5000 ГАРУЙ ЗАЛУУС БНСУ-Д АЖИЛЛАХААР ТЭНЦЛЭЭ

БНСУ-д гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын дүн өчигдөр гарлаа. Энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Алтансувдаас тодрууллаа.
-Хэлний шалгалтад орсон хүмүүс тэнцсэн эсэхээ хэрхэн хаанаас мэдэж болох вэ?
-Энэ сарын 3-4-ны хооронд явуулсан солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 9944 хүн бүртгүүлснээс 8326 иргэн хамрагдсан. Шалгалтад хамрагдсан иргэдийн 62 хувь нь тэнцсэн гэх мэдээллийг солонгосын төлөөлөгчийн газраас ирүүлсэн байгаа. Иргэд шалгалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн зарлалын самбар, хөдөлмөрийн төв биржийн сайт болох www.labornet.mn, hudulmur.mn гэсэн сайтуудаас авч болно.
-Хэзээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдах вэ?
-Шалгалтад тэнцсэн гэсэн эрхийн бичгээ Хөдөлмөрийн төв биржээс авна. Үүний дагуу Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршсанаар ажил олгогч эздийн санал ирсний дараа эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Өмнөд Солонгос Улсаас эмч нар ирж, үзлэг хийнэ. Одоогоор шалгалтад тэнцсэн хүмүүсийг хэдийд эмнэлгийн үзлэгт хамруулах шийдвэр гараагүй.
-Эрүүл мэндийн үзлэг тэнцэхгүй тохиолдол гарч байсан уу өмнөх жилүүдэд, нөхөж дараагийн хүнийг явуулах уу?
-Эрүүл мэндийн үзлэг нь том шалгуур үзүүлэлт байдаг. Хэдий хэлний шалгалтдаа тэнцсэн ч эрүүл мэндээр хасагдвал ажиллуулах боломжгүй. Нөхөн авахгүй.
-Шалгарсан залуус ямар чиглэлийн үйлдвэрүүдэд ажиллах вэ?
-2008, 2010 онд Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршсан нийт 9666 иргэн байсан. Өнгөрсөн оны 8,9 дүгээр саруудад 50 хүнийг гэрээгээр ажиллуулахаар илгээсэн. Гэрээгээр ажиллах хүмүүс нь ихэвчлэн хувцас гоёл чимэглэлийн, хүнсний, гэрийн тавилгын, модон эдлэлийн, савхи, савхин эдлэлийн, металлын үндсэн үйлдвэр, дахин боловсруулах, төмөрлөг, эрдэс баялгийн, цаас болон цаасны үйлдвэрт гэх мэтчилэн ажилладаг.
-Хэдэн жилийн гэрээ хийх вэ, цалин хөлсний хувьд дундажаар сард хэдийг авах вэ?
-Сард дундажаар 700-1,000.000 воны цалинтай. Гурван жилийн гэрээ хийн, хоёр жил ажиллана. -Энэ жилийн хувьд хэдэн хүн явах байсан билээ?
-Уг нь 3000 гэж яригдаж байсан. Өнөөдрийн байдлаар солонгосын талаас 5154 авахаар болсон. Иймээс манай иргэдийн хувьд 2000 гаруй хүн нэмэгдэнэ гэдэг нь боломж нээгдэж байна гэж үзэж байна.
-Хөдөлмөрийн гэрээгээр өөр ямар улсуудад ажиллах хүч гаргаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар БНСУ-аас өөр улсад ажиллах хүч гаргаагүй. Ер нь өөр бусад орнуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах талаар яригдаж байгаа.
Д.Сувд


URL:

Сэтгэгдэл бичих