Хоёр “ЭНХ”-ийн ХОРШИХ ШАЛТГААН

http://www.bolod.mn/Upload/news/olloo_mn_1418777162_geree.jpg

АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нар дахиад л нэг ширээний ард сууж мэдэх нь. Жил гаруйн өмнө засагт хамтрах тухайгаа ярилцахаар нэг ширээний ард сууцгааж байсан үеийг бодвол энэ удаагийнх нь тэдэнд гэхээсээ улс оронд хамаагүй чухал. Тэр нь УИХ-ын босго давж хэлэлцэх шатандаа яваа Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд. Эрх баригч АН-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хуулийн хугацаандаа багтаж хийх сонирхол байгаа ч сөрөг хүчин МАН-ыгаа аргадахаас өөр сонголтгүй болчихсон.

“Эцэг хууль”-даа гар хүрэхэд нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүний дэмжлэг хүлээгээгүй тохиолдолд дараагийн УИХ ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй гэсэн Үндсэн хуулийн өөрийнх нь дархлаа бий. АН-ын бүлгийн 35 гишүүн дээр “Шударга ёс” эвслийн 10, ИЗНН-ын хоёр бие даагч гурван гишүүнийг нэмээд ч долоон товчлуур сох дутна гэсэн үг.

Эсрэг талд сөрөг хүчин МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй хэмээн гэдийж байгаа ч Сонгуулийн хуулийг өөрсдийнхөөрөө найруулах нууцхан хүсэл бий. Гэхдээ Сонгуулийн хуульд хүссэн заалтаа оруулах боломж
бололцоо МАН-д байхгүй, товчлуурын тоо нь ч хүрэхгүй. Ядаж л Сонгуулийн нэгдсэн хуулийг санаачилж, боловсруулсан нь, Ажлын хэсгийн ахлагч нь, эрх барьж байгаа нам нь, товчлуурын илүүтэй байгаа нь АН шүү дээ. Гэхдээ МАН-ынхны хувьд үлдэж байгаа богинохон хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг Сонгуулийн хуулиар барьцаалж дэмжих эсэхээ шийдэх улс төрийг илүүд үзэж байгаа бололтой.

Бүр цаашлаад сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах саналыг АН-д тулгаж өөрсдийн барьцыг лавшруулж мэдэх юм. Үгүй гэвэл саналыг хар машинаас гадна гараар давхар тоолох хувилбар МАН-ын халаасанд бэлэн байгаа. Ийм нэгэн учир шалтгаан, сонирхол, хүслийн зөрчлөөс Үндсэн хуулийн хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр байна.

Уг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад үлдэж буй хугацаа нь УИХ-д тийм ч хомс биш гэдгийг гишүүдийн дийлэнх нь мэдэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асууцлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэсэн заалт бий.

Мөн төслийг УИХ хүлээж авсан тохиолдолд хэлэлцүүлгийг тасралтгүй явуулж, эцсийн шийдвэр гартал өөр асуудал хэлэлцэхгүй байхаар хуульчилсан. Одоо талцал үүсгээд байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хууль тусдаа асуудал гэсэн үг. Товчхондоо УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр санал асуулга явуулах нь ард түмнээсээ зөвшөөрөл авах л тухай юм.

Гагцхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сонирхол АН-д давамгайлж, өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй байгаа гэдгийг мэдэж байгаа ч Сонгуулийн хуулиар барьцаалж, товчлуураа наймаалцах сэдэл МАН-д төрж эхэлсэн нь өөрөө асуудал болоод байгаа юм. Ерөнхий сайд нь УИХ дээрээ хүчгүйддэг, нам дамжсан бүлэглэл хоорондын барьцаанд ордог, танхимын гэхээсээ фракцын зарчимд хүлэгддэг болсон нь өнөөгийн гүйцэтгэх засаглалын салаа мөчрөө хэдийнэ хөрөөдөж’ эхэлсэн.

Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж энэ бүх гажигаа засах хэрэгцээ шаардлага бий юү гэвэл бий. АН, МАН-ынхан нэг ширээний ард сууцгаагаад зөвшилцөх нь зүйн хэрэг. Харин өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэж Үндсэн хуульдаа хэт сэтгэлийн хөөрлөөр хандчих вий гэсэн болгоомжлол нийгэмд бий болоод байгааг энд дурдах хэрэгтэй.

Яг ийм нөхцөл байдлын улмаас 1999, 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байв. М.Энхсайханы Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулсан УИХ-аас 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ-ын дарга Р.Гончигдоржид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж маргааш нь үдээс өмнө хэлэлцээд шууд баталж л байлаа шүү дээ. Гэвч яаран баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт Цэц дээр унаснаар 2000 өны арванхоёрдугаар сард УИХ-аас дахин нэмэлтийг оруулсан билээ.

Дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэгдсэн уг өөрчлөлтийг тухайн үеийн нөхцөл байдалтай уян ойлшхоос өөр аргагүй юм. Учир нь, АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тухайн үеийн МАХН-ын угшилтай Ерөнхийлөгч долоон удаа буцаасан нь Үндсэн хуульд гар хүрэх сэдлийг бий болгосон гэж харж болох. Бас чуулганы ирцийг нийт гишүүдийн гуравны хоёроор бүрдүүлдэг байсан нь тухайн үед 50 суудалтай байсан Ардчилсан холбоо эвсэлд эрх баригчийн эрхийг өгч чадаагүй.

Учир нь 25 суудалтай МАХН, нэг суудалтай МУНН л чуулган хуралдах эсэхийг Үндсэн хуулийн дээрх заалтаар шийддэг байлаа. Энэ цагт ирцийн бойкот дээд цэгтээ хүрч гурван сараар нь чуулганы хуралдааныг гацаадаг л байлаа. Энэ бүхнээс үүдэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь өдгөө дордуулсан долоон өөрчлөлт хэмээгддэг.

Гэсэн ч тэр өөрчлөлтийг хийгээгүй байсансан бол өдгөө төрийн үйл ажиллагаа энэ хэмжээнд тасралтгүй явагдах байсан эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ 1999 оны өөрчлөлтөөр сонгодог парламентын зарчим руу дөхсөн өөрчлөлтийг хийж чадаагүй.

Харин Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгээс өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр эдгээр алдаагааа засч сонгодог парламентын засагаал руугаа илүү ойртохыг онцолж буй. Тийм ч байж болох. Манайд л УИХ нь Засгийн газрынхаа ажилд гар дүрж, ажлыг нь заадаг болохоос Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлдэг, огцруулдаг жишиг бусад улсад бий. Үүгээр бол өнөөгийн тогтолцоогоо сайжруулах, сонгодог парламентын засаглал руу явуулах нь зайлшгүй хэрэгтэй байж мэдэх. Гэхдээ “Манай намынхан хүч түрээд ч өөрчлөх боломжгүй.

МАН-ынхан ажил уялаа” хэмээн мэдэгдэхээсээ илүүтэй МАН-ыгаа зөвшилцлийн ширээнд урих нь АН-ынхны хамгийн түрүүнд хийх ажил гэдгийг санах хэрэгтэй. МАН-ынхан ч жижигхэн эрх ашгийнхаа төлөө том зорилтоо наймаалцах нь улс оронд ч хохиролтойг эрхбиш мэдэж байгаа гэж найдья. Үндсэн хууль бол хүчээр шийддэг зүйл биш. Ширээ тойрч суугаад зөвшилцдөөр шийддэг зүйл.

Адаглаад АН, МАН-ынхан дараа дараагийн Засгийн эрхийг ээлжлэн барих учраас тэр шүү дээ. Хоёр “Энх”-ийн хорших шалтгаан ердөө л энэ. Тэд өөрсдийн эрх ашиг гэхээсээ үлс орныхоо цаашдын зорилгын төлөө ширээний ард суух хэрэгтэй байна. Юу үнэн тэр үнэн.

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих