Цөмийн энергийн газрын нууц хөрөнгөтнүүдийг илрүүлжээ

Цөмийн энергийн газрынхан хөрөнгөө нуусан нь шалгалтаар тогтоогджээ. Авлигатай тэмцэх газраас тус байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд шалгалт хийхэд 16 ажилтан хөрөнгө, орлогоо огт мэдүүлээгүй нь илэрсэн байна. Мөн таван албан тушаалтан хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ. Тухайлбал, Цөмийн материалын хэлтсийн дарга Т.Баярбаясгалан эхнэрийнхээ “Гүн хаалга” компанийг нуусан байна. Мөн ахлах мэргэжилтэн Б.Мөнхтөр эхнэрийнх нь нэр дээр байдаг 668 метр.кв газар, мэргэжилтэн Э.Гантулга, ахлах мэргэжилтэн Н.Тамир нар  орон сууцаа тас нуусан байжээ.

Цөмийн энергийн газраас 47 албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой байж. Гэтэл газрын дарга З.Дамдинсүрэн, улсын байцаагч Б.Мөнхтогтох, хэлтсийн дарга Р.Оюун, улсын ахлах байцаагч З.Отгон, мэргэжилтэн П.Ганцэцэг, Б.Төрболд, Б.Цолмонбаатар, Ч.Ганбаатар, Д.Ганбаатар, Ц.Даваадорж, Т.Меруерт, Ш.Мөнх-Очир, Д.Цэнд-Аюуш нарын 16 албан тушаалтан хөрөнгө, орлогоо огт мэдүүлээгүй байна. Дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлыг АТГ-аас Цөмийн энергийн газрын удирдлагад тавьжээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих