Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жагслаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооноос “Монголын эгэл жирийн баатруудын дуу хоолойг сонордуулъя” уриатай тайван жагсаалыг өчигдөр зохион байгууллаа.
Энэ жагсаал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой юм.
Жагсаалд Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Эцэг эхийн холбооны тэргүүн С.Сэлэнгэ, сайн дурын мэргэжилтэн Дебра Мак Даниэл, зохицуулагч Д.Цэрмаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл, эцэг эхчүүдийн хамт оролцлоо.
Энэ үеэр ХБХЭЭХ-ны тэргүүн С.Сэлэнгэ “Өнөөдөр олон хүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гажиг мэт үзэж зайгаа барьж, гадуурхаж байна. Тэд хүүхдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгааг мэддэггүй. Наад зах нь манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбай, үйлчлэх цэг байдаггүй. Тэд байнга хэн нэгнээс хараат байдаг. Эрх нь хязгаарлагддаг. Тиймээс дээрх асуудлыг ард түмэндээ бага ч гэсэн ойлгуулахын тулд энэхүү тайван жагсаалыг зохион байгуулж байна” гэв.
Энэ жагсаал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө хийгдэж буй хоёр дахь нөлөөллийн ажил юм. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Дорнод аймгийн Чойбалсан хотоос нийслэл хүртэл 655 км замыг мориор туулж байжээ. Аяллын талаар хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсоход Б.Батбаяр “Аялал 21 хоногийн турш үргэлжилсэн. Шантрах үе байсан ч аялал адал явдлаар дүүрэн байлаа. Морь унаж чаддаггүй болохоор ганц хоногт гуч гаруй км замыг мориор туулна гэхээр хүнд санагддаг байсан. Өдөр нь халууцаж, шөнө нь даарна. Ер нь бэрхшээл их байсан. Гэвч бид олуулаа, бидний зовлонг ойлгодог эцэг, эх болон холбооныхоо ах, эгч нартай хамт явсан болохоор даваад л гарсан. Тэгээд ч энэ арга хэмжээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд насан туршид нь тулгарч болох олон бэрхшээлийг давж гарах эр зориг, тэсвэр хатуужлыг өгч байгаа учир халуун нар, хүйтэн салхи юу ч биш мэт санагдсан” гэлээ.
Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүлд өсч, торниж байгаа нь харагдсан байна. Боловсролын түвшин, ажил олгогчдын ялгаварлан гадуурхах үзэл зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ядуурал руу хөтлөж байгаа юм.
Учир нь онцгой халамж хэрэгтэй сурагчдыг сургуулиуд хүлээн авах боломж, нийгмийн орчин бүрдээгүйгээс хүүхдүүдийн сурах эрх зөрчигдсөөр байна. Түүнчлэн хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын материал, тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан орох, гарах зам байдаггүй. Хамгийн гол нь бусад сурагчид тэднийг өвчтэй, тахир дутуу гэсэн нүдээр хардаг нь хүүхдийн эрхийг зөрчиж буйн илрэл билээ.
Нийгмийн халамжаас хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт cap бүр 31200 төгрөг өгдөг. Мөн хүүхдийн эмчилгээнд зориулж гурван сард нэг удаа 30 мянган төгрөг олгодог байна. Гэвч энэ нь тухайн хүүхдийн эмчилгээ, амьдралын зардалд хүрдэггүй болохыг эцэг эхчүүд хэлж байв. Үүнээс болж шаардлагатай эмчилгээг хийж чадаагүйн улмаас өвчлөл нь улам хүндэрч насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдол гарчээ.
Ийнхүү жагсаалын дараа холбооныхон УИХ-ын гишүүдтэй уулзаж хүүхдүүдэд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвшилцөхөөр Төрийн ордныг зорьсон юм.
Ер нь манай оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр тусмаа хүүхдүүд эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох зэрэг олон эрх зөрчигдөж байгаа нь нууц биш. Эдгээр хүүхдийг Монгол Улсын иргэнийх нь хувьд нийгмийн аливаа үйл ажиллагаанд бүрэн дүүрэн оролцох боломжоор хангах нь чухал. Үүний төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд, тэдний асран хамгаалагчид тэмцэх хэрэгтэй.
Б.Золжаргал
URL:













