“Facebook” ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно
“Facebook” нийгмийн сүлжээ улс төрийн үйл ажиллагааны хороо байгуулснаа зарлав.
байгууллага нь тус компанийн ажилтнуудад Америкийн улс төрийн нам болон АНУ-ын муж улсын захирагч болон ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд санхүүгийн тусламж үзүүлэх боломж олгох юм. Зохих хүсэлтийг “Facebook” АНУ-ын Сонгуулийн комисст гаргасан байна. Энэ алхам нь компанийн лоббидох боломжийг бэхжүүлэх стратегид оржээ.
Улс төрийн үйл ажиллагааны хороо байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан “Facebook”-ын хийсэн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, одоо “улс төрийн үйл явцад нийгмийн сүлжээний ажилтнуудын дуу хоолой сонсогдох болно”.
Тэд компанийн “зорилгыг дэмжиж”, “АНУ-ын эдийн засагт шинэчлэл хийх”, “дэлхий ертөнцийг илүү нээлттэй бөгөөд харилцан уялдаа холбоотой болгохын” төлөө ажиллаж буй нэр дэвшигчдийг дэмжих боломжтой болж байна.
Америкийн хуулинд зааснаар, корпорациуд улс төрийн нам болон ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд санхүүгийн шууд дэмжлэг үзүүлэхийг хориглодог. Харин улс төрийн үйл ажиллагааны хороодод тийм дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрдөг ажээ.
Тийм хороодоор дамжуулан компани нэг нэр дэвшигчид 5000 хүртэл доллар эсвэл аль нэг намын үндэсний хороонд жил бүр 15 мянга хүртэл доллар өгч болдог байна. Эдгээр санг ажилтнуудын сайн дурын хандиваар бүрдүүлдэг ажээ.
Тийм хороо байгуулснаар “Facebook” улс төртэй холбоо харилцаагаа бэхжүүлж, Вашингтон дахь харилцаагаа идэвхтэй өргөжүүлж байна.
Тухайлбал, сүүлийн саруудад Вашингтоны нөлөө бүхий нэлээд хэдэн ажилтан “Facebook”-ын менежер болжээ. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч асан Билл Клинтоны хэвлэлийн нарийн бичгийн дарга байсан Жо Локхард тус компанийн Олон улсын харилцааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч болсон байна.
Мөн сард Ерөнхийлөгч асан бага Жорж Бушийн Засгийн газрын тэргүүний орлогч Жоэль Каплан тус компанийн Вашингтон дахь салбарыг тэргүүлэх болжээ.
Үүний сацуу энэ сард Барак Обамагийн хуулийн асуудал хариуцсан тусгай туслах асан Луиза Террелл тус компанийн Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах асуудал хариуцсан захирал болсон байна.
Тэрчлэн “Facebook” лоббидоход хөрөнгө мөнгө харамгүй зарцуулжээ. Тухайлбал, 2009 онд 207 мянга, 2010 онд 351 мянга, энэ оны эхний хагаст 550 мянган доллар зориулсан байна.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL:













