Хүйтний улиралтай зэрэгцэн эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ

Hайзындаа хоёр хоногийн өмнө очлоо. Хаалгаар нь оронгуут л бяцхан охиных нь уйлах чимээ хадах аж. Ёс болгож амар мэнд асуусны дараа “Охины минь ханиад хүндэрчихлээ. Халуураад, ханиалгаад байхаар нь эмийн сангаас өвчин намдаах эм аваад өгчихсөн юм. Эм уусан даруйдаа биеийн байдал нь сайжирсан. Гэтэл долоо хоногийн дараа 38 хэм хүртэл халуурч, ханиалгаж эхэлсэн. Айсандаа өрхийн эмнэлгийн эмчид үзүүлтэл“Хатгаатай” гэсэн онош тавьж дүүргийн эмнэлэгт яаралтай ханд гэсэн юм. Гэтэл дүүргийн эмнэлгийн эмч“Цээжний хэржигнүүр цэртэй байна” гэж оношлоод хэвтүүлэх ор байхгүй учраас буцаасан. Тав хоногийн дараа ирээрэй гэлээ. Бид ч эмчийн бичиж өгсөн хэдэн эмийг өгөөд биеийн байдлыг нь ажиглахаас өөр юу ч хийж чадахгүй. Хий дэмий л сандрах юм” гэсээр найз минь хүүхдээ хөхүүллээ. Түүний охин 10 сартай. Үе үе ханиалгаж, халуурах нь бага насны хүүхдэд хэцүү байгаа нь илт.

Хүйтний улирал эхэлмэгц ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчний гаралт ихэсдэг. Энэ үеэр эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрч, хөнжил гудсаа дэвсээд шалан дээр хэвтэн эмчлүүлэх тохиолдол сүүлийн хэдэн жил энгийн үзэгдэл болоод байгааг шүүмжлэх хүн олон бий. Эл байдлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг зорилоо. Эмнэлгийн үүдээр оронгуут хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд энд тэндгүй сууцгааж байв. Угтах үйлчилгээнд ажиллаж буй сувилагчаас хэвтэх дараалал, сул ор асуусан хүн бишгүй олон байх аж. Тасагт ороход өвчиндөө шаналж буй хүүхдүүд уйлалдаж, эмч үзлэг хийж, сувилагч эмчилгээ хийгээд тасгуудаар явж байлаа. Хүүхдийн тасаг 125 ортой бөгөөд одоогоор 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг эрхлэгч эмч Ө.Туул хэлсэн юм. Тэрбээр“Өнөөдрийн байдлаар ачаалал харьцангуй бага байна. Хэд хоногийн өмнө 160 орчим хүүхэд эмчлүүж байсан. Өдөрт 40-50 хүүхэд амбулаториор үзүүлдэг байлаа. Харин одоо 200 гаруй хүүхэд үзэж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь1-4 насныхан. 

Хүүхэд нь ханиалгаж эхлэхээр эцэг эхчүүд дур мэдэн антибиотик өгчихдөг. Тэгээд хэд хоног ханиад нь намдаж байгаад эргээд сэдрэхдээ бүр хүндэрсэн байдаг. Эмчилж, оношлоход хүртэл хүндрэлтэй. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн олонх нь халуурах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэгтэй ирсэн. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдийнх нь биед ямар нэгэн зовиур илэрвэл эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй” гэв. Харин эмчилгээ хийж явсан сувилагч “Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн олонх нь ханиад, хатгаатай байна. Хүйтэрч байгаа учраас эцэг эхчүүд хүүхдээ дулаан хувцаслаж, шим тэжээлтэй хоол өгч, дархлааг нь сайжруулах хэрэгтэй.

Эцэг эхчүүд ажил ихтэй байна гээд хүүхдэдээ анхаарал сайн тавьдаггүй. Хүүхэд нь ханиад хүрэхээр дур мэдэн эм өгчихөөд хүндрээд ирэхээр нь эмчид үзүүлж, зөвлөгөө аваад эмийг багшид нь өгөөд цэцэрлэгт хүргээд өгчихнө. Энэ нь бусад хүүхдэд ханиадны халдвар тараах нөхцөл болдог. Тиймээс хүүхдийнхээ ханиадыг бүрэн эдгэрсний дараа цэцэрлэгт нь явуулмаар байна” гэсэн юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хойш хүүхдийнх нь биеийн байдал сайжирсан эсэх, эмчилгээ үйлчилгээний талаар зарим эцэг эхээс тодруулсан юм.

Х.ХАНДСҮРЭН: ХҮҮХДЭЭ ХАНИАЛГАЖ ЭХЛЭНГҮҮТ НЬ ЭМНЭЛЭГТ ХАНДСАН

Манай хүүхэд тав хоног эмнэлэгт хэвтээд гарч байна. Халуурч, гүйлгэж, бөөлжиж байсан. Сүүлдээ бүр таталт өгөөд эхэлсэн юм. Эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэснээс хойш биеийн байдал нь харьцангуй сайжирлаа. Эцэг, эхчүүд хүүхдээ ханиад хүрэхээр өөрсдөө дур мэдээд элдэв төрлийн эм өгчихдөг. Ингэх нь ханиад хүндрэх гол шалтгаан болдог байх. Миний хувьд хүүхдээ ханиалгаад эхлэхээр нь шууд эмнэлэгт хандсан.

Ж.ДЭЛГЭРМАА: 38 ХЭМ ХҮРТЭЛ ХАЛУУРСАН

Миний хүү 11 сартай. Бөөлжиж, 38 хэм хүртэл халуурсан. Цаг орой байсан учраас 103 -т хандаж эмчээс зөвлөгөө авсны дараа хүүхдэдээ эм уулгасан. Анх ирж үзүүлэхэд хэвтүүлэх ор байхгүй гээд эмч эм бичиж өгөөд буцаасан. Эмийг нь цаг тутамд өгсөн ч биеийн байдал нь сайжрахгүй байлаа. Тэгээд өчигдөр ирж үзүүлэхэд шууд хэвтүүлсэн.Эмчилгээ хийлгээд биеийн байдал нь арай дээрдэж байна. Хэд хоног хэвтүүлэхийг сайн мэдэхгүй байна.

Я.ДОРЖПАГАМ: ЭМЧИЛГЭЭ САЙН ХИЙЖ БАЙНА

Хүүхэд маань одоо есөн сар хүрч байна. Ханиад хүрээд хатгаа авчихсан юм. 38 хэм хүртэл халуурч шөнө унтахгүй уйлаад хэд хоног хэцүү байлаа. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд шууд хэвтүүлсэн. Таван хоног эмчилгээ хийлгээд биеийн байдал нь харьцангуй сайжирлаа. Тухайн үед эмч үзээд эмнэлгээс гар гэсэн. Зөвлөгөө өгч, эм бичиж өгсөн юм. Бид ч зааврын дагуу эмийг нь өгч байсан ч дахиад л биеийн байдал нь хүндрэв. Эргэж эмнэлгийн тусламж аваад дахиад л хэвтсэн. Эмчилгээг сайн хийж байгаа.

Эцэг эхчүүдийн олонх нь хүүхдийнхээ өвчнийг хүндэрсэн үед эмнэлэгт ханддаг нь хүндрэл үүсэх, ачаалал гарах гол шалтгаан болдог. Хүүхэд ханиалгах буюу элдэв өвчний шинж тэмдэг илэрвэл эмийн сангаас дур мэдэн антибиотик авах биш цаг алдалгүй харьяа дүүрэг, хорооныхоо өрхийн эмнэлэгт нэн даруй хандах ёстой гэдгийг тус эмнэлгийн хүүхдийн эмч Э.Мөнх-Од анхааруулж байсан. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Өндөр хэмтэй халуурдаг ханиад хүүхдүүдийн дунд гарах боллоо. Өдөрт хэчнээн хүүхэд үзэж байна вэ?

-Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ханиад томууны гаралт эрс нэмэгдлээ. Наймдугаар сард өдөрт 30-40 хүүхэд үздэг байсан бол ойрын хугацаанд амбулатори болон урьдчилан сэргийлэхтэйгээ нийлээд өдөрт 200 хүүхэд үзэж байна. Саяхан бүр 400 хүүхдэд үзлэг хийсэн тохиолдол бий. Хүүхдүүд ханиад хүрэхгүй байх нөхцөл алга. Ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүдээ их авчирч үзүүлдэг.

-Ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Ханиад хүндрэх гол шалтгаан нь эмийн замбараагүй хэрэглээнээс болдог гэх юм. Энэ талаар иргэдэд хандаж зөвлөгөө өгнө үү?

-Иргэд дур мэдэн эм хэрэглэж байна. Үүнийг дагаад эмийн хэрэглээ ч замбараагүй болчих юм. Хүүхдэд хүчтэй антибиотик өгч байна. Ямар ханиад туссан, өвчин нь ямар шатанд явж байгааг мэдэхгүй хэрнээ эм өгдөг. Тухайн эмийг зөв тунгаар хэрэглэхгүй бол хүүхдийн дархлааг дарчихдаг. Тэгээд ханиад нь хэсэг хугацаанд дарагдаад биеийн байдал нь буцаад муудна. Эмнэлгийн тусламж авсан хүүхдүүдийн олонхид нь эцэг эхчүүд дур мэдэн элдэв төрлийн эм өгсөн байдаг. Энэ нь ханиад хүндрэх гол шалтгаан болдог төдийгүй эдгэрэлтийг удаашруулдаг. Зарим антибиотик хүүхдийн биед харшил өгч, ханиадыг хүндрүүлж хатгаа болгож байна. Тэгэхээр эцэг эхчүүдэд хандаж зөвлөхөд таны хүүхдэд ханиадны ямар нэгэн шинж тэмдэг зовиур илэрвэл цаг алдалгүй эмчид хандах зайлшгүй шаардлагатай.

-Хэдэн насны хүүхдүүд голчлон ирж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах вэ?

-Цэцэрлэгийн насныхан их ирж байна. Одоо тархаж байгаа ханиадны үед ханиалгаж, халуурч, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна. Эцэг эхчүүдийг ажиглаж байхад өөрсдөө дулаалчихсан мөртлөө хүүхдэдээ нимгэн хувцас өмсүүлчихээд дагуулж загнаад явж байх юм. Хүүхэд том хүнийг бодвол өвчин хурдан тусдаг. Тиймээс цаг агаарт тохируулж хүүхдээ хувцаслах хэрэгтэй. Өвлийн улиралд хүний дархлаа сулардаг. Тиймээс амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, аарц чацаргана буцалгаж уух зайлшгүй шаардлагатай байна.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих