“Оддын дайн” Холливудын дээд амжилтуудыг эвдсээр байна
“Оддын дайн: Хүч сэргэсэн нь“ кино дэлгэцэнд гарсан эхний 20 өдөр зөвхөн АНУ-д 760.5 сая, дэлхий даяар 1.6 тэрбум ам.долларын орлого олж “Аватар” киноны дээд амжилтыг эвджээ. Үүнээс өмнө Жей Жей Абрамсын найруулсан “Дисней” студийн энэ бүтээл 12 хоногийн дотор нэг тэрбум ам.доллар цуглуулан “Юрийн галавын цэцэрлэг”-ийн өмнөх дээд амжилтыг мөн эвдсэн юм.
Харрисон Форд, Марк Хэмилл, Кэрри Фишер, Жон Бойега, Дейзи Ридли, Адам Драйвер зэрэг жүжигчдийн тоглосон “Оддын дайн” цувралын долоо дахь тус кино маргааш Хятадад нээлтээ хийх бөгөөд бүх цаг үеийн хамгийн их орлоготой домогт найруулагч Жеймс Камероны “Аватар”(2.7 тэрбум ам.доллар), “Титаник”(2.1 тэрбум ам.доллар) кинонуудын урд гишгэж болзошгүй гэж дийлэнх ажиглагчид үзэж байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тус кино манай улсад энэ сарын 1-нээс гарч эхэлсэн билээ.
Б.Сансар
Эх сурвалж: Polit.mn
URL:




