Ч.Сарантуяа: Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно

Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас энэ сард цаг агаарын төлөв, байдал ямар байх талаар тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд цас орж, хүйтэрнэ гэх сэрэмжлүүлэг гарсан. Урьдчилсан төлөвөөр энэ долоо хоногт цаг уур ямар байх вэ?

-Өнгөрсөн өдрүүдэд харьцангуй дулаан байлаа. Харин өчигдрөөс баруун аймгийн нутгуудаар цаг цагаар тогтворгүй болж байна. Өнгөрсөн шөнө баруун болон төвийн нутгийн баруун хэсгээр, өнөөдөр төвийн ихэнх нутаг, маргааш зүүн зүгийн нутгаар цас орно. Мөн ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай байна. Ялангуяа говийн нутгаар 16-18 метр секунд хүртэл ширүүсч, дийлэнх нутгаар шороон болон цасаар шуурч, хүйтэрнэ. Өнөөдрөөс баруун аймгууд, 4, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Хүйтэрсэн үедээ уулархаг нутгаар 18-23 хэм хүртэл хүйтэрч, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Говийн нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. Энэ сарын 6-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн бүс нутгаар, 7-нд зүүн зүгийн өмнөд хэсгээр цас орж магадгүй. Гэхдээ айхтар салхи шуурга болохгүй.

-Нийслэлд салхи, шуурга хэр байх вэ?

-Өнөөдрөөс салхи ширүүсч, хүйтэрнэ. Ялангуяа маргааш, нөгөөдөр нийслэлд өдөртөө 3-5, шөнөдөө 10-13 хэм хүйтэн байна. Өнөөдөр оройдоо бага зэргийн цас орно. Цаашид нийслэлд харьцангуй дулаан байна. Харин энэ сарын 7-нд бага зэргийн цас хаялж болзошгүй юм.

-Энэ сард цаг агаарын ерөнхий төлөв ямар байх бол?

-Энэ сард Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 метр секунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 метр секунд хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тиймээс салхи шуурга ширүүсч, цас ихээр орвол тээврийн замд таагүй нөхцөл байдал үүсч, алслалт муудах учир холын замд гарах гэж байгаа иргэдийг сэрэмжтэй, тухайн өдрийн цаг агаарын төлөв байдлыг харж байхыг анхааруулъя.

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих