Ураны салбарыг урагш чирэх айлчлал

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдрөөс ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар тус улсад айлчилж байна. Түүний айлчлал энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд тэрбээр В.В.Путинтэй яриа хэлэлцээ хийж, удирдах зарим албан тушаалтантай уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, Москва хотноо ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байгаа.
Мөнхийн хөрш гэдэг утгаараа манай төрийн өндөрлөгүүдийн Орос, Хятадад хийж буй айлчлал бүхэлдээ олны “овоо хараа”-нд байдаг. Энэ удаа ч мөн айлчлалын тов зарлагдмагц хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голлох сэдвээ болгон шүүрэн авч, өөр өөрийн өнцгөөс бичиж байна.
Ямартаа ч хоёр улс хоёулаа өндөр ач холбогдол өгч байгаа энэ удаагийн айлчлалаас Монгол, Оросын эдийн засгийн харилцаанд түлхэц өгөх олон чухал шийдвэрийн хана босно гэсэн хүлээлт хэдийнэ үүссэн. Ялангуяа “их өр”, уран, төмөр зам, “Монголросцветмэт”, “Эрдэнэт” гээд цаг үеийн “халуун” сэдвүүдээр Москва ямар байр суурь баримтлах бол хэмээн хэн хүнгүй чих тавьж байна. Монголын талаас хөгжлийн тэргүүлэх салбарын сайдууд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан нь ч нэгийг хэлж буй.
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засгийн салбарт эрчимжиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрээд байгаа. Төр засгийн түвшинд албаны хүмүүсийн айлчлал ч тогтмолжоод байгаа бөгөөд айлчлалын үеэр хийсэн уулзалтууд болоод тэдгээрийн явцад гарын үсэг баримт бичгүүд нь улс төр, худалдаа-эдийн засаг, батлан хамгаалах, соёлын болон бусад салбарын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхэд шинэ түлхэц болдог.
Энэ удаагийн айлчлал нь өмнөх тохиролцоонууд, тухайлбал Ерөнхийлөгч Д.А.Медведевийн 2009 оны наймдугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийн тухай Тунхаглалын хэрэгжилтийн явцыг дүгнэн хэлэлцэх, мөн юуны өмнө худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдэх боломж олгож байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар айлчлалын хүрээнд хөндөх чухал асуудлын нэг нь “Дорнод-Уран” хэмээх хамтарсан үйлдвэр байгуулах зарчмын нөхцлийг тохирох хэлэлцээ юм. Саяхан “Дорнод-Уран” хамтарсан үйлдвэрийн Удирдах зөвлөлийн хурлууд Москва хотноо болж, Монголын тал 51, Оросын тал 49 хувийг эзэмшихээр тохироод буй. Засгийн газрын тэргүүн ОХУ-д айлчилж байгаа энэ өдрүүдэд Монголчууд ураны хувь заяа чухам хаашаа хэлбийх вэ, уранаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар манайх юу хожих вэ гэдэг асуудлаар чухал шийдвэр гарах нь тодорхой болоод байна.
Манай улс ураны арвин баялаг нөөцтэй. Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болдог уран хэмээх ашигт малтмалын нөөцөөр дэлхийд 16-д, Азидаа зургаад ордог. Одоогоор тогтоогдоод байгаа нөөц нь 65 мянган тонн бөгөөд магадлалтай нөөц нь 150 мянган тонн. Энэ нь батлагдвал Монгол Улс дэлхийд толгой цохих аж. Тиймээс цөмийн энерги, атомын цахилгаан станцын хэрэглээ өндөр хөгжсөн Франц, АНУ, Япон зэрэг орон Монголыг сонирхож байгаа.  Уран ашиглалт хэдийгээр шинэ тулгар яригдаж байгаа сэдэв мэт боловч Монгол дахь ураны нөөцийг Оросууд биднээс сайн мэднэ. Учир нь тэд 1960-аад оны сүүлчээс Монголд ураны дагнасан судалгаа хийж, нөөцийг тогтоож байжээ. Тухайн үеийн БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд 1970 онд хэлэлцээр байгуулж, мөн онд ЗХУ-ын Геологийн яамны харьяа Монголын геологийн зураглалын экспедиц байгуулан, Дорнод-Монголд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ийн эхэлсэн ураны геологи, хайгуулын ажил 1990 оныг дуустал дан ганц ЗХУ-ын хөрөнгө, техник, тоног төхөөрөмж, мэргэжилтний хүчээр хийгдсэн байдаг.
Уран тойрсон асуудал хэсэг намжаад 2000 оноос хойших арван жилд монголчуудын анхаарлын төвд дахин орж ирсэн гэхэд болно. Монгол Улсын ураны геологи хайгуулын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, өнөөгийн байдлаар улсын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 18 аж ахуйн нэгжид 129 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж. Ураны асуудлаар нэгдсэн бодлого боловсруулах үүднээс Засгийн газар лицензүүдийг түдгэлзүүлж, хүчингүй болгож нэлээн цэгцэлсэн. Гэсэн ч хууль зүйн орчин бүрхэг хэвээр, лиценз тойрсон асуудал ч өнөөдрийг хүртэл маргаантай байгаа.
Хэрэв Ерөнхий сайд “Дорнод-Уран” гэх хамтарсан үйлдвэрийн хувь эзэмшлийн давуу эрхийг өөрийн талд баталгаажуулж чадвал Монголын ураны салбарын хөгжилд шинэ гарц нээгдэнэ.  Ямартаа ч Орос-Монголын хамтарсан үйлдвэрийн тоо нэгээр нэмэгдсэнээр сүүлийн жилүүдэд ийн анхаарал татсан сэдэв болж байгаа ураны салбарт оросууд дахин хүч түрэн орж ирж байна.  Энэ болгоныг нэг тийш шийдэж, ураны ордоор Монгол Улсын эдийн засгийн болон хөгжлийн асуудалд шат ахих шийдвэрийг Монголчууд Ерөнхий сайдын айлчлалаас хүлээж байгаа билээ.

Э.Адъяасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих