Уучилж зүрхээ амраа!

ТУСАЛЧИХ ЮМСАН ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ АМЬДАР

Өөрөө л болж байвал боллоо бусад хүмүүс яах нь над ямар хамаатай юм бэ гэж амиа л боддог хэнийг ч бай хүн гэж өргөмжлөхөд үнэхээр хэцүү. Бид адгууснаас юугаараа ялгаатай юм бэ? Зүрх сэтгэлээрээ, оюун ухаанаараа.

Бид нэг нэгнээ хайрлаж, нэг нэгэндээ туслахгүй юм бол өөр хэн тэднийг хайрлах юм. Таныг ч бас хэн хайрлах юм. Та туслах боломжгүй байж болно. Гэхдээ тусалж чадах хэн нэгнийг мэдэж байж ч болно шүү дээ.

Туслах хүнийг мэдэхгүй, тусалж чадахааргүй байсан ч туслах гэж оролдож байгаа чинь сэтгэлийн том тус юм шүү. Өвдөж үзсэн хүн л өвдөхийн зовлонг илүү ойлгоно. Ядарч үзсэн хүн л ядарч зовохын хэцүүг илүү мэднэ.

Би л ингэж зовоогүй бол боллоо гэж үл тоомсорлосон байдалтай л битгий байгаарай. Болж л өгвөл тусалчих юмсан гэсэн сэтгэлийг байнга тээж яваарай. Монгол хүнийг монгол хүн л хайрлахгүй бол өөр хэн хайрлах билээ.

УУЧИЛЖ ЗҮРХЭЭ АМРАА

Таныг гомдоосон хүн дуг нойрондоо дугжирч байхад та харин гомдон шаналж нойргүй хонож байгаа юм биш биз? Уучлахгүй байна гэдэг түүнийг хохироож буй хэрэг огт биш шүү. Харин ч тэр хүн таныг зовоосон дээрээс нь дахиад нэмээд өөрийгөө шийтгэж байгаа хэрэг шүү.

Уучлахын аргагүй явдал байж болох ч хэн нь илүү зовж байгаа бол гэж та нэг эргэцүүлээрэй. Гомдлыг удаан тээх танд үнэхээр хэцүү байгаа биз дээ. Уучлахгүй байлаа гээд чи юу хожих юм? Уучиллаа гэхэд чи юу алдах юм бэ. Уучилбал зүрх тань амарч уучлахгүй бол зүрх чинь зовох бус уу?

Тиймээс уучилж зүрхээ баярлуул. Эс бөгөөс сүүлдээ та зүрхний өвчтэй ч болж мэднэ шүү. Яадаг юм бэ уучилчих аа. Зүрхнээс тань хүнд юм аваад хаячихсан юм шиг л онгойх болно шүү. Уучилж зүрхээ амраа л даа. Гуйж байна.

ХАЙРЫН НӨГӨӨ ДАЛАВЧ НЬ ЭРХ ЧӨЛӨӨ

Өөрөө болохоор дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хүсээд өрөөлийг болохоор гарыг нь гавлаж хөлийг нь тушихыг оролдоод байгаа юм биш биз? Тийм ээ, танд үнэхээр хайр байгаа болохоор л хайртай хүнээ ойрхон байлгахыг хүсэж байгаа нь үнэн.

Тэднийхээ төлөө хөлсөө барж, ясаа цайтал зүтгэж яваа ч байж болно. Гэхдээ чи зарим талаараа өөрийгөө болохоор наранд өрөөлийг болохоор шоронд байлгах гээд байгаа юм биш биз? Шорон л бол шорон. Орд харш шиг байна уу, урц овоохой шиг байна уу энэ ямар ч хамаагүй.

Гав л бол гав алтаар хийсэн үү, алмаазаар чимсэн үү ямар ч ялгаагүй. Танд эрх чөлөө хэрэг болдог шиг хайртай хүнд чинь ч бас эрх чөлөө хэрэгтэй. Ажил хийж ч болохгүй, гарч орох ч эрхгүй хайр нэртэй торон дотор амьсгалах ч хэцүү байдаг.

Та хүслийг чинь хангаж, хүүхдийг тань өсгөж, хоолыг чинь хийж, гэрийг чинь цэвэрлэдэг автомат машин худалдаж аваагүй. Хайр эд зүйлс биш. Хайр өмч биш. Хайртай эд зүйлс шиг өмч хөрөнгө шиг бүү харьц. Хайртай хүнээ ч бас аз жаргалтай байлга. Хайрын шувуухайд нисэх боломж олго.

АЖИЛЧДАА ХАЙРЛА

Хэрэв та эзэн, эсвэл дарга бол ажилчдаа хайрлах хэрэгтэй. Миний даалгаж өгсөн ажил тэдэнд минь хэр хүнд тусч байгаа бол. Хэмжээнд нь таарсан ажил мөн болов уу? Үүнийг хийх гэж тэр хир зүдрэх бол гэдгийг нэг төсөөлөөд үзээрэй. Хэрвээ түүний оронд би өөрөө байсан бол надад ямар байх бол гэж бодоод үзээрэй.

Ажилчдаа хайрлахгүй бол тэд таны даалгасан ажлыг сэтгэлээсээ хийхгүй оромдох болно. Ингэснээр ажлын чинь чанар муудаж итгэлцэл үгүй болж нэг л урагшлахгүй ирээдүйд уруугаа болох талтай. Тэдэнд тэнцвэртэй ажил хуваарилж зөв хүнээ олж урамшуулж байх нь чухал шүү.

Заримдаа тэдэнд найрсаг хандахаар өөрийн ашиг багсах гээд байвал тэдэнд тусалж байгаа нь өөртөө сайн итгэлтэй ажилчин бэлтгэж байна эсвэл би буян хурааж байна гэж ойлгоорой.

Хэдийгээр тодорхой шаардлага тавьж байж ажил явдаг ч байнга л тэднийг загнаж ажлаас нь халахаар, цалингаас нь хасна гэж дарамтлаад байвал олон хүний хараал идэж тэр хараал нэг л өдөр тань дээр ямар нэг хэлбэрээр буух болно шүү. Ажилчдаа хайрла. Тантай л адилхан ар гэрээн тэжээх гэж яваа цус нэгт монгол улсын иргэн шүү дээ.

Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн


URL:

Сэтгэгдэл бичих