Цагдаад бүртгэлтэй халаасны 670 гаруй хулгайч байна

Сүүлийн үед хулгайн хэрэг гаарч, бүр гэгээн цагаан өдөр хүний анхаарлыг сарниулж байгаад эд зүйлсийг нь хулгайлах хэрэг нэмэгдэв.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа дуудлагын ихэнх нь “Гар утсаа алдлаа. Үл таних этгээдэд дээрэмдүүллээ. Айлган сүрдүүлж байгаад эд зүйлсийг булаагаад явлаа. Томоохон худалдааны төвд явж байгаад гар утсаа, хэтэвчээ суйлуулчихлаа. Шөнө зогсоол дээр тавьсан машины хучлагаа алдлаа” зэрэг дуудлага тасрахгүй ирнэ.
Хамгийн гол нь хулгайчийг шуурхай илрүүлэн барих үүрэгтэй цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллахаас гадна нөгөө хулгайчидаа хүртэл сайн танина. Нэг жишээ дурдахад, хэдхэн хоногийн өмнө Зүүнсалаа чиглэлийн автобусанд тулгар биетэй эмэгтэй цүнхнээсээ сая төгрөг алдчихлаа. Айж сандарсан эмэгтэй цаг алдалгүй цагдаа дуудаж, автобусны камер шүүлгээд үзтэл Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэлтэй хулгайч хүүхэд авсныг илрүүлэн олов. Тэгээд тэр эмэгтэйд хандаж “Санаа зоволтгүй бид одоохон олчихно. Харин мөнгийг чинь олж өгч чадахгүй ээ” гэж учраа хэлээд буув. Мөн автобусанд хоёрхон буудал явахад л том цүнхнээсээ мэргэжлийн зургийн камер алдсан тохиолдол гарсан. Тийм том камерийг цүнхнээс мэдэгдэлгүйгээр хулгайлна гэдэг бас мэргэжил авьяас шүү.
Тухайлбал, аппаратаа алдсан иргэний цахим сүлжээндээ бичсэн гомдлыг сийрүүлбэл “Байгууллагынхаа гурван сая гаруй төгрөгийн үнэтэй гэрэл зургийн аппаратыг хөгийн муу хулгайчид алдсан. Автобусанд хоёрхон буудал газар яваад буух хооронд туучихлаа. Ядахад “Эрдэм транс”-ын камергүй автобусанд суужээ. Уг нь, тэр хулгайч 25 дээр буусан байх магадлалтай. Гэтэл энэ хэрийг хариуцаж авсан байцаагч хэргийн талаар тайлбар ч авалгүй, өглөө бүр ажил дээрээ дуудаж, “Чи өөрөө явж автобусны камераа үз, “Смарт” компани руу яваад ир” гэх мэтээр өнгөрөөдөг. Тэгснээ “Одоо олдохгүй ээ, автобус нь камергүй гээ биз дээ. Буудлын камерийг шалгаад ч гарч ирэхгүй” гээд хөдлөхгүй юм. Тэгэхээр нь шалсаар байгаад автобусны буудлын камеруудыг хамт очиж шалгатал би тэндээс өөрийгөө ч олж таньсангүй. Бүрсийсэн, автобусны дугаар ч харагдахгүй, татаж ч харж болохгүй юм. “Ийм камераар гэмт хэрэг илрүүлнэ гэж ч юу байх вэ” гэтэл “Хэрүүл зодоон хийвэл дүрсийг тухайн үед нь татаж хараад дуудлага өгөх үүрэгтэй. Харин хоёр минутын дараа бичлэгийг дахин татаж харж болдоггүй” гэнэ. 25-ын буудлын хажуугийн нэг байгууллагын камер байна аа. Тэднийх ямар автобус ирээд явж байгаа бүхнийг тодоос тод бичдэг гэдгээ надад харуулсан. Бас бичлэгийг татаж харж болдог, цагдаатай ирвэл хуулж өгнө гэсэн. Энэ тухай байцаагчид хэлтэл “Тэр камер нь автобусны буудлыг бичдэггүй юм” гээд бас л тоосонгүй. Эцэстээ уурлаад, даргад нь хэлж загнуулан байж өнгөрсөн баасан гарагт дагуулж очоод болдгийг нь үзүүллээ.
Харамсалтай нь камер шалгаж өгдөг хүн нь байгаагүй тул байцаагч маргааш нь очоод бичлэг хуулж авах л юм болоод салсан. Эд зүйлээ алдсан нь миний буруу ч эрэн сурвалжилж өгөх нь цагдаагийн үүрэг биз дээ.
Хулгайч, цагдаа хоёр чинь нэг айлын хүүхдүүд шиг ажилладаг болжээ. Тэр байцаагч надтай яаж харьцсан, юу гэж хэлсэн бараг бүгдээрээ дуу хураагуурт маань бий. Үйлчлүүлэгчийг үл тоож, гэмт хэрэгтэн шиг харьцаж болохгүй биз дээ. Үүнийг нь хэлэхээр “Дарга нараар шалгуулаад олж аваарай, харъя” гэж хэлж болохгүй л юм шиг санагдаад байх юм даа” гэж бичжээ. Энэ мэтээр хүний халаас ухаж, хамаг эд зүйлсийг нь хулгайч, мөнгө болгож, үрэн таран хийж бусдыг хохироож, өөрсдийгөө өөгшүүлж байгаа хэсэг нөхдийг ХЭҮК нь “Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс олон нийтэд нэр усыг нь зураг хөрөгтэй нь гаргаж болохгүй” хэмээн үхтэлээ өмгөөлж хамгаалж хаацаалж байгаа нь нөгөө талаар тэднийг өөгшүүлж, гэмт хэргийн гаралтыг өдөөж байгаа үзүүлэлт болж харагдаж байгаа юм.
Халаасны хулгайчид ажлаа хийж, жирийн иргэд хохирч байхад комиссынхон хэний төлөө яаж ажиллаад байгаа нь ойлгомжгүй.
Ичдэггүй нүүр, эмзэглэдэггүй сэтгэлтэй хулгайчид өөрсдөө айхгүй, эмзэглэхгүй, удаа дараа, олон удаагийн үйлдлээр жирийн иргэдийн эд зүйлсийг хулгайлж, хохироож байгаа “урт гартнуудын” зургийг, мэдээллийг олон нийтийн сүлжээгээр яагаад тарааж, бусдад сэрэмжлүүлэг болгож болохгүй гэж. Ядаж ийм царайтай, ийм хувцастай, тийм төрхтэй этгээд “Халаасны хулгайч” юм байна гэсэн ойлголтыг иргэд хараандаа аваг л дээ.
Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэлтэй халаасны 670 гаруй хулгайчийн зураг, мэдээлэл байгаа ажээ. Тэдний дунд цөөн тооны эмэгтэйчүүд бий. Цагдаагаас эдгээр хүмүүсийн зураг олонд дэлгэж харуулмаар байна. Даанч ХЭҮК-оос хүлээн зөвшөөрдөггүй юм гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Хулгайчид баярын үеэр буюу хөл хөдөлгөөн ихтэй цаг үеээр бүр гаарч, “галзуурна”. Дэл сул юмыг андахгүй гөлөн гөлөн харж байгаад бүлэглэж, үгсэн тохиролцож байгаад бусдын эд зүйлсийг хулгайлна.
Өнгөрсөн жилийн цагаан сарын баярын үеэр нэг лангуун дээрээс таван дээл хулгайд алдагдсан тохиолдол бий. Хулгайч худалдагчийн бусадтай харилцах анхаарлыг сарниулж байгаад хулгайлаад явсан гэдэг. Тиймээс шинэ жилийн баяраар болон цагаан сарын үеэр иргэд өөрсдөө эд зүйлсдээ сонор сэрэмжтэй болгоомжтой байгаарай.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





Одоо халаазны хулгайч нартай орон монголоос өөр байна уу. Хүний ядарж байж олсон мөнгийг хулгайлсан новшнууд хүний адаг