Сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг” төсөл хэрэгжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан Монголын спорт хөгжил сангаас хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн “Мөрөөдлийн баг” төсөл 10-18 насны ЕБС-ын сурагчдын дунд хэрэгжих гэж байна.
Саяхан Монгол улсад айлчилсан НБА-ын супер од “Супермэн” хочит Двайт Ховард тус төслийн нээлтэнд оролцоод буцсан. Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор явагдах тус сагсан бөмбөгийн тэмцээн Монгол улсын хэмжээнд 12 хүртэлх, 12-15, 15-18 гэсэн насны ангилалаар 4 үе шаттайгаар 264 мянган сурагчдын дунд болох бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр “TLG13” ТББ ажиллах юм.
“Эрүүл Монгол хүүхэд сагсан бөмбөгөөр дэлхийд” гэсэн зорилготой “Мөрөөдлийн баг” төсөл нь Монгол улсын хэмжээнд аймаг сум, дүүргийн “Мөрөөдлийн баг”-ийг шалгаруулж, нас насны улсын шигшээ багийг бүрдүүлж эх орноо төлөөлүүлэн олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулах юм байна.
Улмаар Монголын сагсан бөмбөгийн спортыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэгдэх ажээ. Тэмцээний I шат ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн I улирлын амралтаар буюу 2011 оны 10 сарын 31-нээс 11 сарын 11 хүртэлх хугацаанд болох бөгөөд энэ хооронд ЕБС бүр сургуулийнхаа аваргыг шалгаруулна. Улмаар сургууль бүр нас насны шигшээ багаа бүрдүүлж тэмцээний II үе шатад оролцоно.
Тэмцээний II шатад аймаг, сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн явагдах ба аймаг сум дүүргээс нас насны ангилалдаа аварга болсон эрэгтэй, эмэгтэй багууд тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой болох юм. Тухайлбал: сумын аварга болсон баг бүх сумын аваргын төлөө тоглох бол дүүргийн аварга болсон баг хотын аваргын төлөө тоглох эрхтэй болно. Харин аймгийн аварга баг бүх аймгуудын аваргад тоглох юм.
Хугацааны хувьд ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтаар буюу 1 сарын 16-наас 27-ны хооронд зохион байгуулагдах бол тэмцээний III шат аймаг, сум, хот, хувийн хэвшил, клубууд нас насны ангилалд тус бүр эрэгтэй эмэгтэй эхний гурван байрыг шалгаруулна.
Тэмцээний III шат ЕБС-ийн гуравдугаар улирлын амралтаар буюу 3 сарын 26-наас 4 сарын 6-ны хооронд зохион байгуулагдах юм. Харин “Мөрөөдлийн баг” тэмцээний IV үе шатад сум, хот, аймаг, клуб, хувийн хэвшлийн нас насны ангилалд тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 90 багийн 1350 өсвөрийн тамирчин улсын аваргын төлөө тоглоно.
Хугацааны хувьд 2012 оны 4 сарын 14-нээс 5 сарын 12-ны хооронд зохион байгуулагдах юм байна. Тус тэмцээнээс шалгаран гарсан багуудыг Олимпийн аварга Сергей Беловын нэрэмжит “КЭС Баскетбол” тэмцээнд оруулахаас гадна сагсан бөмбөг өндөр хөгжсөн АНУ-д аялуулан үе тэнгийн хүүхдүүдтэй уулзалт тоглолт зохион байгуулах ажээ.
URL:













