Байгаль далайг өгсч нэг, уруудаж нэг баяслаа
Сибирийн хус, нарс холилдон ургасан ой шар, ногоон, цагаан, завсрын шаргал, дээр нь улаан өнгө сүлэлдэн байгалийн үзэмж төгсийг илтгэн найгаж, сэтгэлийн мухраас сэвтэй бүхнийг уудлан гаргаж ариусгах мэт намрын налгар цагаар Алс Дорнодын төв,Ангарын хотод түр саатаад ирлээ.
Байгалийн эдийн засгийн форум сурвалжлах редакцийн томилолт аваад хөл газар хүрэхгүй шахам хөөрцөглөсөөр
тус хотод 1995 оноос хойш анх удаа дахин хөл тавьсан минь энэ. Ёстой л залуу насны гал дөлөөр бадарч гэдэг шиг дөнгөж 18-тай охид, хөвгүүд 1984 онд анх удаа гэрээсээ, эх орноосоо гарч, төдийлөн өлсч цангаагүй хэрнэ амттанд дурлахдаа тэр биз, Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн хэлний бэлтгэлийн байранд буумагцаа хамгийн ойрын дэлгүүрээс самартай бялуу авч хувааж идэн гоёыг нь гайхаж байсан цаг ердөө өчигдөр мэт.
Ердөө өчигдөр мэт санагдсаны учир нь Эрхүү хот өөрчлөгдөөгүйд байлаа. Эрхүүд шинэ барилга олныг барьж л дээ. Гэхдээ л эдүгээ байгуулагдсаны 350 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй хот өнөө л янзаараа нам гүмхэн дүнсийсэн хэвээр. Замын голоор трамвай тачигнаж, эгэл жирийн даруухан хувцасласан оросууд ийш тийш яаруухан алхах нь хаанахын хэний ч нэгэн адил цаг хугацаатай уралдан амьдрал ахуйгаа бөөцийлж яваа нь илт.
Бэлтгэлд сурч байхад намар оройхон, малгай өмсөхгүй бол чих чинь тасарч, тархи чинь хөлдөнө шүү хэмээн цочмоор чанга дуугаар зандрах бабушка нар өнөө ч тэр л хэвээрээ, өтлөөгүй мэт санагдаад байлаа. Байгалийн эдийн засгийн форумд энэ жил гадаадын 28 орны төлөөлөлгч ирсэн болохоор гадаадын олон зочны аюулгүй байддыг хангах үүднээс харуул хамгаалалтыг өндөржүүлсэн байлаа.
Зохион байгуулагчид хотынхоо нийт оршин суугчдаас шаардлагагүй бол чуулга уулзалтын өдрүүдэд машин тэргээ унахгүй байх, аль болох хотоор сэлгүүцэхгүй байхыг хүссэн юм билээ. Тиймээс ч тэр биз ээ, хот бүхэлдээ нам жим, хүмүүс нь хаачаа вэ гэхээр эл хуль байсан.
Гэхдээ л байдаг юм байдгаараа. Дөлгөөхөн Ангар хэзээний намбаараа умард зүгийг зорин намуухан урссаар. Эрэг орчимд нь мөн л урьдынхаараа бургас, бут нь саглайн ногоорсоор.
Хотын төвийн хуучны жижигхэн модон байшингууд байсаар л аж. Өндөр модны дороос хаалга цонх нь л харагдаж, их биеийнх нь бараа төдийлөн тодрохгүй байшин олон. Заримынх нь хашааны нь үүд хаалга дангинатал түгжээстэй. Ойрд хүний гар хүрээгүй болов уу гэхээр тоос шороонд дарагдан сааралтана.
Магадгүй эзэн нь эднийг хэдийнэ худалдсан, эсвэл шинэ маягийн байшин барихаар тохиромжтой цаг үеийг хүлээж байгаа ч юм бнлүү. Эрхүү, Эрхүү хэвээрээ байгаагийн бас нэгэн баталгаа нь хотын гудамжин дахь байшин барилга, байгууллагуудын хаяг, элдэв зарлалыг зөвхөн оросоор бичсэн байх аж.
Түүнээс биш манайхан шиг латин үг үсэг, англи хэлийг зөв буруугаар хэрэглэсэн нь тун ховор юм. Цаг зав хомс тул дэлгүүр орж амжаагүй. Арайхийж зохицуулан байж, бэлэг дурсгалын дэлгүүрт ёстой л 15 минутанд худалдаа хийгээд гарлаа. Бэлэг дурсгалын зүйлсийн нэр төрөл, хэлбэр хийц ч төдийлөн өөрчлөгдсөнгүй.
Оюу, номин, анар, ундрам, шүр зэрэг эрдэнийн чулуун шигтгээтэй ээмэг, зүүлтээс авахуулаад хус модны үйсээр хийсэн элдэв сонин зүйл элбэг. Сэтгүүлчид бид дор бурнээ таалагдсанаа хурдхан гэгч нь худалдаж аваад унаандаа суув.
МОНГОЛ ОЮУТНУУД
Цаг өөр болжээ гэж бодлоо. 1980-аад оны дунд үед монгол оюутнууд тарвага, зурамны арьс нууцаар зарж борлуулан, баригдсан нэг нь цагдаа сэргийлэхэд дуудагдсан шигээ амьдардаг байлаа. Харин 1990-ээд онд Хятад, Монгол, Оросыг дамнасан наймаа үсэргэж, хүний хар нүднээс бусдыг худалдаж амьжиргаагаа тэтгэдэг байсан.
Тэгтэл өнөөгийн монгол оюутнуудад наймаа хийж ашиг олох тухай ойлголт байхгүй гэж тэндхийн монгол оюутнууд хэлж байсан. Эрхүүгээс хувцас авдаггүй, Монголоосоо авчирч өмсдөг. Худалдаа, наймаа хийхээс хичээлээ хийхийг илүүд үздэг гэнэ. Олонхи нь хувиараа төлбөрөө хийдэг тул хичээхгүй бол зардал болоод цаг хугацааны гарз гэж үздэг.
Тэгээд ч лав хятад бараа зараад ашиг олохгүй. Учир нь хятад худалдааны төв энд тэндгүй, хямдхан “хог”-оор дүүрэн тул монголчуудад орон зай үгүй болсон гэнэ. Хүнсний бүтээгдэхүүний төрөл зүйл олон бөгөөд манай эндэхээс үнэ хямд нь аятайхан.
Эрхүү хот 1925 оноос хойш 16 мянган монгол оюутан сургаж төгсгөжээ. 1980-аад оны дундуур хүртэл жилдээ 2-3 мянгаараа очиж сурдаг байсан бол эдүгээ 1000 хүрэхтэй, үгүйтэй байдаг аж. Ерөнхий сайд С.Батболд Эрхүүгийн Анагаах ухааны их сургуульд зочлох үеэр тус сургуульд сурч буй монгол оюутнуудын хоёртой нь уулзаж амжсан юм.
Тэд бол эмчилгээний гуравдугаар курст сурч буй, Налайх дүүргийн уугуул Д.Өлзийт болон мөн эмчилгээний ангийн оюутан, Архангайн уугуул Д.Энэбиш нар юм. Охид хоёулаа л хичээл хүнд байна, гэхдээ хичээж байгаа гэж байлаа. Д.Өлзийт хувиараа зарддаа төлж сурдаг, жилдээ гурван сая төгрөг төлдөг аж.
Харин Д.Энэбиш болохоор улсын зардлаар сурдаг юм билээ. Тэрбээр эх орноос нь олон зочид ирсэнд ихэд талархалтай байна гээд манай сониноор дамжуулж Архангай аймагт суугаа ээж Батсүрэн болон аавдаа мэнд хүргэж, охиндоо санаа зовох хэрэггүй ээ, сайн сууж байна гэж хэлүүлснийг хүргэж байна.
Мөн Эрхүүд суугаа Монголын консулын газраас Байгалийн эдийн засгийн форумыг зохион байгуулах хороотой харилцаж, Монголын хэвлэл мэдээллийнхэнд газарчлах, туслах үүрэг хүлээсэн тус хотын Улсын их сургуулийн сэтгүүл зүйн тавдугаар курсийн оюутан Байгалмаа “Бид нар бүхий л ажлаа интернэтээр зохицуулдаг. Наймаа хийгээд нэмэргүй болохоор гэрээсээ авч очсон мөнгөө гамтай хэрэглэдэг. Стипенди гэж багахан мөнгө авдаг. Түүгээрээ автобус унаанд суудаг. Гэхдээ , амьдрал дажгүй ээ. Хүмүүсийн ярих нь социализмын үеийн оюутнуудын амьдрал, аж байдлыг өнөөгийн оюутнуудынхтай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай юм аа гэдэг. Тэр үед өнөөгийнхөөс тэс өөр байсан шиг байгаа юм” гэж байлаа.
Өнөөх “Чингис”-ийн Жагаагийн “Эрхүүгийн хавар” гэдэг Ардуудын бүжиг, цэнгээн дууны клипэнд гардаг Ангарын гүүрэн дээгүүр явж байхдаа, оюутан байхдаа гэр рүүгээ утсаар ярих гэж оюутны байрнаасаа хотын төв хүртэл явж ирдэг байлаа. Шуудангийн газар ярих захиалга урьдчилж өгөөд хэлсэн цагт нь гозойж байхын тулд ийн хол газар туулдаг байлаа шүү дээ гэхэд тэрбээр “Төсөөлөх ч үгүй юм” гэсэн.
Тийм ээ, он цагийн урсгал, техник, технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлт, хөгжил хүмүүний амьдралыг хэмнэл, өнгийн хувьд өөрчлөх ч хүний дотоод сэтгэлийн нандин утсыг бол тасалж үл чадах аж. Ямар ч цаг үед Эрхүүгийн хавар ч, намар нь ч эгшиг, уянгаар дүүрэн билээ.
ТАНИЛ НЭР, ТААТАЙ ХҮНС
Манай төлөөлөгчид Байгалийн эдийн засгийн форумд оролцохын зэрэгцээ өөр хэд хэдэн ажил амжуулсан юм. Түүний нэг нь Белореченскийн хөдөө аж ахуйн цогцолбор, мах боловсруулах үйлдвэртэй танилдах аялал байсан юм. Уг цогцолбор Эрхүүгээс зүүн хойш 100-гаад км-т орших Усольский дүүрэгт байх аж.
Манай улсад эднийх 13 жилийн өмнөөс өндөг нийлүүлж эхэлсэн байна. Бидний мэдэх НВЦ гэсэн тамгатай өндөг бол эдний бүтээгдэхүүн. Монгол Улсын иргэн, бизнес эрхлэгч Цэрэндаваагийн 1997 онд үүсгэн байгуулсан НВЦ компани Монголын хэрэглэгчдэд тахианы өндөг эндээс хүргэдэг юм билээ. Нийт 3000 ажилчинтай, өдөр бүр 1,5 сая ширхэг өндөг худалдаанд гаргадаг.
“Белоречрнскор” брэндийн сүү. хиам, банш гээд төрөл бүрийн махан бүтээгдэхүүн болон төмс хүнсний ногоо Эрхүү мужийн болоод Алс Дорнодын бусад хотын 200 дэлгүүрт нийлүүлдэг том аж ахуйн нэгж юм. Эднийх үйлдвэрлэлээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн төлөө байнга тэмүүлдэг бөгөөд энэ хүрээнд мах боловсруулах үйлдвэр Монголд барих зорилт тавиад буй аж.
Монголд боловсруулсан махан бүтээгдэхүүнээ Оросын зах зээлд нийлүүлэх бодит төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр, энэ тухайд Монголын Засгийн газрын дэмжлэгийг авахаар манай улсын дарга нарыг цогцолбортоо урьжээ. Ерөнхий сайд морилон очиж амжаагүй, харин тийшээ очсон албаны хүмүүсийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тэргүүлсэн юм.
Албаны хүмүүсийн бүрэлдэхүүнд МҮХАҮГ-ын нарийн бичгийн дарга Оюунтэгш, НВЦ компанийн захирал Цэрэндаваа болон манай улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл байсан. Тус цогцолборын зүгээс тавьж буй саналын тухайд Монголд мах боловсруулах үйлдвэр барихад Монголын зүгээс тавих хориг саад байхгүй, харин ОХУ 2010 оноос мах импортлохоо зогсоосон журам л асуудлыг шийдэх болох нь хэмээн ярилцсан.
Max, сүү, ногоогоор элбэг Белореченскийнхэн өөрийн нэрийн хоолоороо очсон гийчдийг дайлдаг уламжлалтай аж. Тэдний шарсан төмс үү. Яг л сүүтэй, цөцгийтэй мэт зөөлөн, гоё амттай. Бас рашаан, хийжүүлсэн цэвэр ус нь хаана ч давтагдахгүй цэнгэг бөгөөд амттай.
Энэ бүхэн ч Эрхүүгийн намарт өнгө хөг нэмж байлаа. Усольский дүүргээс Эрхүүг чиглэн буцахад замын хажуугийн гоо үзэсгэлэнгээ гайхуулах нарийхан цагаан хус, түүнииг тэврэн аргадах мэт саглагар сүрлэг нарс модон ойг харахнаа алдарт И.И.Шишкиний байгалийн гоё зургууд ард хоцорч, суут П.И.Чайковскийн тансаг хөгжим сэтгэлд эгшиглэх лугаа сайхан байлаа.
Ийнхүү Байгалийн бүс нутагт эдийн засгийн шинэ орчин бүрдүүлэн, хөгжлийн төлөө хамтдаа тэмүүлэх хүсэл зориг бүхий орос нөхдийн урилгыг улс орнууд найрсгаар хүлээж авчээ. Тэрхүү олон үндэстнийг цэнгэг Байгаль далай нэгэн дор цуглуулав. Улс орнууд бие биенээ нөхсөн харилцан ашигтай хөгжлийн шинэ үе энэ мөчөөс эхлэх биз ээ.
ГЭРТЭЭ ИРЭХ МЭТ
Бороо шивэрсэн бага үдэд бид галт тэрэгний буудалд ирлээ. Ерөнхий сайд тэргүүтэй нөхөд маань араас ирсэн тул тэднийг хүлээх зуураа Ангар мөрний эрэгт зургаа татуулж хэсэг баяслаа. Нутгаасаа гарахдаа л “Эрхүүгийн хавар” дууны клипийг үргэлжлүүлэн хийнэ шүү, гол дүрд нь чи, би тоглоно, харин завин дээр суудаг өвгөний дүрд хэнийг вэ гэхчлэн хамт яваа дарга нараасаа нэр цохон марзаганаж явсан юм.
Хөтөлбөр шахуу, ажил их байсан болохоор явцын дунд энэ тухай санасан хүн ч байхгүй. Харин завтай болмогцоо өнөөх клипнийхээ тухай дахин ярьцгааж эхэллээ. Нэгэнт Ангарын гүүрэн дээр зогсч зураг авахуулах боломж олдоогүй юм чинь клипээ арай өөрөөр дуусгая, яадаг юм.
Гол дүр нь Ангарын эргийн өндөр ургасан дэрсэн дор намагт шигдээд, хайрт нь түүнийг аварч байгаагаар төгсгөе л дөө гээд өөрсдийнхөө зургийг янз бүрээр дарж хөгжилдсөн.
Эрхүүгээс гарч хэдхэн цаг давхиад Улаан-Үдэд ирлээ. Галт тэрэгний буудалд Ерөнхий сайд С.Батболд болон түүнийг дагалдан явсан хүмүүсийг буриад үндэсний хувцастай дэгжин залуус, албаны хүмүүс, Монгол Улсаас Оросын холбооны Буриад улсад суугаа ерөнхий консул Л.Жавзмаа нарын хүмүүс угтаж авсан.
Ерөнхий сайдыг Буриадын Засгийн газрын удирдлагууд уриад явлаа. Харин сэтгүүлч бидэнд түр амрах боломж олдсон юм.
“Сагаан морин” хэмээх шинэвтэр, цэвэрхэн зочид буудалд тухаллаа.
Хотын төвд орших 16 давхар уг буудлын давхар бүрийг сайтар тохижуулжээ. Өрөөнүүд нь ч тухтай, дэвэрхэн. Хоногийн төлбөрийг асуувал янз бүр аж. Нэг хоноход дунджаар 200-300 мянган төгрөгийн үнэтэй. Тэрхүү буудлын рестораны ерөнхий тогооч нь монгол эмэгтэй.
Насанжаргал хэмээх тэр ахлах тогооч монголчуудаа гарынхаа хоолоор дайлж байгаадаа баяртай байна гээд амттай сайхан хоолооор дайлсан. Хувийн зүгээс идээний дээж сархад ч бэлэглэв. Буриадуудын хоолны цэсэнд заавал байдаг нь бууз гээд бидэнд барьсан.
Шөлийг нь уухад хөлс гарч байсан шүү. Тэр үед хэн хүнгүй нутагтаа ойртоод тэр үү, угсаа нэгт хүмүүсийнхээ дунд ороод ирэхээр тэр юм уу, нэг л сэтгэл уужраад, тайвшраад ирэх чинь хэмээцгээж байлаа. Ийнхүү амарч тухалж хоноод маргааш нь эртлэн ажилдаа гарсан юм.
Энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Оросын холбооны Буриад улсын Ерөнхийлөгч бөгөөд тус улсын Ерөнхий сайд В.В.Наговицынтой уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд, Буриад болон Монгол Улсын хувьд чухал нөлөө бүхий Байгалийн эдийн засгийн форумд оролцоод явж буйгаа хэлсэн.
Мөн Монгол Улс, ОХУ-ын хоорондох бараа эргэлтийн 70 хувь нь Байгалийн бүс нутагт ногдцог тул үүнд хамаардаг Буриад улстай Монгол Улсын харилцах харилцаа ч онцгой чухал. Ялангуяа хил орчмын нутаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гаргахын чухлыг онцолж ярьж байлаа.
Энэхүү уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд болон Ерөнхийлөгч В.В.Наговицын нар тус улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр руу хамт явганаар очсон. Тэнд хамтдаа Монгол Улсаас Оросын холбооны Буриад улсад суух Ерөнхий консулын газар байгуулагдсаны 20 жилийн ойд оролцсон юм.
Тэд хоёул баяр хүргэж үг хэлсэн. Мөн уг арга хэмжээнд зориулан тусгайлан бэлтгэсэн хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан тогтолтыг үзэж сонирхсон юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд дагалдан яваа хүмүүсийн хамт Буриад дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт зочлоод, тэндээсээ нутгийн зүг машинаар гарсан билээ.
Ийнхүү албан ёсны ажил дуусч үлдсэн хүмүүс Улаан-Үд хоттой танилцан хоёр цаг зугаалсан. Үдшийн бүрийгээр галт тэргэндээ суусан бид шөнөжин гитардаж дуулсаар ирэв. Эрхүү, Улаан-Үдэд хэдийнэ намар болсон атал Монголд маань харин зун хэвээр байсан юм. Ийнхүү Байгаль далайг өгсч нэг, уруудаж нэг баяслаа.
Р.Оюунжаргал
URL:













