Монгол эрдэмтэд био нүүрс үйлдвэрлэж байна

ХААИС-ийн эрдэмтэд ач холбогдлоороо маш өндрөөр үнэлэгдэж байгаа био нүүрсийг үйлдвэрлэж байна. Байгаль орчинд түгээмэл байдаг аргал, мод, ургамлын хаягдал, сүрэл зэргийг тусгай технологиор шатаан био нүүрс гарган авч эхэлжээ.

Био нүүрсийг хөрсөнд холиход хөрсний бүтэц, үржил шим, ус тогтоох чадварыг сайжруулан ямар ч ургамлын ургалтыг дэмждэг учраас газар тариалангийн салбарт, цөлжилтийн эсрэг хөтөлбөрүүд, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, мөн хөрсийг нөхөн сэргээхэд юугаар ч орлошгүй бордоо болдог учраас уул уурхайн салбарт ашиглаж байна. Мөн био нүүрсээр шахмал түлш хийж буй юм. Эсвэл өндөр технологи ашиглан эрчим хүч гарган авч болно. Ус болон агаар цэвэршүүлэхэд ашиглах, мал, амьтныг эрүүлжүүлэх зориулалттай хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн, гэдэс дотор цэвэрлэх, хордлого тайлах үйлчилгээтэйгээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглана гээд био нүүрсний хэрэглээ маш их болжээ.

Өнөөдрийн байдлаар био нүүрсийг малчид ч бэлтгэн нийлүүлж байна. Сэлэнгэ, Баян-Өлгий, Булган, Архангай аймгийн малчид ХААИС-ийн дэргэд байгуулагдсан “Бионүүрс” эрдэм шинжилгээний лабораторит нэг тонныг нь 200-300 мянган төгрөгөөр өгч байна. Гэрийн аргаар био нүүрс гарган амьдрал ахуйгаа сайжруулах хүсэлтэй иргэд ч ХААИС-д хандан сургалтад хамрагдаад эхэлжээ.

Сүүлийн үед био нүүрсийг уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтдээ зориулан ашиглаж байна. ХААИС-ийн дэргэдэх “Био нүүрс” төв нь Оюутолгой компанид бүтээгдэхүүнээ нийлүүлж буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих