Дэлхийн дахинд халдварт саа өвчнийг устгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

1363c26a-300a-4b51-9f44-82621f4f856bПолиовирүсээр үүсгэгддэг халдварт саа өвчнөөр дэлхий дахинд хэдэн мянган хүүхэд, том хүн өвчилж, насан туршдаа бие эрхтний согогтой болсон бөгөөд 1950 онд Полиовирүсийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин (IPV), 1960 онд Полиовирүсийн эсрэг уудаг амьд вакцин (OPV) гарснаар халдварт саа өвчнийг устгах, хүн амыг энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн билээ.

1.jpg

1988 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 41-р чуулганаар “Дэлхий дахинд полиомиелит буюу халдварт саа өвчнийг устгах” зорилт дэвшүүлэн полиовирүсийн зэрлэг омгийн эргэлтийг зогсоох, бага насны хүүхдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах, дархлаа тогтцын түвшинг тодорхойлох, цочмог сул саажилт бүхий өвчлөлд хяналт тавих, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг олон ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлснээр Америк (1994), Номхон далайн баруун эрэг (2000), Европ (2002) – ын бүс нутгууд полио – чөлөөт бүс болсон.

2013 оноос тус хөтөлбөр төгсгөлийн шатандаа ороод байгаа бөгөөд 1999 оноос хойш зэрлэг омгийн 2-р хэвшинжийн полиовирүсээр үүсгэгдсэн халдварт саа өвчин, цочмог сул саажилтын тохиолдол бүртгэгдээгүй тул 2013–2018 оны стратеги төлөвлөгөөний дагуу дэлхий дахинаа полиовирүсийн зэрлэг болон вакцины омгийн 2-р хэвшинжийн вирүсийг устгах ажлыг эхэлсэн.

4+.jpg

Манай улсад зэрлэг омгийн полиовирүсээр үүсгэгдсэн халдварт саа өвчний тохиолдол 1996 оноос бүртгэгдээгүй тул ДЭМБ-аас Монгол улсад “Полио чөлөөт орон” гэрчилгээг 2000 оны 10 дугаар сард авсан. Эрүүл мэндийн сайдын 2001 оны 201 дугаар тушаалаар батлагдсан “Цочмог сул саажилтын тандалт”-ын журмын дагуу 0-15 насны хүүхдийн дунд цочмог сул саажилтын тандалт судалгааг лабораториор баталгаажуулан амжилттай явуулж, дархлаажуулалтын хамралтыг 95-аас дээш хувьд хүргэсэн байна.

3.jpg

Дэлхий дахинд халдварт саа өвчнийг тодорхой үе шаттайгаар устгаж байгаа энэ үед манай оронд дараах үйл ажиллагааг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байна. Үүнд:

-  Полиовирүсийг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлж эхлээд байна.

-  Халдварт саагийн эсрэг уудаг амьд вакцинаас полиовирүсийн 2-р хэвшинжийн вирүсийн омгийг хасах буюу халдварт саагийн эсрэг гурван цэнт вакцинаас хоёр цэнт вакцин луу шилжих үйл ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 27-нд орон даяар хэрэгжүүлж, амжилттай гүйцэтгэлээ. 2016 оны 6 сараас эхлэн халдварт саагийн эсрэг 2 цэнт вакцин болон идэвхгүйжүүлсэн вакциныг хослуулан хэрэглэх болно.

-  Судалгаа, шинжилгээ, эмнэлгийн клиник лабораториудад хадгалагдаж буй зэрлэг болон вакцины (Сабины) омгийн 2-р хэвшинжийн полиовирүсийн омог, түүнийг агуулсан халдвартай болон халдвартай байж болзошгүй материалууд, шинжлэгдэхүүнийг устгах ажлууд хийгдэж байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Полиомиелитын үндэсний лабораторид хадгалагдаж байсан Сабины омгийн P2 хэвшинжийн полиовирүсийн стандарт омог болон халдвартай ба халдвар агуулж болзошгүй бүх төрлийн сорьц, шинжлэгдэхүүнийг устгах ажлыг 2016 оны 05 дугаар сарын 03 өдрөөс 30-ны хооронд гүйцэтгэлээ.

Тус хүрээлэнгийн Полиомиелитын үндэсний лаборатори нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс, түүний сүлжээ лабораториуд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар,  ЭМСЯ, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албатай нягт хамтран ажилладаг бөгөөд Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн Цочмог сул саажилт болон 0-15 насны эрүүл хүүхдүүдийн дунд лабораторийн тандалт судалгаа явуулах, мэдээлэх, Полиовирүсийн хэвшинжийг ялган дүйх молекул биологийн лабораторийг байгуулах, итгэмжлүүлэх ажлуудыг гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна.

7.jpg

 

Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хүн амын генетик, биотехнологи үйлдвэр судалгааны төв

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих