Б.Хурц: Миний төлөө санаа тавьж байсан төр засаг, ард олондоо баярлалаа

Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц өчигдөр эх орондоо ирлээ.

Буянт ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 14.30 цагт газардсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор тэрбээр ирсэн. Түүнийг тосохоор “Volkswagen” УБӨ 77- 71, “Ланд-100” 00-29, “Соната- II” 01-62 дугаартай хэд хэдэн автомашинтай хүмүүс ирсэн байлаа.

Мөн тэнд ЗЦГ болон Нисэхийн цагдаагийн газрын ажилтнуудаас гадна, энгийн хувцастай цагдаагийн албан хаагчид ч цөөнгүй байсан юм.

Б.Хурцыг Монголд газардсанаас хойш хоёр цагийн дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Болор сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Сэтгүүлчдийг мэдээлэл авахаар дэд сайдтай уулзаж байх үеэр зорчигчдыг хүлээн авах VIP хаалга маш хурдан нээгдэж Б.Хурцыг тосохоор ирсэн машины гурав нь сэтгүүлчдийг дайрах шахам хурдалж гарч явсан. Энэ мэтээр машинууд сэтгүүлчдээс зугтаж бултаж нэг нэгээрээ гарсаар байв.

Эх сурвалжийн хэлснээр “Volkswagen” УБӨ 77-71 дугаарын машин Б.Хурцын эхнэрийнх бөгөөд уг машинд түүний эхнэр Б.Хулан Англид мэндэлсэн долоон сартай охинтойгоо сууж явсан. Б.Хурцыг ирсэнтэй холбогдуулан түүний эгч Б.Болорын 9999…. дугаарын утсанд залгалаа. Б.Болор “Дүүгээ ирсэнд туйлын их баяртай байна. Энэ үнэхээр гэнэтийн явдал байлаа. Дүүг маань ирнэ гэдгийг бидэнд урьдчилж хэлээгүй. Ирсэн хойно нь л газардлаа гэдгийг дууллаа. Аав бид нар гэртээ цуглачихаад орж ирэхийг нь тэсэн ядан хүлээж байна.” гэсэн юм.

Гадаад харилцааны дэд сайд Б.Болортой ярилцлаа.

-Б.Хурц эх орондоо ирлээ гэдэг үнэн үү?
-Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоц дөнгөж сая газардлаа. Б.Хурц эх орондоо ирлээ гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

-Та түүнтэй уулзав уу?
-Б.Хурцыг онгоцноос буунгуут нь хоёр минут хэртэй уулзаж ярилцсан. Тэрбээр “Миний төлөө санаа зовж байсан төр засаг, түмэн олондоо баярлалаа” гэж дамжуулсан.

-Б.Хурц суллагдаж батлан даалтад гарлаа гэх мэдээллийг “Монголын үнэн” сонин хамгийн түрүүнд уншигчдад хүргэсэн. Мэдээллийг та өчигдөрхөн үгүйсгэж байсан. Яагаад мэдээллийг нууцалсан юм бэ?
-Тухайн үед ХБНГУ-аас албан ёсны мэдээлэл ирээгүй байсан.

-Түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм уу?
-ХБНГУ-ын талаас манай хүнд “Та чөлөөтэй” гэж хэлээд сулласан гэсэн. Энэ дагуу Б.Хурц чөлөөлөгдөж эх орондоо ирсэн байгаа. Одоогоор хэргийг хэрэгсэхгүй болгосон уу, шүүх хурал хийж цагаатгасан уу гэдэг нь тодорхойгүй. Энэ талаар өөрөө тодорхой мэдээлэл хийнэ гэсэн.

-Манай улсын иргэнийг хэзээ сулласан юм бэ?
-Энэ талаар бас тодорхой мэдээлэл алга. Сая уулзахад гэр рүүгээ явахыг маш их яарч байсан.

-Б.Хурцын биеийн байдал ямар байна вэ?
-Биеийн байдал нь сайн байгаа.

-Засгийн газар иргэнээ суллахад хэчнээн төгрөгийн зардал гаргав?

-Монгол Улсын Засгийн газар хамгийн анх иргэнээ баригдлаа гэхийг дуулаад төсвөөс тодорхой зардал гаргаж өмгөөлөлд нь зарцуулсан. Түүнээс хойш Б.Хурц болон түүний ар гэрийнхэн бүх асуудлаа хариуцаад явсан. Ямар ч байсан Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан нь үр дүнд хүрч манай улсын иргэн эх орондоо ирлээ.

-Ерөнхийлөгчтэй хамт ирсэн гэсэн үү?

-Б.Хурц Ерөнхийлөгчтэй нэг онгоцонд хамт ирсэн нь үнэн. Энэ бол зүгээр л тохиолдлын хэрэг.

-Англи Улсад хэчнээн шүүх хурал болсон бэ?
-Анхан шат болон давж заалдах, хяналтын шатны шүүх хурал нийлээд энэ хэргийг 10 гаруй удаа хэлэлцсэн.

-Зарим албаны хүмүүс үүнийг Канцлерийн айлчлалтай холбон тайлбарлаж байгаа. Монгол Улс ХБНГУ-аас уучлал гуйсан нь түүнийг суллахад нөлөөлөв үү?
-ХБНГУ-ын Канцлерийн айлчлалтай энэ асуудал ямар ч холбоогүй. Бид Б.Хурцыг чөлөөлүүлэхээр бүх хүчээ дайчилсан. Энд ямар нэг улстөрийн тохиролцоо байхгүй.

-Магадгүй Б.Хурц суллагдсаныг Д.Энхбатын ар гэрийнхэн эсэргүүцэх байх?

-Үүнд хариулт өгөх боломж алга.

-ХБНГУ-аас хэчнээн өмгөөлөгч авсан юм бэ?
-Хоёр өмгөөлөгч ажиллаж байсан.

-Б.Хурц ажлаа хийх үү?

-Анхнаасаа ажлаас нь чөлөөлөөгүй. Тиймээс цаашид ажлаа үргэлжлүүлэн хийнэ.

-ХБНГУ-аас Б.Хурцыг байцаахаар эргэж дуудах болов уу?
-Энэ талаар цаг нь болохоор өөрөө мэдээлэл хийнэ.

Д.Мягмаржаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих