Өнгөрсөн онд 42 хүүхэд тэнсэн ял авчээ

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гэмт хэргийн хохирогч хүүхэд, хүүхдийн хууль зүйн хороо, шүүхээр гэр бүл цуцлах зэрэг асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр хүүхэд гэмт хэргээс урдчилан сэргийлэх, хэрэгт холбогдох, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр ороод гарсны дараас хүүхдүүдэд үзүүлсэн үйлчилгээ болон хэчнээн хүүхдийн хэрэг шийдвэрлэснээ танилцуулав.
Өнгөрсөн 2015 онд тэнсэн харгалзах ял авсан 42 хүүхдийг гэр бүлийн хамт сургалтад хамруулан нийгэмшүүлэх зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна. Үүнээс гурван нь ерөнхий боловсролын сургууль, дөрөв нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, нэг хүүхэд албан бус сургалтад хамрагджээ. Мөн гэрч, хохирогч болсон 10 гаруй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эцэг, эхийн хамтаар сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар жил ирэх тусам гэр бүл салалт өсч байгааг энэ үеэр онцолж байв.
Тухайлбал, өнгөрсөн онд 7000 гаруй хос гэрлэлтээ батлуулснаас 2300 гаруй нь албан ёсоор хуулийн хүрээнд салсан байна. Үүнээс гадна шүүхээр ороогүй гэр бүл салалт олон байгааг дурдсан юм.
Энэ үеэр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд гэр бүл хамгааллын хэлтсийн салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Цагаан-Ээж “Дээрх ял авсан 42 хүүхдийн дийлэнх нь 14-18 нас буюу өсвөр насныхан бөгөөд хулгай, дээрэм, насанд хүрэгчдэд уруу татагдан гэмт хэрэг үйлдэх, хүчингийн хэрэгт холбогдож гэрч, хохирогч болох хандлага өссөн. Мөн гэр бүлийн гишүүд салахдаа өөрсдийн эрх ашгийг илүүд үзэж хүүхдэд ямар хор хохирол учрахыг бодож үздэггүй. Учир нь шүүхээр салж буй гэр бүлийн гишүүд хүүхдээ байр, машин болгон харж байна. Түүнээс биш миний хүүхэд хэнтэйгээ амьдарвал эрүүл, аюулгүй байх вэ гэдгийг орхигдуулаад байна” гэв.Д.Нэргүй
URL:




