“Наалдан пад” Н.Энхбаяр, Д.Бямба-Очир нар “ховхрон пад” болсон нь
Дагвашадавын Бямба-Очир. Энэ хүн Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1960 онд төрсөн. 1983 онд Политехникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр дүүргээд дэд доктор болтлоо эрдмийн ажил хөөцөлдсөн нэгэн. Түүний 1999 онд хамгаалсан дэд докторын ажил нь “Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд дулаан хангамжийг боловсронгуй болгох” гэсэн сэдэвтэй байв. 1983 оноос “Улаанбаатар дулааны сүлжээ”-нд тооцооны инженер, ахлах инженер, хэлтсийн дарга хийж байсан тэрээр 1996 оноос Ерөнхий инженерээр ажиллаж эхэлсэн юм. 2004 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяраас Төрийн соёрхол хүртээд ердөө хэдхэн сарын дараа буюу 2005 онд “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ний гүйцэтгэх захирлын сэнтийд заларсан түүхтэй. Ийм нэгэн даргын элдэв явдлыг бичдэг сэтгүүлч сайн муугаараа хангалттай дуудуулдаг. Яагаад гэвэл энэ нийтлэлийн гол баатар нь хийсэн бүтээсэн ихтэй, хэлж ярих юмтай, харуулах одон медаль энгэртээ гялалзуулсан этгээд л дээ. Гэвч өчнөөн их юм хийлээ, зөндөө одонгийн туузтай гээд алдаа нь хүнийг авардаггүй. Ямар ч сайхан шударга дүр эсгээд эсгээд Намбарын Энхбаяраас “Авлигын загалмайлсан эцэг” нэр нь арилахгүй шиг Дагвашадавын Бямба-Очироос дулааны шугам сүлжээнд гучаад жил бугшихдаа хийсэн булхайнууд нь зайлах аргагүй үнэн юм.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-д ерөнхий инженер байхдаа л “Техникийн нөхцөл”-д зурдаг гарын үсгийнхээ хар бэхний амтанд гүн орсон тэрээр захирал болмогцоо ярилцлага өгсөн байдаг. Түүний ярилцлаганаас “Захирал болж байгаа минь хүнтэй ажиллах, борлуулалт хийх талдаа илүү анхаарах хэрэгтэй болж байна” гэсэн үг анхаарал татдаг. Тухайн үедээ энэ үгийг нь “Хүмүүсийг дарамтлах, юм салгах, өөрийн бизнесээ бусдад шахахдаа илүү нээлттэй болж байна” гэж орчуулж уншиж чадах хүн байгаагүй л биз. Харин өнөөдрийн өнцгөөс харвал ингэж орчуулахаас аргагүй.
Энэ этгээдийн улстөрийн сонголт, үзэл баримтлал нь ойлгомжгүй. Анх ерөнхий инженерээр ажиллаж байхдаа тухайн үедээ барилгаар нэлээд “занималдаж” байсан “Эрэл”-ийн Эрдэнэбатыг МАШСН гэгчийг байгуулахад тус намын нийслэлийн даргаар ажиллаж энэ үедээ дулааны инженерүүдийг ташраар нь намдаа элсүүлж байв. Их өр тэглэгдэж, Н.Энхбаяр бөөн тэврэлдээн үүсгэж байх үеэр мань эр нэг тэврэлдээнд нь өртөж хундага тулгамагцаа шууд маргааш нь л “Эрэл”-ийн намыг хаяж, МАХН-ыг “хоёр дахь эхнэр”-ээ болгосон. Олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон 4 дүгээр цахилгаан станцаас гарч буй дулааны хоолойн диаметрийг томсгосон ажлын нэрийг дангаараа зүүж Н.Энхбаяр хэмээх ивээгчээсээ төрийн соёрхол хүртэж байсан. Энэ үеэс Н.Энхбаяр Д.Бямба-Очир нар “наалдан пад” болсон билээ. Түүнийг Н.Энхбаяртай “наалдан пад” болсныхоо ачаар арайхийж “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн захирал болоход нь “өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг “Эрэл”-ийн Эрдэнэбат салбарынх нь сайд болж таарав. Албан тушаалдаа ая эвийг нь олж үлдэх арга саамыг мань эр газар дээр нь сэтгээд Эрчим хүчний сайд Д.Эрдэнэбаттай цагаан сараар очиж золгохдоо харьяа газар, агентлагийн дарга нараас цор ганцаархнаа хадаг, мөнгөн аяга барьсан байсан юм. Энэ үед Д.Эрдэнэбат сайдыг мөнгөн аяганд хууртсан гэж хараахан гүтгэж бас болохгүй л дээ. Тэрээр сайд байхдаа Д.Бямба-Очирыг халах гэж нэг бус удаа оролдсон ч дэд сайд Т.Энхтайван, ТӨХ-ны Тамгын дарга асан н.Батмөнх нар хамгаалсаар суудалд нь торгоож байсан. Ингэж хамгаалсныхаа шанг ч мань хоёр хүртэж Дани улс руу Д.Бямба-Очирын “шагналаар” 2 сар орчим явж зугаалсан удаатай. Батмөнх агсан нь Д.Сугар даргыг Өвөрхангайд сонгуульд өрсөлдөж байхад менежерээр нь ажиллаж байсан ойрын хүн учраас Д.Бямба-Очирыг тухайн үед суудалдаа үлдэхэд нь онцгой нөлөөлж чадсан гэдэг. Т.Энхтайван, н.Батмөнх нарын нөхөрлөлийг Д.Бямба-Очир Дани руу зугаалуулснаар зузаатгаж, тэдний энэ нөхөрлөл харин Дани улсаас ирснээс нь 6 хоногийн дараа Т.Энхтайваны Налайх орчим байдаг морины жүчээг үзэх гэж яваад н.Батмөнх агсан осолдож нас барснаар эмгэнэлтэй төгссөнийг хүмүүс мэднэ.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Бямба-Очир Улаанбаатар хотын сонгуулийн орон нутгийн хороонд орж ажиллаж Н.Энхбаярт хүчээ зориулж байсан ч “наалдан пад” болсон Н.Энхбаяр нь сонгуульд годройтож энэ цаг үеэс мань хоёрын “наалдан пад” харьцаа “ховхрон пад” болж хувирсан. Өөрт ашигтай, хэрэгтэй гэж үзсэн хүнтэйгээ ямар ч аргаар хамаагүй амархан наалдаж чаддаг, хэрэггүй хүнээсээ бас амархан “ховхорч” чаддаг ийм нэг хүн нийслэлд барилга баригдахын тоолонгоор алгаа үрчиж, арааныхаа шүлсийг залгиж суусаар олон жилийг үдлээ.
mass
URL:













