Зөвшөөрлийг нь авч чадахгүй бол худалдаад ав
- Техник технологийн коллежийн оюутнууд газрын төлөө жагслаа -
Манай улсад маргаангүй, хүнд суртал, хэл ам дагуулж чих халууцуулдаггүй салбар байхгүй болжээ. Байсгээд л хэнийх нь эзэмшил болох нь мэдэгдэхгүй газар өмчлөлийн асуудал сөхөгддөг боллоо.
Нийтийн эзэмшил, явган хүний зам талбай, дулаан болон бохир усны шугам дээгүүр, үйлчилгээний газруудын хаалга цонхыг таглах гэх мэт хууль гэхээсээ ёс суртахууны доголдлыг өөхшүүлсэн салбарын нэг нь газрын алба байна.
Өнгөрөгч баасан гаригийн өдөр Баянгол дүүргийн V хорооны нутаг дахь Техник технологийн коллежийн оюутнууд жагсаал хийж байна гэсэн мэдээллийн дагуу очлоо. Мөнгө, эрх мэдэл, танил талтайд нь хотын А зэрэглэлийн бүсэд алга дарам газрыг ч ахиухан мөнгө атгуулаад авч болдог газар олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мөнгөгүй, жирийн иргэд хэлж байна.
Мэдээж овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ дээ. Газар эзэмших эрхийг нь өгөөгүй бол хаанаас энэ мэт маргаан үүсэх билээ. Үүний цаад эзэн нь хэн бэ гэсэн асуулт давхар яригдана. Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт даргын зөвшөөрлөөр газар эзэмшиж байгаагаа тэд хэлсэн. Зөвшөөрөл нь энэ байна. Улаанбаатарын хаанаас ч төв болон явган хүний замаас 50 метрийн хол зайд байшин барьж байгаа жишээ байхгүйг “хууль бус” газар эзэмшигчид хэлнэ билээ. Тэд л хэлж байгаа болохоос үнэн л дээ. Явган хүний зам дээр ч гэсэн үйлчилгээний төв барьж болно гэдгийг ч тэд хэлсэн. Бас л үнэн. Учир нь газрын төлөө маргаан дэгдээгчид ихэвчлэн нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн өмчлөл болгох, хүний орж гарах гарц орцыг хааж хайс, хашаа тойруулсан, түүнээ ухаж сэндийчсэн байдаг.
3000 оюутан, багш, захирал, 5-6 үйлчилгээний төвийн захирал ажилтнууд эсэргүүцсэн уг маргаан ч мөн ийм л байдлаас үүдэлтэй ажээ. Газрыг тойруулан төмөр хайс тойруулжээ. Сургуулийн удирдлага, багш, оюутнууд эсэргүүцлээ илэрхийлэн цахилгаан хөрөөгөөр хашааг салгаж хураасан нь тухайн газрыг хамгаалж байгаа “Их черби” хамгаалалтын албаны харуулыг нэлээд сандаргав. Тус сургуулийн автозам инженерийн тэнхимийн оюутнуудын санаачлагаар хатуу хучилттай зам болгон засаж тэр хавийн үйлчилгээний газрууд машины зогсоол болгож ашигладаг 560 шоо метр тэрхүү талбайд үйлчилгээний газар барина гэдгийг нөгөө тал хэллээ.
Угтаа бол төв зам болон явган хүний зорчих хэсгээс 50 метрийн дотор барилга байшин барих журамгүйг газар олгогчид мэддэг баймаар. Ямар нэгэн компани биш Ж.Эрдэмбилэг гэх иргэн хүний нэр зөвшөөрөл нь байгаа гэх маргааны гол эзэд “2008 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ газар бидний өмч болон олгогдсон. Энэ сургууль үнэхээр энэ газрыг авах гээд байгаа бол биднээс худалдаад ав” гэв.
Газар дамлан наймаалах далд бизнес ил явагдаж байгаа нь энэ буюу. Машинтай бүү хэл явган хүн ч явах газаргүй болсон тус хэсэгт барилга байшин тойрч явах хүндхэн ирээдүй оюутнуудыг төдийгүй иргэдийг угтаж байна.
М.Мөнхтунгалаг
URL:













