МАН-ын дарга М.Энхболд Хятадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол Улсад суугаа Хятадын Элчин сайд Син Хаймин болон БХАИХ-ын Байнгын хорооны гишүүдийн төлөөлөл Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд 2016-2022 оны хугацаанд Хятад Улс эдийн засгийн ямар бодлого дэвшүүлснийг мэдэх нь манай эдийн засагт чухал нөлөөтэй гэсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжин хөгжиж, төрийн дээд хэмжээний удирдлагуудын харилцан айлчлал тогтворжиж байгааг хэллээ.
Өнгөрсөн онд МАН-ын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д айлчилсан. Хоёр намын хамтын ажиллагаа ч өргөжин тэлж байгааг энэ үеэр онцолж байсан. Түүнчлэн өнгөрсөн гурван жилд Монголын эдийн засаг муудаж, хөрөнгө оруулагчдын тоо эрс буурсан. Өр зээлийн хэмжээ хэтэрсэн гэх мэтчилэн намууд харилцан ойлголцож шийдэх асуудлууд байгааг төлөөлөгчдөд хэлсэн.
Харин Хятадын БХАИХ-ын Байнгын хорооны гишүүн Шэн Шунян “Манай намын төв хорооноос хөгжлийн үзэл баримтлал дэвшүүлсэн. Энэ баримтлал дотор нээлттэй хөгжлийн асуудлыг онцолж байгаа. Цаашид парламент болон нам хоорондын харилцааг улам бэхжүүлэх хүсэлтэй байна.
Ирэх жил МАН-ын дарга М.Энхболдыг Коммунист намын шугамаар Хятадад айлчлахыг урьж байна. Хятадын Коммунист , Монгол Ардын нам хоорондын залуу боловсон хүчнийг мэргэжил дээшлүүлэх, сургах боловсруулах чиглэлд хамтарч ажиллаж болно” гэсэн юм. Түүнчлэн талууд Монгол Улс Хятадтай зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна хамтарч ажиллах өргөн боломж байгааг цохон тэмдэглэсэн юм.
URL:




