DMIT компани гэрээний үүргээ биелүүлээгүйгээс жолооны үнэмлэх хэвлэх ажил саатав

Жолооны үнэмлэх дахиад л хэвлэгдэхгүй болжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос хойш үнэмлэх хэвлэгдэхгүй байснаа хэдхэн хоногийн өмнө цөөн хэдийг хэвлэж эхэлсэн юм. Гэтэл энэ долоо хоногийн эхнээс дахиад гацчихав. Учрыг ЗЦГ-ынхнаас лавлахад “Үнэмлэхийн бэлдэц нийлүүлдэг компани бараа материалаа хугацаанд нь нийлүүлж чадаагүйгээс үйл ажиллагаа доголдсон” гэлээ.

Бидний авсан мэдээллээр Замын цагдаагийн газрынхан DMIT гэх компанитай 2007 оноос гэрээ байгуулан үнэмлэхийн бэлдэц нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тус компани нь жолоочийн үнэмлэх хэвлэх принтер, принтерийн хор, дагалдах хэрэгсэл, үнэмлэх хэвлэх карт, жолооны үнэмлэх шалгадаг төхөөрөмж зэргийг нь нийлүүлдэг аж.

Өнгөрсөн наймдугаар сард үнэмлэх хэвлэх бэлдэц дуусаж, тус компани 25 мянган бэлдэц нийлүүлсэн байна. Гэвч тэдгээр бэлдэцийн нууцлалын бүрхэвчийг дутуу нийлүүлснээс 3000 гаруй үнэмлэх хэвлээд дахин зогсоод байгаа аж. ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтэст одоогоор 10 мянга гаруй жолоочийн үнэмлэх хэвлэгдээгүй хүлээлттэй байгаа гэнэ.

Үнэмлэх хэвлэх ажил удааширч, хүлээгдэж байгаа талаар ЗЦГ-аас DMIT компанид удаа дараа шаардлага хүргүүлж байгаа боловч нууцлалын бүрхэвчийг хэзээ нийлүүлэх нь тодорхойгүй байна.

Энэ он гарсаар хоёр ч удаа бэлдэц материал, принтер төхөөрөмжийн үйл ажиллагаа тасалдсан байгаа юм. Найдваргүй, үнэмлэхийн бэлдэц, принтерийн хор зэрэг зүйлээ цаг хугацаанд нь нийлүүлэхгүй байгаа DMIT компанитай байгуулсан гэрээгээ ЗЦГ-ын холбогдох албаныхан цуцалж, иргэдийг болон төрийн ажлыг гацаахгүй явуулдаг байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй юм биш үү.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих