Томуу төст өвчний үед ямар тохиолдолд эмчид заавал үзүүлэх ёстой вэ?

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу төст өвчин ихсэх хандлагатай байна. Эмнэлгүүдэд дараалал үүссэн байгаа энэ үед бага насны хүүхдээ дагуулан эмнэлэг явах нь өвчнөө хүндрүүлэх нэг шалтгаан болдог учраас ямар тохиолдолд заавал эмчид хандах шаардлагатай талаар мэдээллийг хүргэж байна. Дараах тохиолдолд эмчид заавал үзүүлээрэй.
Үүнд:
- Эмчилгээ хийгээд дөрөв хоногийн дотор бие сайжрахгүй бол
- Өвчний долоо дахь хоногт халуурах, бие сайжирснаа эргээд дордох
- Арьс цонхийх, ам цангах, амьсгаадах, хүчтэй өвдөлт өгөх, идээтэй нус цэр гарах
- Хүчтэй ханиалгах, гүнзгий амьсгаа авахад ханиалга ихсэх
- Халуун буулгах эмэнд халуун буухгүй, удаан үйлчлэхгүй бол
- Ухаан балартах, таталт өгөх, амьсгалахад бэрхшээлтэй болох, хүзүүгээр хавагнах
- Ханиад, томууны шинж байхгүй мөртлөө хоолойгоор өвдөх
- Бөөлжилттэй хавсарсан л бол
- Биеэр тууралт гарч хуруугаар дарахад арилахгүй байвал
- 39 хэмээс дээш халуурч, эм уугаад 30 минут болоход халуун буурахгүй бол
- Толгой эргэх, арьс цонхийж халуурч байвал зэрэг болно.
Тэгвэл томуу, томуу төст өвчний үед гэрийн нөхцөлд та дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд:
- Амаа зайлах – Аяга усанд цайны халбаганы тал давс ба сод хийж хоолой зайлах
- Утлага хийх – Ханиалгаад байвал төмсийг хальстай нь чанасан, буцалсан усанд эмчилгээний ургамал хийж хамар, хоолойгоо утах
- Хамарт халуун жин тавих – Чанасан, халуун өндгөөр хамрын гадна талаас халуун жин тавих, давсыг уутанд хийж халаан хамарт жин тавьж бас болно
- Хамар угаах – Сулхан давстай бүлээн усаар хамраа угаах, эмийн санд зардаг зориулалтын шүршигчээр угаах
- Өдөрт 3-4 литр шингэн зүйл уух. Үүнд цай (лимон, зөгийн балтай цай), жимсний шүүс (цангис, аньс, жүрж), ус рашаан зэргийг уух. Ялангуяа вирүс шүлтлэг зүйлээс айдаг учир 1-2 рашаан уух сайн.
- Витамин С ихтэй жимс, ногоо болон үрлэн витамин С-г ахиухан хэрэглэх
- Дулаан байх – 38-42 хэмийн халуун усанд орох (хэт халуун бол зүрхэнд ачаалал өгнө), ноосон оймс өмсөж унтах.
Сануулахад, томуу, томуу төст өвчнөөр хүн ханиаж, найтаалгахад нян 7 метр зайнд үсэрдэг байна. Тиймээс та ханиад, томуу хүрсэн үедээ амны хаалт зүүх, ханиаж найтаахдаа амаа дарж хэвшээрэй.
URL:




