АН-ын генсек МАН-ын бүлгээс уучлал гуйж эхлэв үү

Уржигдраас эхлээд орон сууцны найман хувийн зээл 20 хувь болж өсөхөөр боллоо, зээл зогсох гэж байна. Үүнийг МАН-ынхан Үндсэн хуулийн цэцтэй хамтран хийлээ гэсэн мэдээлэл тарж эхэлсэн. Өчигдөр энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг хольж хутган МАН-ын нэр төрд халдаж байна. МАН хэзээ ч ийм шийдвэр гаргаагүй. МАН сөрөг хүчин. Сөрөг хүчин ийм ажил хийдэггүй. Үндсэн хуулийн цэц ч ийм шийдвэр гаргаагүй. Тэгээд ч Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг бүгдийг нь АН томилсон. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн тийм шийдвэр гаргалаа гэж бодвол АН-ынханы л бодлого гэж ойлгох хэрэгтэй. Ер нь бол ард түмний хашааны газрыг үл маргах журамаар булааж авах буруу. Энэ асуудлыг өөр асуудалтай хольж хутгах хэрэггүй” гэсэн бол Ч.Хүрэлбааатар “Цэц банкны зээлийн хүү хэд байхыг хэлэлцэж шийддэг газар биш. Хэрвээ Үндсэн хуулийн цэц зээлийн хүү хэд байхыг мэддэг болчихсон юм бол орон сууцны зээлийг хүүгүй болгоё. Иргэд найман хувийн орон сууцны зээлд хамрагдсан бол гэрээгээ дуустлаа найман хувиа л төлнө. Үүнийг 20 болгох ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. МАН хэзээ ч ийм зүйл хийхэд оролцох нам биш. МАН бол ард түмний эрх ашгийг хамгаалдаг нам” гэсэн тайлбарыг хийлээ. Харин Ё.Отгонбаяр “МАН орон сууцны зургаан хувийн зээлийг анх санаачлан хэрэгжүүлсэн нам. АН засаг аваад найман хувийн зээл болгосон. Бид зургаан хувийн зээл ярьж байсан нам яалаа гэж 20 хувь болгох вэ?” гэж асууж байна лээ.
Үүнтэй зэрэгцээд МАН-ын Хуулийн бодлогын зөвлөх Б.Энхбаяр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг гүтгэлэг тараасан асуудлаар шүүхэд өгөхөө цахим ертөнцөөр мэдэгдэв. Өчигдрөөс эхлээд орон сууцны найман хувийн зээлийн хүүг 20 болгох гэж байна гэсэн сенсаци дэгдээсэн АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр МАН-ын бүлгийн сануулгад “Би 15-ийг 13 гэж андуурчээ” гэж буруугаа хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг 15-тай нь андуурч мунгинаснаа хүлээн зөвшөөрөв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-ынхан гүтгэлэг сенсаци тарааж ард түмнийг бухимдуулсан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын мэдээллүүдийг баримтжуулаад шүүхэд өгч байгаа гэнэ. Хэрэв шүүх Л.Эрхэмбаярыг буруутай гэж үзвэл МАН-ынхнаас албан ёсоор уучлал гуйж таарна.
Ер нь сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн ажил эрчимжиж байна. Угаасаа ч С.Бямбацогтыг бүлгийн дарга болсны дараа МАН-ын бүлгийн ажил эрс эрчимжсэн л дээ. Түүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бүх л асуудал дээр эв нэгдлийн зарчимыг баримтлан ажилласаар ирсэн. Мөн МАН-ын бүлгийн ажлын алба ч сайн зохион байгуулалттай ажилладгийг саарал ордныхон ярих болоод удлаа. Энэ байдлыг улстөр судлаачид МАН-ын бүлгийн гишүүд, ажлын албаны хосолсон тоглолтууд ирэх хаврын улс төрийн өнгийг тодорхойлно хэмээн дүгнэж эхэллээ.
Б.Баяр
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
URL:




