс ч илүү хэцүү үе дахин ирж болох юм. Туркүүд Израилийн холбоотон байснаа дайсагнагч этгээд болсон нь арабын орнуудыг бүгдийг нь нийлүүлснээс ч хавьгүй их заналыг учруулж болзошгүй.
Турк улс ээлжит «Эрх чөлөөний флот»-ыг өөрийн цэргийн хөлөг онгоцуудын хамгаалалтын дор илгээнэ хэмээн заналхийлж, бас дээр нь Улаан тэнгист байлдааны жижүүрлэлт хийх хөлөг онгоцнуудыхаа цувааг бэлтгэж байна.
Эрдоган Газар Дундын тэнгис дэхь Израилийн эргийн зүг өөр нэгэн цувааг илгээж байгаа нь Израилийг тэнгисийн замаар бүслэн хааж байна гэсэн сэтгэгдлийг төрүүллээ. Дашрамд, туркууд НАТО-гийн эвслийн орнуудын дотор Америкийн дараагаар хоёрт орох 600 мянган цэрэг бүхий нүсэр том армитай юм.
Турк-Израилийн харилцаанд бий болсон хүндрэлүүд нь 2010 онд үүссэн хэрэг биш. 2008 оноос эхлэн Туркийн засгийн эрхэнд гарсан исламчуудын гадаад улс төрийн бодлого идэвхжиж эхэлсэн тэр үеэс л харилцаа илт хүйтрэх шинжтэй болсон. Харин сүүлийн хагас жилийн хугацаанд Эрдоганы гаргаж буй «идэвх зүтгэл» энэ чиглэлд бүр илүүтэй анзаарагдах болсон.
Израилийн эсрэг хийж буй туркчуудын үйлдэл нь тэдний жинхэнэ цаад зорилгыг нууж хааж чадахгүй юм. Юуны өмнө, Туркийн далайн цэргийн флот Улаан тэнгист хүрэлцэн очсон нь Ираны хөлөг онгоцуудын цуваа тэнд очсоны хариуд хийж үйлдэл мөн.
Ингэснээрээ, Турк улс Персийн булангаас газрын тос тээвэрлэдэг зам буюу Барууны орнуудын хувьд стратегийн хувьд маш чухал районд «булчин шөрмөс»-өө харуулж байна.
Хоёрдугаарт, Туркийн зүгээс арабын ертөнцийн бусад орнуудын талаар явуулж бодлогыг анзаарваас, тус улс Сирид шууд илтээр заналхийлж, Иракийн умард нутагт цэргээ оруулан, Ливийн эсрэг НАТО-гийн ажиллагаанд оролцсоныг дурдах хэрэгтэй.
Харин Египетийн хувьд гэвэл, Хосни Мубаракийг засгийн эрхэнд байх үед египетчүүд Анкараг Ойрхи Дорнод болон арабын ертөнц дэх өөрийн аюултай өрсөлдөгч хэмээн тооцдог байсан. Энэ нь одоо ч хэвээр.
Тухайн үед Египет улс Барууныхны бүрэн дэмжлэгийг хүлээж байсан бол өнөөгийн хувьсгалт өөрчлөлтийн дүнд лалынхны нөлөө мэдэгдэхүйц бэхжлээ. Энэ үед туркууд үүссэн нөхцөл байдлыг ашиглан, эдийн засгийн харилцаа болон цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Египетэд нөлөөгөө бэхжүүлэхийг оролдож байна.
Эрдоган, Гюль нарын исламистууд Сири болон Египетэд үйл ажиллагаагаа явуулдаг «Ах дүү мусульманчууд»-ыг илт дэмждэг.
Үзэл суртлын хувьд ойролцоо гэдэгтээ биш харин дэлхий нийтийг хамарсан глобал тоглолтод оролцох гараагаа эхэлж байгаад л хэргийн учир оршино. Харин Израиль улс туркуудын энэ үйлдэлд тун мэгдэж сандарсан шинжгүй, уужуухан хандаж байна.
Яагаад гэвэл, Туркийн эрх баригчдын сүржин мэдэгдлүүд нь яг үнэн хэрэгтээ арабуудын дунд нэр хүнд олж авахыг хичээсэн оролдлого гэдгийг Тель-Авив мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
Дээрх хоёр улс үгээр дайтаж байгааг ажиглаж байхад, Анкарагийн хийж буй үйлдэл Израилийн эсрэг гэхээсээ илүү Газар Дундын тэнгис болон Европ тивийн өмнөд хэсэгт өөрийн нөлөөг сэргээн тогтооход чиглэсэн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Туркийн эрх баригчид хэдэн арван пуужин тээгч болон ар талын хангалтын хөлөг онгоцууд, тэрчлэн хэд хэдэн байлдааны хөнгөн хөлөг онгоцуудыг тэнгисийн эрэг рүү илгээж байгаагаа зөвхөн Израилийн эсрэг чиглэсэн гэж ойлгуулахыг хичээж байна.
Хэдхэн хоногийн өмнө туркууд «тэнгисийн цэргийн шинэ стратеги» болох « Барбаросс ажиллагаа-Эгийн тэнгисийн бамбай» гэдэг тун сүржин нэртэй бодлогыг тунхагласан байна. Төлөвлөгөө ёсоор Туркийн хөлөг онгоцууд Кипр, Израиль хоёр улсын дунд байрлах ажээ.
Сүүлийн хагас жилийн хугацаанд Анкарагийн эрх баригчид Киприйн эсрэг хатуухан бодлого явуулж байгаагийн учир нь Туркийн эрэг орчмын нутаг дэвсгэрт Грекийн компаниудад газрын тос, хийн олборлолт явуулах боломж олгохгүй байхад чиглэж байгаа юм.
Дашрамд дурдахад, Европын Холбооны асуудал хариуцсан Туркийн сайд Эгемен Багыш дээрх байдлыг гаргуулахгүйн тулд цэргийн хүч хэрэглэж болох талаар дурдаад авсан. Үүгээр асуудал дууссангүй. Турк улс өөрийн тэнгисийн цэргийн хүчний оролцоог Адриатын тэнгист бэхжүүлэх зорилго өвөрлөж байгаагаа шуудхан илэрхийлж байна.
Тэгэхээр ойрын үед Туркийн 14 шумбагч хөлөг онгоцны зарим нь «шинэ үүрэг даалгавар» биелүүлэхээр замд гарч болзошгүй. Ингэснээрээ, Анкарагийн эрх баригчид Босни-Герцеговины лалын шашинтнуудын дунд нөлөөгөө бэхжүүлэхийг зорьж байгаа төдийгүй үүнийгээ Европын Холбооныхонд шуудхан мэдэгдэж байгаа.
Түүхийн хуудсыг сөхвөл, 18-р зууны дунд үеэс эхлэн Османы эзэнт гүрний хүч суларч, Магрибын орнуудаас эхлээд Балкан, Кавказад нөлөөгөө алдаж эхэлсэн байна.
Хөрш орнуудтайгаа, түүний дотор Оростой хийсэн дайнд удаа дараалан ялагдсан нь үүнийг харуулсан, тухайлбал, 1877-1878 оны Орос-Туркийн дайн, Балканы орнуудтай хийсэн зэвсэгт мөргөлдөөнүүд, 1912-1913 онд Ливийг Италид алдсан зэргийг дурдаж болно.
Дэлхийн Нэгдүгээр дайнд ялагдсан нь Османы эзэнт гүрэн мөхөж, арабын ертөнц дэх өөрийн бүх эзэмшлийг алдахад хүргэсэн. Тэр ч байтугай түрэгүүд тусгаар улс байх уу, үгүй юу гэдэг асуудал дээсэн дөрөөн дээр байв.
1922 онд Мустафа Кемаль Ататюрк Антантын орнуудын дэмжлэгийг авсан Грекийг буулган авч чадсан хэдий ч туркууд 1918 оны ялагдлаас эргэн сэргэж чадна гэдэгт итгэхэд тун бэрх байлаа.
Турк улс 100 жилийн турш «хүчээ хуримтлуулсны» эцэст «алдсанаа» нөхөн авахад бэлэн гэдгээ зарлаж эхлэв. Туркууд идэвхжиж байгаа нь Кавказ болон Крымийн районд илт мэдрэгдэх бөгөөд энэ нь Орос улсыг түгшээхгүй байхын аргагүй юм.
Б.Адъяахүү
Эх сурвалж: “Монцамэ”
URL:













