Украины тусгайгийнхан Савченког хөнөөх гэж байсан нь илэрлээ
Путины өршөөсөн Надежда Савченко өчигдөрхөн Украины бэлгэ тэмдэг, бараг л ирээдүйн Ерөнхийлөгч гэгдэж байсан. Гэтэл одоо түүнийг Украины тусгайгийнхан хөнөөхөөр төлөвлөж байсан нь илэрчээ.
Ийм аллага болохоос урьдчилсан сэргийлж, улмаар анх нийтэд мэдэгдсэн хүн бол Донецкийн БН улсын тэргүүн Александр Захарченко (зургийг доор үзүүлэв). Украинаас салан тусгаарлахаа зарласан Донбассын эрх баригчдын нэг Захарченко “Украины депутат Надежда Савченкогийн амь насанд Киевийн тусгай албад халдах гэж байгааг бид олж мэдсэн. Тэд энэ аллагыг хил орчмын газарт үйлдээд бидэнд тохож буруутгах гэж төлөвлөсөн байлаа. Иймээс бид хэвлэлийнхнээр дамжуулан Савченкод өөрт нь мэдэгдсэн” гэж телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр ярилаа.
Тэдний дамжуулсан мэдээлэл Савченкод хүрсэн бололтой, депутат бүсгүй Донбасст буюу дайн дажинтай нутагт ирсэн ч Изюмаас цааш явахаас татгалзсан ажээ. Тусгайгийнхан ч бас энэ талаар олж мэдэн хөнөөх ажиллагаагаа хойшлуулсан гэнэ.
Аллагыг хэн гүйцэтгэх нь ил болсон ч одоогоор захиалагч нь нууц хэвээр үлдлээ. Яагаад энэ бүсгүйг өөрсдийнхөн нь алахаар төлөвлөсөн нь тодорхойгүй. Савченко одоо Ерөнхийлөгчөөсөө ч илүү нэр хүндтэй болсон нь нөлөөлсөн байж мэднэ. Эсвэл Савченкогийн хийсэн мэдэгдэлээс болсон уу? “Салан тусгаарлахаа зарласан Донбасстай хэлэлцээр хийхэд би бэлэн” гэж Савченко мэдэгдсэн билээ.
Савченкогийн энэ мэдэгдэл украинчуудыг шоконд оруулсан. Яагаад гэвэл, Донбассыг ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрч гэрээ хийж эхлэх л юм бол Украин улс задарч бутрах нь бараг тодорхой. Хэт үндсэрхэг, бараг л фашист украинчуудын хувьд Савченко ганцхан хормын дотор шүтээнээс дайсан болж хувирсан. Харин Украины Сайд нарын танхимын төлөөлөгч Георгий Тука “Улстөрийн буруу мэдэгдэл хийлээ. Ер нь Савченкогийн үгийг тоох хэрэггүй. Тэр одоо амрах хэрэгтэй, хэсэг хугацаанд зүгээр л хүн шиг амарч, түүний байгаагүй энэ 2 жилд өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицвол таарна” гэжээ.
Сонирхуулахад, Украины үндсэрхэг үзэлтнүүдийн ”Айдар” батальоны байлдагч Савченко Орост хоригдож байх хугацаандаа 1 сая гаруй рублийн ашиг орлого олжээ. Шоронд байхдаа депутат болж, бүр Баатрын алтан хошуугаар шагнуулсан бүсгүй бас өргөст торны цаана байхдаа баяжсан гэнэ. Оросын сэтгүүлчдийг хөнөөсөн хэргээр шүүгдсэн Савченко 2015 онд 406,825 мянган гривен (1,1 сая рубль) орлого олсон гэсэн мэдээ Украины парламентын сайт дээр тавигдсан байна. Энэ мөнгөний хагасыг Савченко ном бичиж олсон гэнэ, үлдсэн нь бэлэг, шагнал, сугалааны хожил юм байх.
М.Цогзолмаа, www.mnews.mn

URL:







