Төсвийн хөрөнгөөр тансагладаг Б.Бадраа УИХ-ын гишүүн байх нь хэр оновчтой вэ
Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа юм байна. Түүнийг 2012 онд төсвөөс дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэж Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй.
Түүнийг Өмнөговь аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа гулгуулсан гэх баримт уг нь АТГ-д очсон юм билээ.
Гэтэл уснаас хуурай гарч чадсан. Хамгийн сонирхолтой нь тэрбээр цалингаараа амьдардаг гэдэг боловч өндөр үнэтэй 7 автомашин, тэрбумаар үнэлэгдэх хэд дэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд жуулчны бааз ресторан хүртэл худалдан авсан байдаг юм.
Арга ч үгүй биз тэрбээр Монголын хамгийн их алт эрдэнэсийн нөөцтэй, сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалтаар чамгүй олон уурхай идэвхтэй ажилласан баялагаас албан тушаалынхаа буянаар хувь хүртэж чаддаг байх. Сүүлийн найман жил Өмнөговь аймгийн засаг даргаар ажиллаж, монголын баялагт бараг эзэн суусан хүн дээ.
Эдийн засаг хямралтай байхад буюу өнгөрсөн 2015 онд гэхэд л Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Өмнөговьт ажлын айлчлал хийх үеэр нь хүндэтгэл үзүүлж 16 сая төгрөг зарцуулсан байдаг.
Ядарсан ард түмнээ эдийн засаг хямрал нэрээр голыг нь тасартал бүсийг нь чангалчихаад өөрсдөө 16 саяаар нь наргиж, цэнгэж явдаг, нэг нь ингэж цэнгүүлдэг сайхан хүмүүс. Бадраа даргын ингэж тансаглуулсаны цаад санаа нь ирэх сонгуульд нэр дэвшихтэй холбоотой байжээ. Гэхдээ түүний өөрийнхөө ирээдүйг бодож Ч.Сайханбилэгт өгсөн мөнө нь татвар төлөгчдийн мөнгө байгаа нь л гомдолтой юм. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ мэт тансагладаг, Монголын баялагт эзэн суусан Б.Бадраа УИХ-ын гишүүнээр сонгогдох нь хэр оновчтой байх бол.

Н.Чимэг
dorgio.mn
URL:












