“Time” сэтгүүл “Оны хүн”-ээр Ж.Ассанжийг тодруулах бололтой

Дээрх мэдээллийг “Drudge Report” сонины сайтад нийтэлжээ. Гэхдээ албан ёсоор энэ сарын 15-нд зарлах аж.

Одоогийн байдлаар, тус сэтгүүлийн уншигчдын дунд санал асуулга явуулж байна. Санал асуулгад 314 мянган хүн Ж.Ассанжийг “Оны хүн”-ээр тодруулах нь зүйтэй гэж үзжээ. Түүний дараа 100 мянгаар бага саналыг Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоган авсан бол дуучин Лэди Гага гуравдугаар байранд удаалж байна. “Time” сэтгүүл улирч буй оны томоохон үйл явдалд голлох үүрэг гүйцэтгэсэн хүнийг “Оны хүн”-ээр шалгаруулдаг уламжлалтай. Тухайлбал, 2009 оны “Оны хүн”-ээр АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Бэн Бернанке, 2008 онд Барак Обама, 2007 онд ОХУ-ын экс Ерөнхийлөгч В.Путин нар тус тус тодорч байжээ. Онцолж хэлэхэд, тус сэтгүүл заавал эерэг талын “баатар”-ыг сонгодоггүй аж. Тийм учраас тус сэтгүүлийн нүүрэнд Адольф Гитлер, Иосиф Сталин нар ч гарч байсан юм байна.

Германд “Wikileaks”-ын тухай ном гарна

Уг сайтад ажиллаж байсан Германы иргэн Даниэль Домшайт-Берг ирэх сарын 27-нд “Wikileaks” доторх үйл ажиллагаа. Дэлхийн хамгийн аюултай сайтад ажилласан цаг хугацаа минь” нэртэй номоо гаргахаар болжээ. Номын танилцуулгад бичсэнээр, уншигчид “Wikileaks”-ын цөмд нь нэвтрэн орж, хэний ч сонсч байгаагүй түүхүүдийг мэдэх болно гэнэ.

Домшайт-Берг өнгөрөгч есдүгээр сард Ж.Ассанжтай ам мурийснаас болж ажлаасаа гарсан нэгэн аж. Ж.Ассанж Ирак, Афганистан дахь зэвсэгт мөргөөлдөөн мэтийн томоохон асуудалд анхаарлаа хэт хандуулан бусад орныг орхигдуулдаг нь түүнд таалагдаагүй гэнэ. Тиймээс энэ ажлаа орхихдоо хувьдаа Германы “Wikileaks” байгуулна гэдгээ мэдэгджээ. Энэ үеэр Исландын оюутан Герберт Сноррасон ч мөн “Wikileaks”-ын хувилбарыг хийхээр зэхээд байсан аж. Тэрбээр мөн л Ж.Ассанжтай муудалцан “Wikileaks”-ыг орхисон нэгэн юм байна.

Ж.Ассанжийн хүү хэргийг улстөржүүлэхгүй байхыг шаардлаа

Даниэль Ассанж эцгийнх нь хэргийг шударга бөгөөд улстөржүүлэлгүй шийдэхийг шаардсан мэдэгдлээ “somnidea” нэрээр хөтөлдөг “Twitter” дэх блогтоо байршуулжээ.  Тэрбээр англичүүд эцгийг нь АНУ-д шилжүүлэхийн тулд баривчилаагүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Эцгийгээ олон жил хараагүй бөгөөд “нэгэнт” баривчилагдсан түүний хэргийг шударга шийдүүлэхийн төлөө ажиллах шаардлага тулгарлаа хэмээн мэдэгдэлдээ дурьдсан байна.

Ассанжийг Нобелийн шагналд дэвшүүлэх нь зүйтэй гэнэ

Кремльд ажилладаг, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм “РИА-Новости” агентлагийн сурвалжлагчид Ж.Ассанжийг Нобелийн шагналд дэвшүүлэх талаар олон нийтийн байгууллагууд бодолцож үзэхийг санал болгожээ. Түүний бодлоор, энэ алхам нь Ассанжид тулгараад буй өнөөгийн нөхцөлд том тус хүргэх аж. Энэ эрхэм Нобелийн “Энх тайвны шагнал”-ын талаар хэлсэн бололтой. Учир нь Ж.Ассанж шинжлэх ухааны аль ч салбарт ямар нэгэн бүтээлээрээ танигдаагүй нэгэн. Нобелийн шагналын сангийн дүрэмд зааснаар, дээрх шагналд Норвегийн Нобелийн шагналын хороо, орон бүрийн Засгийн газар, парламент, Гаага дахь Олон улсын хөндлөнгийн шүүх, үе үеийн Нобелийн энх тайвны шагналыг хүртэгсэд болон улс төр, хууль эрх зүй, түүх философийн профессорууд нэр дэвшигчийг санал болгох эрхтэй байдаг аж.

orloo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих