Д.Энхбатыг хэрхэн хороогдож байгааг харсан анхны гэрч нь Ч.Энхтайван
ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурлын тов гараагүй байгаа ч энэ асуудал хэдийнэ улстөржиж, тухайн үед томоохон алба хашиж байсан эрх мэдэлтнүүдийг үймэлдэхэд хүргэлээ. Герман улсын иргэншилтэй Д.Энхбатыг хулгайлсан хэрэгт буруутгагдаад буй Б.Хурцын эсрэг нотолгоо, баримтуудыг тус улсын шүүх цуглуулсаар байна. Түүнийг Германы талд шилжүүлсний дараа буюу наймдугаар сарын 29-нд Д.Энхбат агсны найз «Цагаан шонхор»-ын Ч.Энхтайван Б.Хурцын эсрэг мэдүүлэг өгөхөөр тус улсыг зорьсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Б.Хурц нар Д.Энхбатыг Монголд авч ирээд хэрхэн зодож, дарамталсан, ямар байдалтай шоронд орж ирснийг нь харсан анхны гэрч нь «Цагаан шонхор»-ын Ч.Энхтайван гэнэ. Учир нь тухайн үед Ч.Энхтайван Авдрантын 403 дугаар ангид ял эдэлж байсан аж. Яг энэ үед буюу 2003онд Д.Энхбатыг С.Зоригийн аллагад сэжиглэн Францаас Германы нутгаар дамжуулан Монголд авч ирээд, Авдрантын онцгой дэглэмтэй хорих ангид хорьжээ. Харин Д .Энхбат багын найз Ч.Энхтайвандаа Б.Хурц нар өөрийг нь хэрхэн хулгайлж авч ирсэн болон хэрэгт гүтгэсэн талаар анх ам нээсэн аж. Ингэхдээ Ч.Энхтайван, М.Энхсайхан нарыг гүтгүүлж, их мөнгө амлаж байсан талаар ч дурссан байна.
Үүнээс харахад Ч.Энхтайван зэрэг анхны гэрчүүд Д.Энхбатыг өвчнөөр нас бараагүй гэдгийг нотолж чадвал Б.Хурц томоохон асуудалд унаж, ял сонсох бололтой. Өөрөөр хэлбэл Б.Хурц буруугаа хүлээж, Д.Энхбатыг авч ирэх үүргийг өгсөн албан тушаалтны нэрийг хэлбэл Монголын төрд томоохон «шуурга» дэгдэх биз ээ. Мөн энэ сарын 15-нд Д.Энхбат агсны хүүхдүүд Герман улсын прокурорын дэргэдэх Өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргасан аж.
Тэрхүү өргөдөлд 2003 онд Б.Хурц тагнуулч н.Сийзхүү, н.Бат-Эрдэнэ, н.Эрдэнэбат нартай хамт аавыг нь хэрхэн хулгайлж, Монголд аваачсан, амь насыг нь хөнөөсөн болон яагаад гэмт хэрэгтэн болгож гүтгэсэн талаар бичжээ. Мөн хэргийг хоёр улсын хоорондын тохиролцоо болгон замхруулалгүй шийдвэрлэж, Б.Хурцад хэн тушаал өгч, эцгийг нь хөнөөлгөсөн болохыг тодруулж зарлахыг хүссэн байна.
URL:




