Эмчилгээний зориулалттай нэг ч литр эмийг төрийн мөнгөөр авах ёсгүй
2011.09.29 Мэдэгдэл хүргүүлэх тухай
1923 онд байгуулагдсан Монгол улсын биотехнологийн ууган бөгөөд одоогоор хөдөө аж ахуйн салбартаа цорын ганц үйлдвэр болох Биокомбинат ТӨААТҮГ нь Монгол улсын мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад үнэлж баршгүй ач холбогдолтой үйлдвэр билээ.
Монгол Улсын Төрийн өмчийн хороо 2010 оны 11 сарын 11-ний өдөр хууль бус шийдвэр гаргаж Цагаан залаа агвет ХХК-ы захирал Б. Баттогтох гэгчийг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар томилоод, маргааш нь тэрхүү шийдвэрээ буцаасан. Дараа нь 2011 оны 01 сард ТӨХ, ХХААХҮЯ-тай хуйвалдан Б. Баттогтохыг дахин томилох гэж оролдоод бүтэлгүйтсэн. 2011 оны 07 сарын 07-ны өдөр ТӨХ болон ХХААХҮЯ нь Б.Баттогтох, түүний хамсаатнуудтай “зөвшилцөж тохиролцсон” гэдэг үндэслэлээр гуравдахь удаагийн дайралтаараа Б. Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар томилж чадлаа.
Б. Баттогтох гэгч энэ этгээд өмнө нь Биокомбинат ТӨААТҮГ-аас вакцин үйлдвэрлэлийн технологи хулгайлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Биокомбинатаас илүү сайн вакцины үйлдвэр байгуулснаа захидлаар мэдэгдэж, 3-4 сая долларын дэмжлэг хүсч байсан хийгээд одоогоор Монгол улсад байгаа Биокомбинат ТӨААТҮГ-тай “ашиг сонирхлын зөрчил”-тэй ганц этгээд юм.
Биокомбинат ТӨААТҮГ-т шургалах түүний зорилго нь БНУУ-ын засгийн газраас олгож буй 25 сая доллараар тус үйлдвэрийг шинэчлэх ажлыг саармагжуулах, тэр хөрөнгөнөөс хувьдаа завших, хамгийн гол нь Биокомбинат ТӨААТҮГ-тай хаяа залган оршдог хувийн үйлдвэр рүүгээ Биокомбинатын үе үеийн мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрөөр, маш өндөр өртөгөөр (магадгүй олон арван тэрбумаар үнэлэгдэх) бүтээж бий болгосон вакцин үйлдвэрлэлийн нарийн технологийг хулгайлах, өмнө нь дутуу хулгайлснаа гүйцээх явдал болно.
Ийнхүү Монгол улсын мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой үйлдвэр Биокомбинатаа Б. Баттогтох нарт алдаад зогсохгүйгээр, түүнийг тус үйлдвэрийн захирлаар томилоход ихээхэн хүчин чармайлт гаргасан нөхдийн авлигыг төлөх зорилгоор Монгол Улсын нийт хүн амын хүнсний аюулгүй байдалд маш ноцтой аюул занал учруулах өндөр эрсдэлтэй заалт бүхий 192 дугаар тогтоолыг Засгийн газраар гаргуулаад байна.
Б.Баттогтохын хувийн эзэмш¬лийн «Цагаан залаа агвет» ХХК-аас гурван тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх дуураймал эм бэлдмэл худалдан авах тендерийг ХХААХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг-үржлийн газар тодорхой төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж хэрэгжүүлээд явж байна.
Энэ талаар бид өмнө нь 2011.08.29-ний өдөр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон гишүүдэд, УИХ-ын нэр бүхий гишүүдэд өргөдлөөр мэдэгдсэн болно. Нэр бүхий УИХ-ын гишүүд бидний өргөдлийг судлаж үзээд Ерөнхий сайд, ХХААХҮЯ-ны сайдад хандаж уг тогтоолын заалтаа эргэн харж үзэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ХХААХҮЯ-ны зүгээс ямар арга хэмжээ авч буй талаараа нийтэд болон бидэнд мэдэгдсэн зүйл алга. Тэрхүү 2011.06.22-ны өдрийн 192 дугаар тогтоолын 2.5-д оруулсан “Мал сүргийг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтанд бүрэн хамруулах ажлыг 2011 онд багтаан гурван удаа нэгдсэн байдлаар зохион байгуулах” гэдэг хууль бус заалтаа хэсэгчлэн хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй байна.
Энэ тогтоолын дагуу 2011 онд багтаан гурван удаа нэгдсэн байдлаар зохион байгуулах мал сүргийг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтанд бүрэн хамруулахад шаардлагатай эм бэлдмэлийг Б.Баттогтох эзэнтэй Цагаан залаа агвет ХХК-аас худалдан авах ажлыг ХХААХҮЯ-ны сайд Т. Бадамжунай болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал Эмнэлэг-Үржлийн Газар зохион байгуулаад хэрэгжүүлж байна.
Энэхүү хууль бус наймаа нь аль хэдийн эхэлчихсэн, тендерээ зарлаад, тэрхүү тендерт нь ганцхан «Цагаан залаа агвет» ХХК оролцоод, ХХААХҮЯ, Улсын мал эмнэлэг үржлийн газраас тендерийн босго үнийг нь хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая таван зуун мянгаар (2.684.500.000) тогтоож өгөөд, «Цагаан залаа агвет» ХХК-аас хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая арван зургаан мянган (2.684.016.000) төгрөгний үнийн санал ирүүлээд, одоо гэрээгээ байгуулаад худалдаж авах шатандаа явж байгаа мэдээлэл бий. Одоо мал амьтны шимэгч хорхойгоор үүсгэгддэг өвчнүүдийн гаралт тохиолддог улирал аль хэдийн өнгөрсөн байхад улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөгний ямар ч үр ашиггүй зардал гаргаж буй нь зөвхөн Б.Баттогтох болон түүний төрсөн ах ХААИС-ийн захирал Б.Бямбаа нарын авлигын нөлөөллөөр тэдний хувийн «Цагаан залаа агвет» ХХК-аар дамжуулан “мөнгө угаах” сүлжээг Т.Бадамжунай нар гардан ажиллуулж буй хэрэг болно.
Засгийн газрын 2011.06.22-ны өдрийн 192 дугаар тогтоол дахь хууль бус 2.5-заалтын хэсэг болон Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын хууль бус томилгоо нь хоорондоо нягт уялдаа холбоотой болох нь илэрхий байгаа юм.
2011 оны нэгдүгээр сараас хойш бүтэн 6 сар гаруйн турш Б. Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар томилох гэж Төрийн өмчийн хороо удаа дараа хандах үед нь дэмжих боломжгүйгээ илэрхийлж байсан ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай нь Засгийн газрын 2011.06.22-ны өдрийн 192 дугаар тогтоолд хууль бус заалтаа оруулж батлуулан гаргасан даруйдаа буюу 2011 оны 07 сарын 05-ны өдөр Цагаан залаа агвет ХХК-ны захирал Б.Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар ажиллах боломжтой гэж “гэнэт ухааран” 1/2100 тоот дэмжих бичиг хийж өгсөн.
Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай Монгол улсын хуулинд (15.1.3. малын цусны шимэгчээр үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэхэд хэрэглэх эмийн үнэ;) мал амьтны паразит буюу шимэгч хорхойгоор үүсгэгддэг өвчнөөс сэргийлэх зардлыг төрөөс хариуцахаар заасан байдаг.
Гэтэл одоо Цагаан залаа агвет ХХК-аас худалдаж авах гэж буй Авермонмек нэртэй дуураймал, хуурамч эм нь мал амьтны паразит буюу шимэгч хорхойгоор үүсгэгддэг өвчнийг эмчлэх зориулалттай болно.
Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай Монгол улсын хуулинд “3.1.6. “урьдчилан сэргийлэх” гэж мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах, гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагааг;” хэлнэ гэж заасан байгаа.
Энэ үйлдэл нь мэдээж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай” Монгол улсын хуулийн тодорхой заалтуудыг ч ноцтой зөрчиж буй нь илэрхий.
Одоогийн байдлаар Монгол улсын мал сүргийн дунд тийм их өргөн хүрээний тархалттай ямар нэгэн паразит буюу шимэгч хорхойгоор үүсгэгддэг өвчин байхгүй. Энэ талаар албан ёсоор баталгаажсан ямар нэгэн судалгаа болон мэдээлэл ч байхгүй.
Ийм байхад манай улсын бүх мал сүргийг 2011 онд багтаан гурван удаа 1%-ийн ивермектин агуулсан тариагаар тарих хэрэгцээ шаардлага огтхон ч байхгүй. Эрүүл мал сүргээ ингэж Ивомек мэтийн хортой тариагаар тарих нь мал сүргээ эрүүлжүүлэх бус хордуулж буй хэрэг юм. Ингэснээр малчдын малын гаралтай мах, сүүгээ зах зээлд борлуулах боломжийг нь бүрэн хааж байгаа төдийгүй иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангах бус харин ч эсрэгээрээ алдагдуулж буй үйлдэл болж байна.
Манай орны мал сүргийн дунд паразит буюу шимэгч хорхойгоор үүсгэгддэг өвчний гаралт тодорхой хэмжээгээр байсан ч гэлээ түүнийг нь эмчлэхэд шаардлагатай Ивомек, туулгалтын бэлдмэл зэрэг эмийн үнийг Монгол улсын төр засгаас төлж өгөх ямар нэгэн хуулийн зүйл заалт байхгүй.
Иймээс Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай Монгол улсын хууль болон бусад хууль, эрх зүйн актын дагуу эмчилгээний зориулалттай нэг ч литр эмийг Төрийн буюу төсвийн мөнгөөр худалдаж авах ёсгүй.
Монгол улсын төр засаг мал амьтны ямар нэгэн халдварт, халдваргүй, шимэгч хорхойтох өвчинг эмчлэхэд шаардлагатай эмийн үнийг төлөхөд зориулж татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг зарцуулах эрхгүй. Өмнө нь гаргаж байсан болон одоогийн алдаа дутагдлаа давтахгүйгээр засаж залруулаад түүнийгээ цаашид байнгын дадал болгож хэвшүүлэх нь зүйтэй.
Саяхан 2011.09.16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 1000 гаруй малын эмч, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн нэртэй ядмаг зохион байгуулалттай арга хэмжээний үеэр орон нутагт ажиллаж буй малын эмч мэргэжилтнүүд нь Цагаан залаа агвет ХХК-д үйлдвэрлэдэг чанар муутай Авермонмек нэртэй дуураймал, хуурамч эмийг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авч үнэгүй тараагаад, дээрээс нь уг эмийг тарих үйлчилгээний хөлсийг мөн улсын төсвөөс гаргаж байгаа нь манай улсын мал эмнэлгийн тогтолцоонд хэвшиж бий болж байсан малын эмч-малчин хоорондын үйлчлэгч-үйлчлүүлэгчийн харилцааг алдагдуулан гажуудуулж буй үйлдэл гэдгийг хурцаар шүүмжилж байсан.
Харамсалтай нь, Ерөнхий сайд С. Батболд орон нутагт ажиллаж буй малын эмч мэргэжилтнүүдийнхээ үг, дуу хоолойг сонсохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд 2-3 мэргэжилтний шүүмжлэл, санал бодлыг сонсоод гараад явчихсан. ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай ч ялгаагүй тиймэрхүү хандлагатай байсан болно.
Энэхүү тогтоолын хүрээнд худалдаж авах Цагаан залаа агвет ХХК-д үйлдвэрлэдэг Авермонмек тариаг 1%-ийн ивермектин агуулсан байдлаар үйлдвэрлэвэл малд тарьж хэрэглэсний дараа 28 хоногийн турш тухайн малын гаралтай мах, сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглодог заалттай. Гэтэл Монгол улсын бүх малыг 2011 онд багтаан 3 удаа, үлдсэн гуравхан сарын хугацаанд бүрэн хамруулж толгой дараалан 1%-ийн ивермектин агуулсан Авермонмек тариагаар тарьчихаар манай улсын нийт хүн ам ямар мах, сүүг хүнсэндээ хэрэглэх болж байна аа.???!!! Энэ бол маш ноцтой аюул.!!!
Ийнхүү Үндэсний ганц Биотехнологийн үйлдвэрээ Б. Баттогтох нарын гэмт этгээдүүдэд алдахын зэрэгцээ түүнийг захирлаар томилуулагчдад өгөх авлигалын золиосонд нийт Монгол үндэстний хүнсний аюулгүй байдал ч бас алдагдахад хүрээд байна.
Бидний өргөдөл, гомдолд дурдсан асуудлуудыг хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий Засгийн газар, салбарын яам, агентлаг, байгууллагын удирдлагуудад олон удаа бичгээр хандсан боловч хууль зөрчсөн үйлдлүүдээ засаж залруулах талаар ямар нэгэн алхам хийхийг хүсэхгүй байгаа бөгөөд харин ч эрх мэдлээрээ далайлган энэхүү хууль бус үйл ажиллагааг нь илрүүлж, засаж залруулах санал санаачлага гаргасан хүмүүсийг ил, далдуур дарамтлуулах оролдлогоо үргэлжлүүлсээр байна.
Иймээс бид аргагүйн эрхэнд Монгол улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон гишүүд, УИХ-ын гишүүдэд сонордуулга, мэдэгдэл, өргөдөл, ил захидал хэлбэрээр дахин дахин хандсаар байгаа болно.
Манай Улсын үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлыг томилсон энэхүү хууль, журмыг уландаа гишгэсэн, хэтэрхий шударга бус шийдвэрийг анхааралдаа авч судлаж үзээд, түүний аюултай бөгөөд хортой үр дагаваруудыг Монгол Улсын үндэсний аюул¬гүй байдалд хор хохирол учруулахгүйгээр шийдвэрлүүлэх, төр засгийн нэр барьсан энэ увайгүй дээрмийн шинжтэй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авч өгнө үү.
Мэдэгдэл гаргасан:
Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, ерөнхий технологич Ц.Өлзийтогтох
Чанарын Хяналт Шинжилгээний лабораторийн эрхлэгч Ж. Ганбат
Вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч С.Батхуяг
Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч Б. Дагважамц
Вакцин үйлдвэрлэлийн 1 цехийн эрхлэгч М.Хашбилэг
Судалгаа хөгжлийн лабораторийн эрхлэгч Б.Энхбаатар
Вакцин үйлдвэрлэлийн 2 цехийн эрхлэгч Б.Баяртогтох
Тэжээлт орчин үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч С.Туяа
Оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн цехийн эрхлэгч Т.Хунцэцэг
Борлуулалтын цехийн эрхлэгч С. Наранцацрал
Хөлдөөлт- Хатаалтын цехийн эрхлэгч Ц.Нямжаргал
URL:








