Ирвэс хамгаалагчийн хэргийг шалгах шалгалтыг эрчимжүүлэх тушаал гаргажээ

“Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” хэмээн нийслэлд гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болж, зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живж амиа алдсан байдалтай олдсон талаарх харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан.

Тодруулбал, ирвэс хамгаалагч сангийн ажилтан залуу Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн сард амиа алдсан байдалтайгаар Хөвсгөл далайгаас олдсон юм. Түүний автомашиныг алга болсноос нь зургаан хоногийн дараа буюу энэ сарын 11-ны 13:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяа, Хатгал тосгон Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч олсон байдаг. Сануулахад, талийгаач залуу Улаанбаатар хотоос алга болсон бөгөөд түүнийг машин, цогцосыг нь Хөвсгөл аймгаас олсон юм.

Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис ирвэс хамгаалах сангийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргаж Мөрдөн байцаах газрын дэд даргаа ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа аж. Тус ажлын хэсгүүд яг одоо Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж буй юм байна.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих