Дөрвөн ерөнхийлөгчийн түүхийг нэг номонд багтаалаа

Монголчууд хамгийн анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбатыг сонгож байсан мөчөөс хойш 25 жил өнгөрчээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн 25 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” хэмээх номыг бүтээжээ.
Энэхүү номын нээлтийг өчигдөр хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсноороо ялгаатай. Уг бүтээлд Пунсалмаагийн Очирбат /1990-1997/, Нацагийн Багабанди /1997-2005/, Намбарын Энхбаяр /2005-2009/, Цахиагийн Элбэгдорж /2009 оноос/ нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн ажлын он дарааллаар нь оруулжээ.
Номын нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улс эрт үеэс төрт ёсны баялаг түүх, уламжлалтай орны нэг. Монголчууд бид түүхийнхээ ихэнх цагт хаанаар толгойлуулсан засагтай байсан бөгөөд төр барихуйн ухааны арвин мэдлэг хурааж, хүн төрөлхтний түүхэнд ул мөрөө тод үлдээсэн өвөг дээдэстэй ард түмэн” гэж онцлон хэлэв.
Мөн “Өнгөрсөн ХХ зуун бол Монголын ард түмний хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн болгох, хөгжлийн хоцрогдлоо арилгахын төлөө тасралтгүй тэмцэл, цуцалтгүй хичээл зүтгэл, ололт, амжилт, бас ухаарлын зуун байсан юм. Энэ үйл явц дунд орчин цагийн төр засаг төлөвших өрнөл ч нэгэн адил хэд хэдэн үе шатыг дамжин өнөөдөртэй золгосон түүхтэй” гэв.
Монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, Буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн хаанаар өргөмжилж, шинэ он тоолол эхлүүлж байжээ. Харин 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Богд хааны эрхийг хязгаарлан Бүгд найрамдах төрийн хэлбэр тогтоохыг зорьж, 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр хаант засгийг бүрмөсөн халсан түүхтэй.
БНМАУ 1924 оны Үндсэн хуулиар иргэнээ өмч хөрөнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварласан, коммунист үзэл онолтой, шашингүй, ангигүй нийгэм байгуулах зорилго тавьжээ. Төрийн байгуулалтын хувьд ч хамтын удирдлагын Бүгд найрамдах хэлбэртэй, Ерөнхийлөгчгүй улс байхаар тогтсон бөгөөд уг тогтолцоо 1990 он хүртэл үргэлжилсэн билээ.
Харин энэхүү тогтолцоог өөрчилснөөр 1960 оны Үндсэн хуульд нэмэлт оруулж, Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа бий болгож, Монгол Улс Төрийн тэргүүнтэй болж байв. Энэ нь хүн ахтай, дээл захтай, айл өрх ч тэргүүнтэй байх төр барих монгол ухаан, уламжлалтай нийцсэн шийдвэр байсан гэдэгтэй маргах хүн ховор. Түүнчлэн монголчууд шинэ Үндсэн хууль боловсруулж, Ерөнхийлөгчийн институцийг улам баяжуулж, баталгаажуулж байв.
Энэ талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” номд дурджээ. Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурал 1990 оны есдүгээр сарын 3-ны өдөр П.Очирбатыг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр томилсон. Түүний дараагийн Ерөнхийлөгчдийн намтар түүхээс эхлээд Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эх болон архивын гэрэл зураг, баримтад түшиглэн уг номд шигтгэжээ. Тухайлбал, уг номд 500 богино өгүүлэл болон төдий тооны гэрэл зураг, 2500 орчим үйл явдлыг оруулжээ.
М.Алтанцэцэг
URL:




