Ө.Алтансэрээ: Кино бүтээхэд хамт олон маань түшиг тулгуур болсон

Хүүхэд залуучуудад зориулсан дэлгэцийн бүтээл цөөрсөн энэ цагт “Тоглож болохгүй нас” киног Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ө.Алтансэрээ найруулжээ. Тэрбээр киноныхоо зохиолыг бичсэн байна.

skdlfk;slfsd;lfksd;lfk;sld-“Тоглож болохгүй нас” киноны зохиолыг бичих санаа танд хэзээ төрсөн бэ?

-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би МҮОНРТ-ийн Хүүхэд залуучуудын редакцид олон жил ажилласан. Тэр дундаа ахлах ангийн, өсвөр насныхантай олон жил хамтран ажиллаж, тэдэнд зориулан нэвтрүүлэг хийсэн. “Хамтдаа” ток шоу, “Үе тэнгийнхэн”, “Хоёул хамтдаа” цэнгээнт нэвтрүүлэг, мөн олон зохиомжит нэвтрүүлэг хийж байлаа. “Хаягдсан цүнхний өчил”, “Монхрынхон”, “Цасны өнгө”, “Цоожгүй чингэлэг” зэрэг хүүхдийн нэвтрүүлэг хийж бэлтгэсэн. Ер нь л аль болох зохиомжтой, хүүхдүүдэд сургаал хайрласан, инээдмийн чиглэлийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Би телевизэд ажиллаж байхдаа өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтээл хийе гэж боддог байсан юм. Өсвөр насныхны үерхэл нөхөрлөлд зориулсан, шилжилтийн эмзэг үеийг харуулсан, хүүхдүүдийн дотоод ертөнцийг нээхийг хүсдэг байсан учраас ийм зохиол бичье гэж бодож байсан. “Тоглож болохгүй нас” киног анх 30 ангитай болгож бичсэн. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор киногоо нэг анги болгосон. 30 ангитай киноны зохиолыг нэг болгоход маш их хөдөлмөр, ур ухаан шаарддаг юм билээ. Түүнийг ямар хэцүү гэдгийг биеэрээ мэдэрлээ.

-Кинонд тоглох жүжигчдээ хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

-Жүжигчдээ өнгөрсөн зургадугаар сараас сонгон шалгаруулж, 200 гаруй хүүхдээс 50-ийг нь л авсан. Дараа нь хүүхдүүдээ хоёр сар сургалтад хамруулсан. Үүний үндсэн дээр хүүхдүүдийн ур чадвар нэмэгдэж, тайзны хэллэг, жүжиглэх ур чадвар зэрэг зүйлийг мэргэжлийн багшаар заалгуулсан юм. Яагаад гэвэл, би ОХУ-ын Буриадын Дорнод Сибирийн соёл урлагийн академийг 1995 онд театрын найруулагчийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсч ирээд телевизэд олон жил ажиллалаа. Тэгээд ихэвчлэн телевизийн богино хэмжээний бүтээл хийдэг байсан ч дэлгэцийн бүрэн хэмжээний кино хийхэд амаргүй, бэрхшээлтэй зүйл олон тохиолдсон. Дээрээс нь хүүхдүүдтэйгээ ажиллаж нэлээд хөдөлмөрлөсний эцэст ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхийг хүлээсэн. Учир нь киноны ихэнх зургийг сургуулийн орчинд авсан болохоор хүлээхээс өөр аргагүй байлаа. Тиймээс киноны зураг авалт өнгөрсөн аравдугаар сарын эхээр дууссан. Дараа нь эвлүүлэг, дуу зэрэг олон чухал ажлыг хийсээр киноныхоо нээлтийг “Тэнгис” кино театрт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд хийлээ.

-Таны анхны дэлгэцийн бүтээл байсан учраас туршлагатай уран бүтээлчээс зөвлөгөө авах үе гарч байсан болов уу?

-Би “Golden pictures” продакшныг үүсгэн байгуулсан. Продакшнаа нээснээс хойшхи анхны бүтээл болохоор хүмүүсээс зөвлөгөө авах зүйл байсан. Хамгийн гол нь кино бүтээхэд хамтран ажилласан хамт олон маань сайн байсан учраас надад түшиг тулгуур болж байлаа. Киноны продюсерээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ө.Наранбаатар, зураглаачаар залуу уран бүтээлчдийн дунд нэрд гарч байгаа Г.Цэдэнчимэд гээд мөн олон сайхан уран бүтээлчтэй хамтран ажилласан. Жүжигчдийн хувьд голдуу ерөнхий боловсролын хүүхдүүд тоглосон. Мэдээж гол дүрд тоглох хүүхдүүдээ жүжиглэх ур чадварыг нь харгалзан сонгосон. Киноны дүрүүдэд СУИС-д суралцаж байгаа БНямдаваа, Б.Гэрэлт-Од, Ч.Анударь нар тоглосон. Гол дүрийн Дөлгөөний дүрд 23 дугаар сургуулийн сурагч Б.Номин тоглосон ч тэтгэлэгт хамрагдаад киноны нээлтийг хийхээс өмнө Тайланд руу сурахаар явсан. Кинонд тоглосон уран бүтээлчдийн нэрийг бүгдийг нь хэлбэл бидний ярилцлагын цаг сунжрах байх. Ер нь манай кинонд авьяаслаг хүүхдүүд тоглосон. Би сэтгэл зүрхээ дэлгэцийн уран бүтээлд зориулж яваа хамт олонтой ажилласандаа их баярлаж байна. Энэ дашрамд, кинонд хамтран ажилласан уран бүтээлчдэдээ цаашдынх нь ажилд амжилт хүсье.

-Та киногоо яагаад “Тоглож болохгүй нас” гэж нэрлэсэн бэ?

-Кино 30 анги байхдаа “Надад итгээрэй” гэдэг нэртэй байсан. Гэтэл киногоо ганцхан анги болгосон чинь нэрийг нь солихоос өөр аргагүй болсон юм. Томчууд бид өсвөр насны хүүхдээ “Энэ насанд тоглож болохгүй. Хичээлээ хий” гэдэг. Нөгөө талаар бид хүүхдүүдийг “Том боллоо. Тоглож болохгүй” гэж зэмлэдэг. Гэтэл энэ хүүхдүүдийн насанд дээр дурдсан зүйлээс гадна тоглож болохгүй олон зүйл байдаг. Жишээлбэл, анхны хайр, анхны үерхэл. Тиймээс эдгээр зүйлд хэрхэн хандахыг томчууд л чиглүүлж өгөхгүй бол хүүхдүүд залуу гэнэн үедээ алдаа гаргах аюултай. Энэ л насанд эцэг эхчүүд хүүхдээ зөв чиглүүлбэл тэд ирээдүйд аав ээж болохоороо хүүхдээ зөв хүмүүжүүлнэ. Ийм учраас л киногоо “Тоглож болохгүй нас” хэмээн нэрлэсэн. Хүүхдийн уран бүтээлч хүний хувьд эмзэглэж явдаг зүйлээ кинондоо тусгахыг хичээсэн.

-Та уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд ямар зүйл хэлэхийг хүссэн бэ?

-Хүн бүрийн амьдрал өөр байдаг. Гэхдээ ямар ч хүн 16 насыг дайрч гарсан. Миний үеийн 16 настнууд өнөөдрийнхөөс ялгаатай. Тиймээс “Эцэг эхчүүд ээ, та нар эргээд 16 настай байхдаа ямар байснаа санаач ээ. Тэгж чадвал та нар хүүхдүүдээ ойлгож, тэднийг амьдралд нь зөв чиглүүлж чадна” гэж хэлэхийг хүссэн юм. Манай кино хоёр дуутай. Нэг нь “Хэлж зүрхлэхгүй” гэдэг нэртэй. Хүүхдийн ордны цахилгаан хөгжмийн багш, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан “Нисванис”-ын Цацаа дууны аяыг зохиож, үгийг нь би бичсэн. Энэ дууг “Good boys” хамтлагийн хөвгүүд дуулсан. Сүүлийн үед өсвөр насныханд зориулсан дуу гараагүй байгаа юм билээ. Тиймээс энэ дууг бүтээсэнд баяртай байгаа. Хоёр дахь дуу “Сургуулийн зүг”. Хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Алтан-Уяа аяыг нь зохиосон. Энэ дууг С.Алтан-Уяа багшийн шавь Б.Мишээл дуулж олны хүртээл болголоо. Удахгүй дүрсжүүлээд цацахаар төлөвлөж байна.

-Киногоо дэлгэцээр цацахаас өмнө шүүлэгт оруулсан уу?

-Шүүлэгт оруулсан. Намайг өнөөдөр үгүйлэгдээд байгаа зүйлийн орон зайг олж харсан байна гэсэн. Гэхдээ Монголд кино шүүмжлэгч байхгүй болсон байна. Ямар нэгэн уран бүтээл гарч байдаг ч тэр талаарх судлаачдын үгээр дутдаг болжээ. Тиймээс би хувьдаа кино шүүмжлэлийг хөгжүүлээсэй гэж бодож байна. Киног бүтээхэд уран бүтээлийг дэмжиж, сэтгэлийн дэм өгсөн “Голден хүүп” компанийн “Голден жем” фитнесс клубийн хамт олонд баярлалаа. Дээр нь киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласанд энэ завшааныг ашиглан ажлын өндөр амжилт хүсье. Мөн киног бүтээхэд санхүүгийн туслалцаа үзүүлээгүй ч гэсэн бидэнд сэтгэлийн дэм өгсөн олон хүн бий, тэдэндээ баярлалаа.

-Та дараагийн уран бүтээлийнхээ сэдвийг олсон уу. Магадгүй хүүхдийн уран бүтээлээр дагнахаар төлөвлөж байж болох юм?

-Телевизийн олон ангит киногоо хүүхдүүдэд хүргэхээр үргэлжлүүлэн бичье гэж бодож байгаа. Мөн залуучууддаа зориулаад кино зохиол бичээд эхэлчихсэн байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих