Б.Батзаяа: Хийсэн гэмгүй учир үнэн мөн нь тогтоогдох байх

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өчигдөр 17.00 цагийн үед шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарсан. Ингэснээр тэрбээр гадуур байцаагдахаар болж байгаа юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас мэдээлэл өгөх боломжгүй ч Б.Батзаяа өнөөдөр өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан үнэн мөн нь тогтоогдох байх гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “БАЯРЛАЛАА….Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мэссэж илгээж үлдээсэн нөхөддөө чинь сэтгэлээс талархаж байна.

Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдэвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа…
Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ, удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай.

Бүхний хамгийн шударга шүүгч ЦАГ ХУГАЦАА…” гэлээ.

Түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 30-наас хойш цагдан хорьсон. Улмаар хоригдох хугацаа нь дууссан тул АТГ-аас дахин хоёр сар сунгах хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх хүлээн авалгүй батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан юм.

Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан. Түүнийг ч мөн өчигдөр батлан даалтад гаргасан билээ.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих